Улсын хэмжээнд 3 сая мал хорогджээ
2024/03/05
УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УОК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Хаваржилтын нөхцөл байдлын талаар УОК-оос тогтмол мэдээлэл өгч байгаа. ЦУОШГ-аас зудын эрсдлийн үнэлгээг гаргасан. Хоёрдугаар сарын 29-ны байдлаар 11 аймгийн 50 суманд төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. Нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүнд байна. Малын хорогдол улсын хэмжээнд гурван сая 89 мянгад хүрээд байна.
11 аймгийн 46 суманд ам бүл цөөтэй, цасанд дарагдсан малчин айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний анги, байгууллагуудаас алба хаагчдын томилон ажиллуулж байгаа. Хоёрдугаар сарын 27-ноос эхлээд Дорнод, Төв, Сүхбаатар аймгийн 15 сум руу 21 техник хэрэгсэл, 214 алба хаагчийг томилон ажиллуулж байна. Эдгээр албан хаагч өнөөдрийн байдлаар 142 айл өрхийн гэрийг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан.
Мөн 4097 иргэнийг түлээ түлшээр, 6261 өрхөд эрүүл мэндийн тусламж, 1733 өрхөд хоол хүнсний тусламж үзүүллээ. Түүнчлэн нийт 58 мянга гаруй малчин өрхөд өвс, 66 мянга гаруй малчин өрхөд тэжээл хүргэсэн. Уг үйл ажиллагаанд давхардсан тоогоор 1433 алба хаагч, 369 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ. Өнөөдрийн байдлаар 89150 км зам гаргах ажлыг зохион байгууллаа" гэлээ.