Олон улсын авлигатай тэмцэх “Транспаренси Интернешнл”[1] төрийн бус байгууллагын 2023 оны авлигын индексээр Монгол Улс 180 орноос 121-т жагсав. 2012-2016 онд өсөлттэй байсан үзүүлэлт 2017-2023 оны хооронд тогтвортой буурч байна.[2]

Стокгольмын их сургуулийн эрх зүйн танхимаас гаргасан тодорхойлолтоор[3] “Системтэй авлигын гол хохирогч нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үндсэн суурь болсон хууль дээдлэх ёс болдог”. Цаашлаад, нийгэмд авлига хэвийн үзэгдэл болсон цагт төрийн монопол эрхийг үүсгэж, улмаар төр, төрийн албан хаагчид эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх, хүнд суртал газар авдаг.

 

Хууль дээдлэх ёс гэж юу вэ?

 

“Хэн ч хуулиас дээр байх ёсгүй!”[4] Энэ бол хууль дээдлэх ёсны бүх тодорхойлолтод тусгагдсан цөм үзэл санаа юм. “World justice project”-ын тодорхойлсноор[5] хууль дээдлэх ёс нь эрх зүйн, институт, хэм хэмжээний болон нийгмийн хариуцлагын бат бөх систем бөгөөд дөрвөн нийтлэг зарчмыг хангадаг. Үүнд: хариуцлага, шударга хууль, нээлттэй төр, хүртээмжтэй болон шударга шүүх юм. Британика их толинд тодорхойлсноор[6] хууль дээдлэх ёс нь иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байхыг дэмжсэн механизм, процесс, институц эсвэл хэм хэмжээ бөгөөд төр эрх мэдлээ хэтрүүлэн/дураараа хэрэгжүүлэхээс урьдчилан сэргийлэхийг зохицуулах зорилготой аж. Дээр дурдсан болон бусад эх сурвалжуудын томьёоллоор хууль дээдлэх ёс гэдэг нь улс төрийн төгс тогтолцлоо бөгөөд тухайн улсын иргэд, институциуд, хууль тогтоогчид болон улс төрийн лидерүүд, нийгмийн бүлгүүд бүгд нэг хуулинд захирагдахыг ойлгодог байна.

 

Хууль дээдлэх ёс ба эдийн засгийн хөгжил

 

Хууль дээдлэх ёс нь зах зээлийн эдийн засгийн амин чухал суурь бөгөөд баялаг, эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжил болоод амьжиргааны түвшний өсөлтийг бий болгодог нэн чухал орчныг бүрдүүлдгийг судлаачид[7] санал нэгтэйгээр нотолдог. Эдийн засгийн хөгжил олон хүчин зүйлээс хамаарах ч хууль дээдлэх ёсны хэрэгжилтийг хангах асуудал нь түлхүүр хүчин зүйлийн нэг мөн. Хууль тодорхой, хүртээмжтэй, шударга, хүчин төгөлдөр байж, нийгмийн бүх гишүүнд ижил тэгш үйлчлэх ёстой билээ.

 

Дэлхийн банкны 2005 оны илтгэлд улс, үндэстний баялгийн гол хөшүүрэг нь хууль дээдлэх ёс гэж тодотгосон бөгөөд нийгмийн бүх оролцогч нийтээр дагаж мөрдөгддөг дүрмийн дагуу өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөлтийг зохицуулан хэрэгжүүлэх боломжийг олгодог ба энэ нь эдийн засаг болоод улс төрийн эрх чөлөөний гол бүрэлдэхүүн хэсэг хэмээн дурдсан байна.

 

Харвардын их сургуулийн профессор Лон Л.Фюллер “The Morality of Law”[8] бүтээлдээ хууль дээдлэх ёсыг баримталснаар яаралтай, тухайн асуудалд л тохирсон[9] шийдвэр гаргах, хүртээмжгүй, зөрчилтэй, байнга солигддог хууль батлагдах, хэрэгжихээс урьдчилан сэргийлдэг. Хууль дээдлэх ёсны хэрэгжилтийг хангахгүй байснаар эдийн засгийн өсөлт, хөгжлийг цогцлоодог институциудыг чөдөрлөдөг гэжээ.

