УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Энэ жилийн сонгууль бүх талаараа өөр арга барилаар явагдана. Учир нь Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг төрийг төвхнүүлэх эрх зүйн систем бүхэлдээ өөрчлөгдсөн.

Юун түрүүнд УИХ-ын 126 гишүүнийг иргэд, улс төрийн намууд гаргаж ирнэ. Ингэхдээ 76 гишүүнийг нь тойргоос ард түмэн сонгоно. Харин улс төрийн намууд үлдсэн 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргачлалаар гаргаад ирнэ.

Гол нь сонгууль яаж явагдах вэ. Тойргийн хувьд бүсчилсэн системээр гэж байгаа. Нэг бүсээс 3-10 хүн гарч ирэхээр хуульчилсан. Тэр утгаараа горилогчид аль хэдийнэ бүс бүс рүүгээ очиж, сонгогчдодоо таалагдах ажлаа эхлүүлчихсэн. Харин намын жагсаалтаар орох хүмүүсийн хувьд хамгийн чухал нь мөнгө болсон уу гэлтэй. Томсгосон тойрогт нэр дэвшиж ялахын тулд улстөрчдийн хувьд ч, намын хувьд ч асар их мөнгө, санхүүжилт босгох шаардлагатай. Тиймээс өмнөх шигээ 100, 500 сая төгрөг өгөөд намын жагсаалтад орно гэж горьдолтгүй ажээ. Намын жагсаалтын ханш зөвхөн өнөөдөр яригдаж байгаа шинэ сэдэв огт биш. Он гарахаас ч өмнө зарим улс төрийн намууд ханшаа тогтоогоод эхэлчихсэнийг мэдэхгүй хүн гэж байхгүй. Тухайлбал, ХҮН намын жагсаалтын хоёрт бичигдэх ханш зургаан тэрбум төгрөгөөс эхэлж байгааг улс төрийн хүрээнд ил тод ярих болж.

Тус намын хувьд энэ сонгуулиар УИХ-ын ганц суудлаа нэлээд өсгөх боломжтой гэдэг. Тэр утгаараа намын жагсаалтын 1-5-д бичигдэх ханш багадаа дөрвөн тэрбум төгрөг байхаар байна. УИХ-д нэг суудалтай ХҮН намын ханш ийм байхад нөгөө хоёр том намын хувьд ямар ханштай гэдэг нь тодорхой биз. Сонгуулиар манай нам хэд орчим хувийн санал авах уу, түүнийгээ хувь тэнцүүлсэн байдлаар бодоход намаасаа тэд орчим хүн УИХ-д суулгах нь гэдэг тооцооллоо энэ хоёр том нам хэдийнэ хийчихсэн байгаа.

Улс төрийн хүрээнд болон судлаачдын хэлж байгаагаар энэ сонгуульд МАН-ын жагсаалтын эхний 20-д бичигдсэн улстөрчдөд УИХ-д суух магадлал өндөр байгаа аж. Харин АН-ын хувьд 10 суудал. Бусад намуудын хувьд үлдсэн 18 суудлыг хувааж орж ирэх бололтой гэнэ. Тэгэхээр ХҮН намын жагсаалтын хоёрт бичигдэх ханш зургаан тэрбум юм бол МАН-ын хоёрт бичигдэх ханш 20-30 тэрбум байж мэдэх нь. Хоёроос хойшоо буюу 5-10 дугаар байр бол 10-15 тэрбум, 10-20 дугаар байрт бичигдэх бол 4-10 тэрбум гэх мэт жагсаалт нь 40 хүртлээ үнэ ханш нь өөр өөр байх бололтой. АН-ын хувьд жагсаалтын хоёрт бичигдэх ханш нь 15-20 тэрбум төгрөг гэх.

Мөн түүнээс хойш жагсаалтын тоо нэмэгдэх тусам үнэ ханш нь багасах эдийн засгийн тооцоолол харагдаж байна. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар улстөрчид намын жагсаалтад орох бол дундаж доод ханш дөрвөн тэрбум төгрөгөөс эхлэхээр байгаа юм. Улс төрийн хүрээнд яригдаж байгаа энэхүү ханшийн мэдээлэл үнэн бол 4-10 тэрбум төгрөгтэй байхад л аль нэг улс төрийн намын жагсаалтын эхний 10-т бичигдэх боломжтой ажээ.

Э.МӨНХТҮВШИН