"Сор кашемир" ХХК зүүн гурван аймгийн малчдад 1.3 тэрбум төгрөгийг ноолуурын урьдчилгаа болгон шилжүүлж сэтгэлийн дэм хайрлажээ
2024/02/19
Өвөлжилт хүндэрч малчид зутруухан хаврыг угтаж байна. Ойрын өдрүүдэд цас ихээр орж цасан шуурганд олон малчид байгалийн гамшигт үзэгдлийн өмнө хүчин мөхөстөж буй.
Тэгвэл иргэд болон байгууллагууд малчин түмэндээ тусламжийн гараа сунгаж эхэллээ. Тухайлбал, "Сор кашемир" ХХК зуд нүүрлээд байгаа Зүүн гурван аймгийн малчдад ноолуурын урьдчилгаа өгч сэтгэлийн дэм хайрлажээ.
Энэ талаар "Сор кашемир" ХХК-ний гүйцэтгэх захирал Очгарьд "Сайн байцгаана уу? та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2024 онд өвөлжилтийн байдал нэн тааруу жил болж байна. Ялангуяа хөдөө орон нутгийн малчдад маань хахир хатуу жил тохиож байна. Манай Сор кашемир компани ноос, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хүнд цагт нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Энэ утгаараа хэцүү цагт манай компани Зүүн гурван аймаг руу ямар ч урьдчилгаа, барьцаагүй, хүү, шимтгэлгүйгээр 1,3 тэрбум төгрөгийг ноолуурын урьдчилгаа байдлаар шилжүүллээ.
Манай компанитай хамтран ажилладаг малчдад энэ мөнгө тус дэм болон очно байх аа. Нийт монголчууд бүгдээрээ нэгдэн хахир өвлийг өнтэй давахыг уриалж байна. Хэл, хил, малтайгаа байхад монголчууд алзахгүй ээ" гэлээ.