 

Эрх чөлөөтэй, хөгжингүй нийгмийг бүтээх үндсэн зарчим нь хууль дээдлэх ёс бөгөөд төрийн байгууллагууд тэр дундаа шүүх, цагдаа зэрэг хууль сахиулах байгууллагууд бүгд хууль дээдлэх ёсны хэрэгжилтийг хангаснаар л эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

 

Олон улсын авлигатай тэмцэх “Транспаренси Интернешнл” төрийн бус байгууллагын 2023 оны авлигын индекс дэх манай улстай зарим талаар /пост-социалист/ ижил төстэй хоёр орны жишээг товч авч үзвэл:

 

  • Эстони улс авлигын индексээр 12, хууль дээдлэх ёсны индексээр 9 дүгээр байрт жагсаж байна.
  • Латви улс авлигын индексээр 36, хууль дээдлэх ёсны индексээр 22 дугаар байрт жагсаж байна.

 

Эстони улсын хувьд хууль дээдлэх ёсыг үндэсний хэмжээнд бэхжүүлэхэд эрх зүйн салбартаа цахим шийдлийг нэвтрүүлсэн нь гол хүчин зүйлийг нэг болсон гэж үздэг.

 

Тодруулбал: Иргэд төрийн, тэр дундаа эрх зүйн үйлчилгээг цахимаар аюулгүй, шуурхай авах дижитал ID системийг нэвтрүүлсэн. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү хүртээмжтэй болжээ. Цаашлаад, цахим шүүхийн систем нь шүүхийн үйл ажиллагааг ил тод, оролцоог бүрэн хангасан, иргэдэд хүртээмжтэй болгож, баримт бичгийн цахим бүрдүүлэлт, тухайн хэргийн хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагаа цахимаар явагдсанаар шүүхийн үйл ажиллагааг бүхэлд нь сайжруулсан байна. Энэ нь иргэдийн шүүх болоод эрх зүйн системд итгэх итгэлийг бэхжүүлсэн бөгөөд тус улсаас цахим хөгжүүлэлтийг хийхийн хажуугаар хууль дээдлэх ёсны хэрэгжилтийг хангах хүрээнд цахим орчин дахь хүний эрхийг хамгаалахад мэдээллийн нууцлал, цахим аюулгүй байдлын үр дүнтэй шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Ийнхүү хууль дээдлэх ёсны хэрэгжилтийг үндэсний хэмжээнд шинэлэг арга замаар хангаж, эрх зүйн системийн ил тод байдал, гэрээ, хамтын ажиллагааны үр дүнтэй хэрэгжилт, хөрөнгийн баталгаатай байдал, шударга өрсөлдөөн, авлигаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авсан нь тогтвортой, урьдчилан харах боломжтой эрүүл бизнесийн орчныг бүрдүүлж, улмаар хөрөнгө оруулагчдын итгэлд мөн нэн таатай нөлөөлжээ. Бүхэлдээ Эстони улсад хууль дээдлэх ёсны хэрэгжилт өндөр түвшинд хангагдаж, энэ нь тус улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

 

Латви Улсын хувьд хууль дээдлэх ёсыг үндэсний хэмжээнд бэхжүүлэхдээ шүүх байгууллагын бие даасан, ил тод байдалд гол анхаарлаа хандуулжээ. Ингэхдээ, шүүгчдийг гаднын нөлөөнөөс ангид байлгах, хууль, нотлох баримтад тулгуурлаж шийдвэрээ гаргах, шүүгчдийн томилгоонд ил тод, мерит зарчмыг чанд мөрдсөн механизмыг бий болгож, улмаар шүүх байгууллагын бие даасан байдалд иргэдийн итгэлийг нэмэгдүүлж чаджээ.

 

Хууль дээдлэх ёсны хэрэгжилтийн гол хүчин зүйл болох авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд тус улс үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлж, хувь хүн, байгууллага болоод нийгэмд эзэлж буй байр суурь, хөрөнгө чинээ, албан тушаалаас үл хамааран авлигын хэрэгт холбогдсон хариуцлагыг шударга, ижил тэгш хүлээлгэж байна.

 

Энэхүү хөгжлийг бүрдүүлэхийн тулд эрх зүйн шинэчлэл хийж, эрх зүйн хамтын ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хуулийн тодорхой, тогтвортой, хэрэгжилт бүрэн хангагдсан байдлыг бий болгож чадсан байна. Бүхэлдээ Латви улс нь хууль дээдлэх ёсны хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хангахдаа шүүх байгууллагын бие даасан байдлыг хангаж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимтэй явуулж, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж, ил тод, хүртээмжтэй байдлыг бий болгосноор ардчилал, хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалж, бүх нийтэд ижил тэгш, шударга үйлчлэх эрх зүй системийг цогцлоож байна.

