Сүхбаатар аймгийн Засаг дарга албан тушаалаа урвуулан ашиглаж хууль зөрчсөн хэд хэдэн асуудлаар шалгагдаж байгаа гэв
2024/04/12
АТГ-аас Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг саатуулан шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өглөө.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс Сүхбаатар аймгийн удирдлага буюу Сүхбаатар аймгийн Засаг дарга, тус аймгийн ИТХ-ын дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлүүлсэн. Шалгалтын хүрээнд дараах нөхцөл байдлууд тогтоогдсон. Тодруулбал,
Сүхбаатар аймгийн Засаг дарга нь нэр бүхий УИХ-ын гишүүний үеэл дүүгийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 6.700 метр квадрат, мөн 1.359 метр квадрат хэмжээтэй хоёр байрлал бүхий газрын зориулалтыг Газрын тухай хууль болон Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчиж зориулалтыг нь өөрчилж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй.
Мөн Сүхбаатар аймгийн Засаг дарга нь өөрийн хадам дүүгийн Сүхбаатар сумын Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2.635 метр квадрат хэмжээтэй авто угаалга, гражийн зориулалттай газрын төлбөрөө төлөөгүй байхад Газрын тухай хуулийг зөрчиж, бусдад шилжүүлж давуу байдал бий болгосон байж болзошгүй.
Түүнчлэн нэр бүхий УИХ-ын гишүүний эзэмшлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт байрлах 3.211 метр квадрат хэмжээтэй газрыг эзэмших эрхийг нь Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчиж, түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлж, давуу байдал бий болгосон.
Мөн архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй нэр бүхий компанийн захиралтай шинэ суурьшлын бүс байгуулах, түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг өгч 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авах нөхцлийг бүрдүүлсний хариуд хариуд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай гурван өрөө үл хөдлөх хөрөнгийг хахуульд авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Тиймээс албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Түүнчлэн аймгийн ИТХ-ын дарга нь өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан тус аймгийн Баруун-Урт сумаас зохион байгуулсан тендерт өөрийн хамаарал бүхий компанийг шалгаруулсан байдаг. Өөртөө болон бусдад эдийн засгийн болон давуу байдал тогтоосон" хэмээн ярилаа.
Зочин · 2024/04/13
AX NRT80955877
Зочин · 2024/04/12
SEXSDI80955877