Зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ
2024/02/25
Засгийн газрын зургаан сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг зудын нөхцөл байдалтай аймгуудад ажиллаж, улсын нөөцөөс гаргаж буй өвс тэжээлийг хүргэж байна.
Энэ ажлын хүрээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Жаргалан, Чандмань, Тайшир сум, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Баянтэс, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумдад ажиллажээ.
Улсын нөөцөөс Завхан аймагт 400 тонн, Говь-Алтай аймагт 200 тонн тэжээл, хүнсний багцыг үнэ төлбөргүй олгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын баг үзүүлсэн байна.
Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн найман сумын өвөлжилт хүндрэх “маш их эрсдэлтэй” гэсэн дүгнэлт гарсан бол Завхан аймгийн Нөмрөг, Отгон, Тэс, Тэлмэн зэрэг суманд төмөр зуд болж, 17 сумын 54 багт зам даваа хаагдсан аж.
Завхан аймагт сар шинийн өдрүүдээс хойш тасралтгүй шуурч, зарим сумдад өдөртөө 40 хэмийн хүйтэн байгаа нь төмөр зуд болох эрсдэлийг улам нэмэгдүүлжээ. Тус аймагт 45 мянга гаруй мал зүй бусаар хорогдож, мал, малчид туйлдаж байгааг аймгийн Онцгой байдлын газраас танилцуулсан. Малчид өмнөх жилүүдийнх шигээ өвс тэжээлээ бэлдсэн ч эрт цас орсны улмаас аль хэдийн дуусгасан талаар ярьжээ.
Мөн зудтай байгаа аймгуудын ЕБС-ийн сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар санал хэллээ.
Харин ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Тэжээл, гурилын импортын татварыг тодорхой хугацаанд тэглэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр товлож байна. Зудын нөхцөл байдалтай байгаа аймаг орон нутгийн сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтын хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ” гэв
Зочин · 2024/02/25
TANILTSI ZYGAAYSI80955877
Зочин · 2024/02/25
44DSH AXN XUSLR80955877
Зочин · 2024/02/25
DYRA S XALYYTSMR80955877