 

Хууль дээдлэх ёсыг үндэсний болоод олон улсын түвшинд бэхжүүлэх

 

Олон талт хамтын ажиллагааны хүрээнд хууль дээдлэх ёсыг үндэсний болон олон улсын түвшинд бэхжүүлэх асуудлыг онцгой анхаарсаар ирсэн. НҮБ хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх асуудлаар хэд хэдэн өндөр түвшний чуулга уулзалт зохион байгуулж байсан бөгөөд заримыг дурдвал:

 

Үндэсний болоод олон улсын түвшинд хууль дээдлэх ёсыг хэлэлцэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний чуулга уулзалтыг 2012 онд зохион байгуулсан. Тус чуулга уулзалтаар гишүүн орнууд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж, олон улсын энх тайван, аюулгүй байдал, шударга ёсны зарчмыг ханган, хамгаалах талаар хэлэлцэж байв.

 

2013 онд хууль дээдлэх ёсны талаарх өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэх болон нийгмийн хөгжлийг хангахад хууль дээдлэх ёсны ач холбогдол, үүргийг гишүүн орнууд хэлэлцэв. 2015 онд зохион байгуулсан НҮБ болон бүс нутгийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх өндөр түвшний чуулганаар гишүүн орнууд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, энхийг цогцлоох асуудлыг хэлэлцэв. 2018 онд хууль дээдлэх ёсыг хэлэлцэх өндөр түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж, гишүүн орнууд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, хүний эрхийг ханган хамгаалах, үр дүнтэй засаглалыг бий болгоход хууль дээдлэх ёсны хэрэгжилтийн ач холбогдол, үүргийг хэлэлцэв. Энэ үеэр нийт гишүүн орнууд хууль дээдлэх ёсны хэрэгжилтийг хангах нь НҮБ-ын Дүрмийн суурь зарчим гэдэг дээр санал нэгдэж байв.

 

Эдгээрээс гадна НҮБ-ын Ерөнхийн Ассамблейн Эрх зүйн хороо Хууль дээдлэх ёсыг үндэсний болоод олон улсын түвшинд бэхжүүлэх тухай тогтоолыг жил бүр хэлэлцэж нийтийн зөвшилцлөөр баталдаг юм. НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш “Бидний нийтлэг зорилго”[10] илтгэлээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр танилцуулсан бөгөөд тус илтгэлд Хууль дээдлэх ёсны талаарх шинэ хэтийн зорилтыг[11] дэвшүүлжээ. Улмаар ЕБНД НҮБ-ын Эрх зүйн алба[12], ЕНБД-ын ажлын албаны хууль дээдлэх ёсны асуудлыг эрхэлсэн тасаг[13], Хууль дээдлэх ёсны ерөнхий зохицуулагч[14] хамтарч шинэ хэтийн зорилтыг боловсруулахыг тогтоов. Энэхүү шинэ хэтийн зорилт нь НҮБ дахь хууль дээдлэх ёсны “алтан гадас од” нь болох ба гишүүн орнуудын хүсэлтээр техникийн дэмжлэг үзүүлэх, чадавхыг бэхжүүлэх болон шаардлагатай бусад дэмжлэг үзүүлэхэд гишүүн орнууд болон НҮБ хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог эрчимжүүлэх заавар болох юм.

 

Хууль дээдлэх ёсны индекс ба Монгол Улс

 

Дээр дурдсанчлан, авлигын индексээр манай улс 180 орноос 121-д жагссан бол хууль дээдлэх ёсны индексийн үзүүлэлт харилцан адилгүй байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, World Justice Project байгууллагын Хууль дээдлэх ёсны 2023 оны индекст[15] Монгол Улс нийлбэр үзүүлэлтээр 142 орноос 64-т жагссан. Үүнд:

 

  1. Засаг, захиргааны эрх мэдлийн хязгаарлалт – 71
  2. Авлига – 86
  3. Засаг, захиргааны нээлттэй байдал – 74
  4. Суурь эрх, эрх чөлөө – 69
  5. Аюулгүй байдал болон хэв журам – 58
  6. Хэм хэмжээний хэрэгжилт – 79
  7. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх – 66
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх – 58
  9. 2020 онд уг жагсаалтад 58-д, 2021 онд 61-д, 2022 онд 62-т жагсаж тогтмол ухарсан үзүүлэлттэй байна.

