2024 оны хоёрдугаар сарын 16-18-ны өдрийн цаг агаарын мэдээллийг танилцууллаа.

"Өнөөдөр/2024.02.16/ Фён салхины нөлөөгөөр Ховд аймгийн нутгаар салхи секундэд 28-34 метрийг давж, шороон шуурга шуурна.

Завхан аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болох нөхцөл бүрджээ.

Говь-Алтай, Увсын өмнөд Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-24 метрт хүрч, ширүүснэ.

Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн байна.

Баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, шуурна.

Хоёрдугаар сарын 17-нд баруун аймгуудын зарим, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын зарим газраар, 17-18-нд төв, говийн зүүн, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Хоёрдугаар сарын 17-ноос баруун болон төвийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар хүйтний эрч 10-20 градусаар чангарна. Цаг агаарын эрс тэс үзэгдэл болж байгаа тул иргэд болзошгүй эрсдэлээс сэрэмжлэхийг анхааруулж байна" хэмээн ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг мэдээллээ.

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээлснээр хоёрдугаар сарын 15-ны 23:15 цагийн байдлаар Улаангом-Ховд чиглэлийн авто замын Улаангом талаас 35-55 дахь км-т хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Зам хариуцагч “Увс АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсэг Цасны машин-1, Авто ачигч-1, Автогрейдер-1, Үйлчилгээний машин-1, ИТА-1, Замчин-5 бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.

Өлгий-Цагааннуур-Улсын хил чиглэлийн авто замд маш хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдаж, авто замд цас маш ихээр хунгарлагдаж,тээврийн хэрэгслүүд даваагаар давахад хүндрэлтэй байна.

ус чиглэлийн авто замын 42-43 дах км буюу Зээгтийн даваанд саатсан тээврийн хэрэгслүүдийг даваагаар гаргаж авто замд хунгарласан цасыг зам хариуцагч “Жол” ХХК-ийн шуурхай ажлын хэсэг Авто ачигч-2 бүрэлдэхүүнтэй зорчих хэсэг дээр тогтсон цасыг цэвэрлэхээр уртасгасан цагаар ажиллаж байна. Иймд тус чиглэлүүдэд зорчихгүй байхыг анхаарууллаа.

Нийт нутгаар их хэмжээний цас орж, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийхээр болжээ.