Ахмад багш Д.Энхтуяа: Сурагчаа биш, эцэг эхийг нь хүмүүжүүлдэг болсон
2024/04/16
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх, гэмт хэрэг зөрчилд холбогдох явдал гарсаар байна. Цаашлаад үе тэнгийнхнээ дээрэлхэх, багшийн эрхэд халдах зэргээр ёс суртахуун, хүмүүжлийн доголдлууд ч энгийн үзэгдэл болж эхэллээ. Энэ нь нэг талаараа эцэг эхчүүдтэй холбоотой болохыг сэтгэл судлаач, мэргэжлийн хүмүүс ярьж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ өмөөрдөг, хир тусгадаггүй, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулсан, хүүхдийнхээ буруу хорт зуршил, зан байдлыг мэддэггүйгээс үүдэж, өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүргэж байгааг багш нар онцолж байна.
Бид энэ талаар сурвалжлахаар Нийслэлийн ерөнхий боловсролын 16, 30, 47 дугаар сургуулийг зорьж очин, багш нарын төлөөлөлтэй ярилцлаа.
Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн багш Ш.БААТАРМАА:
-Та хэддүгээр ангид багшилдаг вэ?
-Бага ангийн багшаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Хоёр дахь удаагийн тавдугаар ангидаа хичээл зааж байна.
-Бага ангийн хүүхдүүдийн онцлог өөр. Эцэг эхчүүд хүүхдээ “Миний хүүхэд хамгийн мундаг, бусдаас илүү” гэдэг үзэлтэй байдаг нь ажиглагддаг. Ер нь ийм хандлага хичээл явуулахад хэр анзаарагдаж байна. Үр нөлөө байна уу?
-Багш нарт тулгамдаж байгаа гол асуудал бол эцэг эхчүүд. Бид сурагч байхад багшийн үгээр л байдаг байж. Одоо бол эцэг эхчүүд өөрсдийнхөө санаагаар байлгах гэж багш нараас маш их зүйл шаарддаг болсон. Эцэг эхийн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй хэрнээ эрхээ л шаардаад байдаг хүмүүс. Энэ байдал багш нарын ажлаас гарах том шалтгааны нэг болж байгаа шүү.
-Хэдий насны эцэг эхчүүд ийм зан байдал гаргадаг болчихов?
-Залуус голдуу. Миний хувьд боломжийн хугацаанд ажиллачихсан болохоор багагүй туршлага хуримтлуулчихсан. Эцэг эхчүүдтэйгээ харьцангуй ойлголцоод явчихдаг. Харин залуу багш нарт л хүнд байдгийг хөндлөнгөөс харж байна. Уг нь бага ангийн багш дунд, ахлах ангиас арай гайгүй нь. Хүүхдүүд үг авахаас эхлээд хичээл заахад боломжийн. Гэтэл эцэг эхчүүдтэй нь харьцахад хэцүү.
-Тодруулж хэлбэл?
-Тэд өөрийнхөө хүүхдийн түвшинг мэддэггүй. Мэдсэн ч хүлээн зөвшөөрдөггүй. Бусдын хүүхэдтэй харьцуулна, түүн шиг байх ёстой гэж зүтгэнэ. Өөрсдөө үүргээ ухамсарлаад хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хамтдаа, чанартай хийлгэчихдэггүй хэрнээ ангиас, багшаас л шаардаад байна. “Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий” гэдэг хандлагаар л үзнэ дээ. Саяхан надад нэг зүйл тохиолдлоо л доо. Ангид маань долоо хоногт яалт ч үгүй нэг удаа тасалдаг хүүхэд бий. Ээж аав нь ерөнхийдөө урсгалаар нь явуулдаг. Нэг бус удаа даалгавар хийхгүй ирэхээр нь хичээлийн дараа ангид авч үлдээд даалгаврыг нь хийлгэсэн юм. Ингэхдээ хийх хичээлийг нь өгөөд ангид суулгачихаад хуралд ороод гараад иртэл ээж нь ирчихсэн намайг “Хүүхдэд мэдэхгүй хичээл өглөө. Мэдрэл муутай” гэх зэргээр хүүхдүүдийн нүдэн дээр уурласан байдаг. Энэ бол хүүхдүүдэд маш буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа явдал шүү дээ.
-Багшийн ажлын ачаалал дээр эцэг эхчүүдийн энэ хандлага улам хүндэрч байна уу?
-Тэгэлгүй яахав. Бага ангийн хичээлийн агуулга өмнөх үеийг бодвол хүндэрсэн шүү дээ. Үүнийг эцэг эхчүүд мэдэхгүй, өөрсдөө зааж зөвлөж чадахгүйгээс болж янз бүрийн уур амьсгал гаргадаг.