 

Харин TheGlobalEconomywatch.com[16] судалгааны байгууллагын 1996-2022 оны индекст Монгол Улс нийлбэр үзүүлэлтээр 193 орноос 103-т жагссан. Үүнд:

 

  1. Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн – 121
  2. Авлигатай тэмцэх үйл ажиллагаа – 124
  3. Хууль, дүрэм, журмын чанар – 108
  4. Үзэл бодлоо илэрхийлэх, хариуцлага – 79
  5. Улс төрийн тогтвортой байдал – 65
  6. Авлигын үзүүлэлт – 117
  7. Улс төрийн эрх чөлөө – 172
  8. Иргэний эрх, эрх чөлөө – 133
  9. Өрсөлдөх чадвар – 102
  10. Бизнес эрхлэхэд гарах хөрөнгө оруулалт – 149
  11. Далд эдийн засаг – 139

 

Мөн Дэлхийн банкны 2022[17] оны хууль дээдлэх ёсны үзүүлэлтээр Монгол Улс  -0.2 үзүүлэлттэй гарав. Зарим орнуудтай харьцуулбал:

 

  1. Эстони /1.4/
  2. Сингапур /1.8/
  3. Латви /0.8/
  4. Япон /1.6/
  5. ОХУ /-1.2/
  6. БНХАУ /0.0/
  7. БНСУ /1.2/
  8. АНУ /1.4/ гэсэн үзүүлэлттэй байна.

 

Дэлхийн банк хууль дээдлэх ёсны хэрэгжилтийн индексийг гаргахдаа хуулийн хэрэгжилт, гэрээ, хэлэлцээрийн биелэлт, хөрөнгийн эрх, баталгаа, цагдаа, шүүхийн үйл ажиллагаа болон гэмт хэрэг, зөрчлийн гаралт зэрэг дээр үндэслэн -2.5-аас 2.5 оноогоор хэмждэг байна.

 

Авлигын индекст нөлөөлж буй хүчин зүйлс

 

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанд 2023 оны байдлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 569 авлигын хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь 2022 онтой харьцуулахад 19.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна[18]. Үүнээс 423 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 99 нь хахууль авах, 53 нь хахууль өгөх, 24 нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 8 нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 19 нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байжээ. Гэмт хэргийн өсөлтөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 16.2 хувиар өссөн байдал голлон нөлөөлсөн гэж тус хорооноос үзжээ.

 

Үндэсний статистик тоон мэдээлэл болон “Transparency International” ТББ-ын сүүлийн 4 жилийн үзүүлэлт харьцангуй ижил хандлагатай байгаа бөгөөд бүхэлдээ авлига, хээл, хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг нэмэгдэж, улмаар авлигын индексийн жагсаалтад манай улсын байр тогтмол ухрах хандлагатай байгаа нь харагдаж байна.

 

Цаашлаад, манай улсад хууль дээдлэх ёсны гол зарчмууд хэрэгжиж байгаа эсэхэд үнэлгээ өгсөн гаднын орнуудын зарим судалгааг[19] үзвэл:

 

Авлигын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнтэй байгаа эсэх?

 

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар дахь төрийн оролцоотой холбогдуулж авлигын нөхцөл байдал Монгол Улсад дордож эхэлсэн. Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд холбогдох байгууллагын үйл ажиллагаа шүүмжлэлд өртөж байна. Авилагтай тэмцэх үйл ажиллагаа 2022 онд төдийлөн үр дүнгээ өгөөгүй гэж үзэж болох бөгөөд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн авлигын хэрэгтэй холбоотой асуудлаар эсэргүүцлийн жагсаалууд болсон ч үр дүнд хүрсэн эсэх нь тодорхойгүй байна гэжээ.

 

Монгол Улсын төр, засгийн үйл ажиллагаа нээлттэй байж чадаж байна уу?

 

Төр, засгийн үйл ажиллагааны ил тод болон хариуцлагатай байдлыг зохицуулсан хууль, эрх зүйн орчин бий ч хэрэгжилт доголдож байна.

 

Үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хангагдаж байна уу?

 

Хэвлэлийн эрх чөлөөг ерөнхийдөө хүндэтгэж байгаа ч 2021 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглалтаар ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн улс төрчийн санхүүжилтээс хамаарч тохирсон нийтлэл, сурталчилгаа болон өнцгийг нийтэд хүргэдэг байх магадлалтай гэж үзжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “бодит” эзэмшигчид бүрхэг хэвээр байна.  

 

Шүүхийн байгууллагын бие даасан байдал хангагдсан уу?

 

Шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосны дагуу Ерөнхийлөгч томилдог бөгөөд энэ эрхээсээ 2021 онд татгалзана гэсэн ч одоогоор хуульчлагдаагүй байна. Авлига болон улс төрийн нөлөө шүүгчдийн өдөр тутмын ажилд анхаарах асуудал хэвээр байсаар байна гэж үзжээ.

