Улс төр их л хачин, ажин түжин байна. Уг нь сонгууль ойртчихсон. Ердөө гурван сарын дараа сонгуулийн санал хураалт болно. Урьд нь, өдийд өрсөлдөөд хэдийнэ эхэлчихсэн байдаг үе л дээ. Гэхдээ удахгүй далд байсан “улс төр”-үүд ил гарч ирэх бололтой. Учир нь, намууд сая ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн.

Энэ үеэр том намуудтай холбоотой хэд хэдэн зүйл ажиглагдав. Далд “эвсэл”-үүд ил болох шиг боллоо. Өөрөөр хэлбэл, МАН дахь, АН дахь “салалт, нэгдэлт”-үүд олны өмнө гарч ирэв. Улмаар, энэ нь “...Хаврын улс төр одоо л эхэлж, халуурах нь” гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэв.

 

Ер нь бол МАН-ынхан хэдийнээсээ дотоод зөрчлөө савандаа барьдаг зуршилтай. Яригдаад л байдаг. Тэр нь ил гардаггүй юм. Харин саяын арга хэмжээний үеэр МАН-д томоохон “салалт” болсныг олон нийт хараад авлаа. Тодруулбал, Н.Номтойбаярыг эвслийнхээ мөрийн хөтөлбөрийг ҮАГ-т өгөхөд МАН дахь Хотын фракцад нэр нь багтаж явдаг зарим хүн үзэгдэв.

 

АН-д бол “эргэн нэгдэлт” явагдаж, тус намынхан улам зузаарч буй бололтой. Бололтой ч гэж, “...АН-д Х.Баттулга нөлөөгөө тогтоосон” гэдгийг улс төрийн хүрээнд, ер нь хаа сайгүй л ярьж байна. Тэгж яриад удаж байна.

 

Энэ ч аргагүй юм. АН-ын хэд хэдэн бүтцийн байгууллага МоАх буюу Х.Баттулгын хүмүүсийн удирдлагад очсон. Тэгэхээр Х.Баттулга АН-д нөлөөтэй гээд тус намын удирдлагын үйл ажиллагаанд шууд оролцохгүй ч АН-ын одоогийн дарга нар түүнтэй зохих түвшинд “ярих” хэрэгцээ үүссэн гэсэн үг. Тиймээс ч намаасаа салж одсон олон гишүүн нь буцаж очиж байгаа аж. 

 

Түүнчлэн АН ч юм шиг, бие даагч ч юм шиг олонд ойлгомжгүй явж ирсэн Н.Алтанхуяг намдаа эргэж нэгджээ. Цагтаа АН-ыг удирдаж, ялалтад хүргэж, Ерөнхий сайдаар ажиллаж явсан энэ эрхэм тус нам дахь “Алтангадас” фракцыг толгойлдог байв. Хэдийгээр “Алтангадас” нь албан ёсны үйл ажиллагаа явуулахгүй ч улс төрд олон жил бараандаа явсан хүмүүс нь АН-аа бараадаад эхэлсэн байна. Энэ нь “хүргэн” Г.Дэнзэнгийн АН дахь улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа зэргээс тодорхой л харагдаж байна. АН-ын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга тэрбээр намынхаа УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалжээ. Тус ажлын хэсэг дээр хэлсэнчлэн мөрийн хөтөлбөрөө Х.Баттулга нарын боловсруулсан хөтөлбөр дээр суурилуулсан. Түүний­гээ “Бүтэн Монгол Бүрэн Ард­чилал” хэмээн нэрийдсэн. Г.Дэнзэн мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг ахалж, мөрийн хөтөлбөр нь “Бүтэн Монгол” нэртэй болсон зэрэг нь АН-ынхны “эргэн нэгдэлт”-ийн хүрээнд хийгдсэн бололтой юм. Түүнээс гадна, улстөрчийн хувьд ам нь болдоггүй Н.Алтанхуяг “ах” намынхны дургүйг хүргэсээр Хөгж­лийн банкны хэрэгт уягдсан. Гэсэн ч хоёр шатны шүүх түүнийг цагаатгаж, “..Намайг хэлмэгдүүлэхийг оролдож байна” гэснийг нь нотолж өглөө. Ямартай ч улс төрийн хүрээнд “…АН-д Н.Алтанхуягийнхан эргэж иржээ” гэж яригдаад байгааг дээрх үйл явд­лууд­тай холбож ойлгож болохоор байна.

 

 

Б.Гарьд 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин