Нийслэлд 14, орон нутагт 2 байршил шар усны үерт автсан гэв
2024/04/02
Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.04.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Монгол орны нийт нутгийн 30 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна. Цасны дундаж долоон см байна. Үлдсэн 70 хувь цасан бүрхүүлгүй байна гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Зудын нөхцөл байдлын үнэлгээ 2024 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гарч, зургаан аймгийн 20 сум төмөр зудтай, 16 аймгийн 85 сум цагаан зудтай, 12 аймгийн 40 сум болон нийслэлийн хоёр дүүрэгт зудархуу нөхцөл байдалтай байсан бол энэ үнэлгээ өнөөдөр шинэчлэгдэнэ. Үнэлгээний дүн маргааш гарна. Цаг агаар дулаарч, зудын эрсдэлт нөхцөл байдал буурсан. Нийт нутгийн 10 хүрэхгүй хувьд зудын эрсдэлтэй байна гэсэн мэдээлэлтэй байгаа.
Энэ жил цас их орсон учраас цасан дахь усны нөөц хэмжээ 4.30 шоо километр байна.
Энэ он гарсаар нийслэл болон есөн аймгийн 13 суманд голын усны халианд автсан дөрөв, шар усны үерт автсан 81 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс үерийн усанд хоёр орон сууцны В1 давхар, төрийн байгууллагын зоорийн давхар, хоёр нүхэн гарц, нэг аж ахуйн нэгж байгууллагын тариалалтын талбай, 18 байшин, 41 гэр, 48 хашаа, таван саравч, нэг төмөр замын байгууламж, дөрвөн авто замын зорчих хэсэг, гүүрэн байгууламж, нэг цэвэр усны байгууламж, хоёр цахилгааны байгууламж усанд автсаныг аюулгүй болгосон. Өчигдрийн байдлаар нийслэлд 14, орон нутагт хоёр гээд нийт 16 байршилд шар усны үер бууж, усанд автсан гэх дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн.
Улсын хэмжээнд нийт малын хорогдол 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар шинэчлэгдсэн. Энэ тоон мэдээлэл Пүрэв гаригт гарна. Нийт 5.9 сая мал зүй бусаар хорогдсон. Энэ нь оны эхний нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа. Малын хорогдол хамгийн их байгаа аймаг нь Сүхбаатар, Хэнтий, Архангай, Дорноговь, Төв, Хөвсгөл, Дундговь, Дорнод. Мэргэжлийн байгууллагууд нийт 169981 иргэнд малчин өрхүүдэд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Хандивын хувьд, нийт 3.6 тэрбум төгрөг цуглараад байна" гэлээ.