Дээр нь ерөөсөө “Миний хүүхэд болж байвал бусад нь хамаагүй” гэдэг үзэлтэй хүмүүс олон. Ажлын ачаалал дээр эцэг эхчүүдийн энэ хандлага маш их стресс үүсгэдэг. Багшийн ажил бол маш их тархи толгой ажиллуулдаг шүү дээ. Хавар болоод ирэхээр ядарсаар бүр хэл ам ээдрээд ирдэг. Болдог бол багшийн ажлыг хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж үзээд тэтгэврийн насыг наашлуулдаг болмоор юм гэж боддог шүү.
-Таны нэг өдрийн хичээлийн ачаалал ямар байдаг юм бэ?
-Манай анги 40 хүүхэдтэй. Үндсэн хичээл математик, монгол хэл хоёрынхоо даалгаврыг үзэж байж хүүхэд юуг ойлгохгүй байгааг тогтоох хэрэгтэй байдаг. Тиймээс өдөрт 80 дэвтэр хурааж авдаг. Өдөртөө дэвтрээ засч амжихгүй үе ч байдаг. Зарим үед хүүхдүүдээ дайчлаад засах тохиолдол бий. Хичээл заахын хажуугаар бичиг цаасны ажил мундахгүй. Тавдугаар ангид найман төрлийн хичээл ордог. Өдөрт дунджаар зургаан цаг хичээллэнэ. Долоо хоногт монгол хэл найман цаг, математик таван цаг, бусад хичээл хоёр цагаар орох төлөвлөгөөтэй. Багшид амралт гэж байдаггүй. Гэртээ ирсэн ч дэвтрээ чирж ирээд цай хоол ууж идэх зуур засч л байдаг.
Дээр нь хичээлийн төлөвлөгөөгөө боловсруулна. Монгол хэл найман долоо хоногт 70 гаруй цаг, математик 40 цаг, туслах хичээлүүд нэмэгдээд 200 гаруй цагийн хичээл төлөвлөнө. Ингээд харахаар ямар ачаалалтай байдгийг та харж байгаа байх.
-Багш нарын цалин сая нэмэгдэв үү. Хөдөө, хотын багш нарын цалин ялгаатай гэх юм?
-Цалингийн хувьд хот, хөдөө асар их ялгаатай байна. Хөдөө сумдын багш нар 40 хувийн нэмэгдэл авдаг. Анги дүүргэлт суманд 20-30-ын хооронд байгаа. Хотын багш нар 10 хувийн нэмэгдэлтэй. Ангид 40-50 хүүхэд, зарим сургуулиуд 60 ч хүрнэ. Сая цалин нэмэгдсэн гэсэн. Хараахан нэмэгдсэн цалингаа гар дээрээ аваагүй байна. Үндсэн цалин маань одоо 1.273.000 төгрөг. Шимтгэлээ суутгуулаад нэг сая дөнгөж гараад л авдаг даа.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн математикийн багш Д.Энхтуяа:
-Та бол туршлагатай багш нарын нэг. Хичээл явуулахад эцэг эхийн оролцоо, хандлага ямар чухал байдаг талаар та бодитой ярьж өгөхгүй юү?
-Миний удирдаж байгаа анги одоо есдүгээр ангийнхан. Яг л өсвөр насныхан гэсэн үг. Эцэг эхчүүдийн хандлага бол “Миний хүүхдийн зөв, миний хүүхэд, би” гэдэг үзэлтэй байдаг. Энэ байдал залуу багш нарт их хүнд тусдаг. Би олон жил багшилчихсан болохоор эцэг эхчүүдийн арга эвийг олоод явчихдаг болж дээ. Харин анги дааж үзээгүй залуу багш нарыг ээж аав нар дуртайгаараа л хэлж, доромжилж харагддаг. Одоо багш нар залуужаад 2000-аад оныхон төгсөөд орж ирж байна. Эцэг эхчүүд нь 80, 90-ээд оныхон байдаг.
Одоогийн эцэг эхчүүд бол 80-аад оныхон голдуу байна. Яг л ардчилсан хувьсгалын үеийн хүүхдүүд гэсэн үг. Тэд хүмүүжээгүй, төлөвшөөгүй үеийнхэн. Тийм ч учраас өнөөдөр хэл ам ихтэй, эрээ цээргүй дайрч давшилдаг болжээ. Би олон удаа анги дааж аваад төгсгөж байсан. Энэ удаагийн зургадугаар анги өмнөхүүдээсээ тэс ондоо. Эцэг эхчүүд нь ч тэр тэс өөр. Харилцаа хандлага, хүмүүжил ярьж байна шүү.