 

Харин Зүүн Азийн хүрээлэнгийн[20] 2023 онд гарсан нийтлэлд[21]:

 

  • Конрад Аденауэрийн сан болон Шинжлэх ухааны академийн хамтарч 1994 онд олон нийтийн дунд хийсэн судалгаанд шүүх нь хамгийн авлигажсан байгууллагын нэг гэсэн үзүүлэлт гарч байжээ.
  • Шүүхийн шинэчлэл хөтөлбөрийн хүрээнд 2005 онд нийтийн дунд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын 90 хувь нь шүүхийг нөлөө бүхий болон хөрөнгөтэй хүмүүст таатай шийдвэр гаргадаг гэсэн үр дүн гарч байсан байна.
  • Нээлттэй нийгэм форумын 2008 онд эрх зүйч, мэргэжилтнүүдийн дунд хийсэн судалгаагаар нийт судалгаанд оролцогчдын 54 хувь нь шүүхийн бие даасан байдал Монгол Улсад хангагдаагүй гэж үзжээ. Цаашлаад шүүхэд бусад төрийн байгууллага болон улс төрчдийн нөлөө өндөр гэж 42 хувь нь үзэв.
  • The Asian Barometer-ын 2018 оны судалгаанд олон нийтийн шүүхэд итгэх итгэл 36.7 хувьтай гарав. Энэ үзүүлэлт нь олон нийтийн парламентад итгэх итгэлийн үзүүлэлтээс яльгүй дээгүүр /34.7/, олон нийтийн Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад итгэх итгэлийн /68.0/ үзүүлэлтээс хавьгүй доогуур дүн гарав.
  • Сант Марал сангийн 2007 болон 2022 оны судалгаанд The Asia Barometer-ын судалгааны үзүүлэлттэй харьцуулахад олон нийтийн шүүхэд итгэх итгэл яльгүй дээгүүр гарсан ч шүүхэд итгэх итгэл бусад төрийн байгууллагуудад итгэх итгэлээс хавьгүй доогуур гэсэн ижил хандлага ажиглагджээ.

 

сонин mn

Цаашлаад, Зүүн Азийн хүрээлэнгийн 2023 онд гарсан нийтлэлд шүүхийн хараат бус байдлын талаар дүгнэхэд Хөгжлийн банк болон бусад авлигатай холбоотой онц ноцтой хэргүүдийг хэрхэн шийдвэрлэснийг харах шаардлагатай гэжээ. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд зохицуулсан ч хэрэгжилт тал дээр асуудалтай хэвээр байна.

 

Тодруулбал, шүүгчийн томилгоонд улс төрчдийн нөлөө байсаар байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл шаардлагатай сонгон шалгаруулалтыг явуулж шүүгчдийг санал болгож, Улсын их хурал нэр дэвшүүлдэг ч Ерөнхийлөгч томилох эрхийг эдэлдэг. Нэг талаас Шүүхийн ерөнхий зөвлөл шаардлагатай судалгаа, сонгон шалгаруулалтыг хийж байгаа тул энэ процесс бие даасан, хараат бус гэж үздэг ч нөгөө талаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /2021/ үзэж буйгаар шүүхийн бүтэц, шүүгчдийн эрх зүйн байдал, томилгоо, чөлөөлөх асуудалд Ерөнхийлөгчийн нөлөө хэт их байгааг онцолж байжээ. 

 

Дүгнэлт

 

Хууль дээдлэх ёс нь ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн хөгжил болон нийгмийн сайн сайхныг цогцлоох, цаашлаад улс орны гадаад харилцаа, олон талт хамтын ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмэр оруулах гээд улс орны дотоод болон гадаад орчин дахь бүхий л салбарын хөгжилд нэн чухал суурь болдог нь хууль дээдлэх ёс өндөр хөгжсөн орнуудын жишээнээс тод харагддаг. Авлига, хууль дээдлэх ёсны чиглэлд судалгаа хийж, индекс гаргадаг нэр хүнд бүхий олон улсын байгууллагуудын судалгааны шалгуур үзүүлэлт бүрд дүн шинжилгээ хийж, үндэсний хэмжээнд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлснээр улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт эергээр нөлөөлж, гадаад орчин дахь нэр хүнд өсөхөөс гадна дотооддоо төр-иргэн, иргэн-төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх үндэс болох юм.

 

“Жинхэнэ энх тайван гэдэг нь хурцадмал байдал бий эсэх бус шударга ёс оршиж байхыг хэлнэ”

Мартин Лютер Кинг Жр.

 

Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв