С.Амарсайхан: 14 аймгийн 47 сум цас, мөс ихтэй байгаагаас мал бэлчих боломжгүй, зам гаргах, өвс тэжээлээ татаж авч чадахгүй байна
2024/02/17
Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаас өвөлжилт, хаваржилтийн асуудлаар тодрууллаа.
-Засгийн газрын хуралдаанаар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Хаваржилтийн нөхцөл байдал амаргүй эхэлж байна. Тэр утгаараа Засгийн газрын зүгээс энэ хүнд цаг үеийг малчидтайгаа хамтдаа даван туулах бодлогыг барьж ажиллаж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумдуудад энэ хаврыг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлалаа. Хоёрдугаарт, орон нутгийн иргэдийн тэр дундаа малчдын орлогыг дэмжих, нэмэгдүүлэх, малын хорогдлыг багасгах, цаашлаад эдийн засгийн гол тулгуур болсон мал аж ахуйн салбарын бодлогыг шинэ түвшинд гаргах асуудлаар хэд хэдэн шийдвэр гаргасан.
-Тодорхой ямар шийдвэрүүд гаргасан бэ?
-Юуны өмнө импортоор орж ирж байгаа гурил, тэжээлийн татварыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ. Ингэснээр гурилын үнийг бууруулах, хөдөө хомсдоод байгаа өвс тэжээлийн хангалтыг нийлүүлэх асуудлыг ярьж байна. Нөгөөтэйгүүр, үндэсний хэмжээнд малчид, иргэдээ дэмжих аяныг зарлаж байна. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллага, үндэсний аж ахуйн нэгжүүдийг оролцуулан малчдад хаваржилтийг хүндрэл багатай даван туулахад нь туслах аяныг үндэсний хэмжээнд зарлаж байгаа гэсэн үг. Нийт иргэддээ хандаж хэлэхэд энэ хаврыг малчиддаа дор бүрнээ чадах чинээгээрээ туслаж, бие сэтгэлээрээ хамт байхыг уриалж байна.
-Малчиддаа туслах аян зарлалаа гэж байна. Аяны хүрээнд хандив цуглуулна гэсэн үг үү?
-Хандив гэхээс илүү бүх талын дэмжлэг туслалцаа чухал байгаа юм. Би сая хэллээ шүү дээ. Хавар хүндхэн болох нь ээ. Тиймээс хэн хүнгүй малчиддаа бие сэтгэлийн туслалцаа үзүүлэхийг уриалж байна. Нэн ялангуяа малчдын эрүүл мэндийн асуудал байна. Эрт илрүүлэг хамруулах ажлыг түргэн шуурхай хийх, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор малчдад туслах аяныг илүү зохион байгуулалттай хийх бодлогыг барьж ажиллаж байна. Мал аж ахуйн салбар гэдэг бол өөрөө хөдөө аж ахуйн эсвэл хэдэн малчдын асуудал огт биш. Энэ бол нийт монголчууд бидний амь амьжиргаатай холбоотой асуудал. Тиймээс хүнд цаг үеийг бид даван туулахын тулд хүн хүчээ нэмэгдүүлье гэж байгаа юм. Зам харгуй гаргахаас эхлээд хүн хүч дутаж байгаа салбар болгонд хүний оролцоог нэмэгдүүлье. Цаашлаад шаардлагатай арга хэмжээнүүд шат дараатай авна. Үүссэн хүндрэлтэй холбоотой зарим асуудлаар УИХ-ын тогтоолын төслийг ч боловсруулан өргөн барина.
-Яг одоогийн байдлаар 21 аймгийн хэд нь зудтай, хүндрэлтэй нөхцөл байдалд байна вэ?
-Энэ хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14 аймгийн 47 сум зудтай байна. Мөстэй, мал бэлчих боломжгүй, зам харгуй гаргаж чадахгүй байна. Өвс тэжээлээ ч татаж авах боломжгүй ийм байдалтай болсон. Мөн 135 сум цагаан зудтай байна. Нийтдээ улсын хэмжээнд 256 сум зудын нөхцөл байдалтай байгаа юм. Өнгөрсөн өвөл авч хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ энэ хаврын турш хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэж хэлж болно. Тиймээс малчид, иргэдэд туслах аяныг Засгийн газраас уриалж байгаа юм.
-Сонгууль ойртсон энэ үед аливаа нийтийн аян зохион байгуулах, хандив цуглуулах асуудлыг хуулиар хориглодог. Энэхүү малчдад туслах аян энэхүү хуулиар хэрхэн зохицуулагдах вэ?
-Энэ бол өвөлжилт, хаваржилтийн асуудал. Нөгөөтэйгүүр бидний өв уламжлал болсон нүүдэлчин ахуй, Монгол Улсын эдийн засгийн нэгэн тулгуур салбарыг эрсдэл багатай байлгахын тулд тэр сонгууль, улс төр үүнд ямар ч хамаагүй. Бидэнд ямар боломж байна тэр бүх боломжоо дайчлаад малчид, иргэддээ тусална.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ гэж байна. Тэгэхээр Улсын онцгой байдлын зүгээс яг ямар арга хэмжээ авч ажиллана гэсэн үг вэ?
-Цагаан сарыг хүртэл бид бэлэн байдлын түвшинд явж ирсэн. Харин нөхцөл байдал ийнхүү хүндэрсэн учраас цаашид шат ахиулж өндөржүүлсэн бэлэн байдал руу шилжиж байна. Учир нь цас, хур тундас их хэмжээгээр нэмэгдлээ. Шар усны үеэр болох эрсдэл өндөр байна. Тиймээс нийслэл орон нутаг гэлтгүй бүхий л газар нутагт өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж байгаа юм. Тэр утгаараа иргэд, малчидтайгаа хамтран хаа хаанаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулалтад орж авна гэсэн үг.
-Өвс тэжээлийн нөөц ямар байгаа вэ?
-Өнгөрсөн 10, 11 дүгээр сард хөнгөлттэй үнээр өвс, тэжээлийг аймаг, орон нутагт олгосон. Гэвч өнөөдрийн хувьд энэхүү нөөц хангалттай биш байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар импортоор орж ирж байгаа өвс, тэжээл, гурилыг татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Шаардлагатай бол УИХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төслийг өргөн барина. Нөгөөтэйгүүр улсын нөөцөөс өнгөрсөн жил бид 15 мянган тонн тэжээлийг хямдралтай үнээр малчиддаа нийлүүлсэн. Удахгүй дахиад зургаан мянган тонныг нийлүүлэх гэж байна.
-Зам харгуй хаагдсан асуудал их байна. Аймаг, орон нутгийн хувьд зам гаргах техникийн хүчин чадал ямар байдаг юм бэ?
-Яг одоогоор 21 аймгийн түвшинд зам гаргах шаардлагатай техникийг Батлан хамгаалах салбарын зохицуулалтаар шийдэж байгаа. Ер нь бол аймаг болгон харьцангуй өөр байна. Зарим аймгуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүд нь байхад заримд нь дутагдалтай байгаа. Хэдий техник, механизмууд байгаа ч гэлээ бүх сумдад хүрч ажиллах боломж ч хязгаарлагдмал байна. Тиймээс Улсын онцгой комисс, аймгийн онцгой байдлын комисстой хамтарч ажиллах, нэмэлт дэмжлэгүүдийг үзүүлэх асуудлыг ярьж байгаа. Сая хэллээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд орсон гэдэг бол бүх төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой нягт хамтран ажиллана гэсэн үг.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН
Зочин · 2024/02/19
ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА, ОНЦГОЙ БАЙДАЛ ҮНЭХЭЭР САЙН АЖИЛЛАЖ БАЙНА ШҮҮ
Зочин · 2024/02/19
Сүхбаатар, Дорнод аймгийн хил дагуу болон бичигт боомт хавьд хятадруу гаргах гэж хадсан их хэмжээний өвч байна гэж үнэн үү. тийм бол тэрийг нь малчиндаа тарааж өгвөл яаасан юм. хэдэн онд гэлээ онгоцоор хүртэл өвс тэжээл хүргэж малаа авч хамгаалж үлдсэн гэдэг юм билээ
эмээ · 2024/02/18
жагсаал хийгээд байдаг хэд зам даваа гаргахад орлцохгүй яагаа вэ
Зочин · 2024/02/17
DYRA TAWILTSI80955877
Зочин · 2024/02/17
TSAGN 80955877
Зочин · 2024/02/17
TSAVN S8095587
Зочин · 2024/02/17
DYYDLGN DYRN80955877
Зочин · 2024/02/17
80o55877
Зочин · 2024/02/17
44DSB XALYYN ERD8P955877
Зочин · 2024/02/17
S XN80955877