Тиймээс хүүхдүүдээсээ илүү эцэг эхчүүдтэй нь ажиллах хэрэгтэй болсон. Хүүхдүүд бол багшийн үгээр байдаг. Харин эцэг эхчүүд нь улаан галзуу хүмүүс орж ирнэ. Тэр үед эхнээс нь “Та нар ингэж, ингэж болохгүй. Хүүхдийнхээ дэргэд ийм ааш араншин гаргаж болохгүй” гээд бараг дүрэм маягийн юм тогтоож байж барьж байна. Хүүхдийг нь сургахаас ч хүнд юм билээ.
-Багшийг нийгэм маш их хүндэлж, хайрлах ёстой. Гэвч энэ хүндлэл сүүлийн үед ихээр алдагджээ. Учир шалтгааныг та хуучин багшийн хувьд юу гэж хардаг вэ?
-Хуучин “Багш дор мөргөмүй” гэдэг байсан. Бүр багшийг эцэг эхээс ч дээгүүр үздэг байлаа. Тэр хүндлэл өнөөдөр байхгүй болсон. Эцэг эх багшийг хүндлэхгүй бол хүүхэд яг адилхан. Манай аав, ээж тэгчихнэ, ингэчихнэ гэж багшийг үл тооно. Улсын сургууль арай хамжааргатай. Хувийн сургуулиуд бол энэ асуудал гаарсан. Манай нэг англи хэлний багш хувийн сургуульд багшилж байгаад аргагүйн эрхэнд гарсан. Тэр хүүхдүүд “Танаар хичээл заалгахгүй. Би угаасаа Англи, Америк яваад хэл сурчихна” гээд доромжилдог гэсэн.
Ер нь ийм байдал багш нарын зүрхийг авдаг. Архаг хуучин багш нар л зангаргаараа энэ асуудлын ард гардаг юм шүү дээ. Дээр нь эцэг эхчүүд хүүхдийг бөөцийлнө. Юу ч хийлгэхгүй. Ангид ирээд алчуур барьж чадахгүй шүү дээ. Энэ байдал олон хүчин зүйлээс үүдэлтэй.
Эцэг эхээс гадна сургалтын хөтөлбөрт хүүхдийн хүмүүжил үгүй болоод удаж байна. Сургалт, сургалт гэж академик талдаа л анхаардаг болчихсон. Хүүхдийн хүмүүжил, зан заншил, ёс заншлын мэдлэг, хандлагыг суулгах хичээл байхгүй.
-Эцэг эх хүүхдээ өмөөрдөг. Миний хүүхэд хэзээ ч муу зүйл хийхгүй, буруу зуршилд татагдахгүй гэж бат итгэдэг. Гэтэл хүүхдүүд эсрэгээр нь байх тохиолдол амьдрал дээр олон байна шүү дээ?
-Хүүхдүүд шөнө унтахгүй болсон. Шөнийн 00:00 цагаас хойш хоёр, гурван цаг хүртэл онлайнд байж л байна. Тэгээд маргааш нь хичээл дээр шууд унтана. Шөнөжингөө утас ухсан хүүхдүүд багшийн хичээлийг ойлгохгүй. Дээр нь хараа нь маш их муудаж байна. Арын суудалд суух хүүхэд олдохгүй болсон.
Санаа зовоож байгаа бас нэг асуудал бол хүүхэд багшаас айх мэдрэмжгүй болсон байна. Хүнээс айж, ичих мэдрэмжээ алдахаар адгууснаас ялгаагүй. Өсвөр насныхан эрт бэлгийн харилцаанд орох энгийн үзэгдэл. Жирэмсэн болно, хүүхдээ авахуулна. Үүнийгээ байдаг л зүйл шиг хоорондоо ярилцана. Би ичих үү, тэд ичих үү, мэдэхээ байсан.
Сүүлийн үеийн хүүхдүүд үг даахгүй. Загнах боломжгүй. Хэрэв гар хүрчих юм бол шууд шоронд явна. Нэг үг хэлчихвэл ээж аав нь “Та манай хүүхдийг тэгж муухай хэлсэн байна” гээд л ороод ирнэ. “Чи сайн, чи мундаг” гэж тал талаас нь бөөцийлсөөр байгаад хүн биш болгож байна. Энэ байдлаар 10 жилийн дараа гэхэд бүр ч аймар нөхцөл байдалтай байх болов уу даа.
-Саяхан багш нарын VIII их хурал болсон. Энэ үеэр эцэг эхчүүдийн асуудал ихээхэн хөндөгдсөн гэв үү?
-Тэгсэн. Үндсэн хууль болон Боловсролын тухайн хуульд эцэг, эхийн үүргийг зүгээр дурдаад л өнгөрчихсөн байдаг. Ямар хариуцлага байдаг тухай байдаггүй. Тэгэхээр өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрч байгаа юм. Зарим эцэг эхчүүд багшаа барьж аваад зодох хэмжээнд хүрч байна. Үүнээс болоод багш нар эцэг эхийн хурлаа ч хийж чадахгүй байна.Дээр нь бас асуудал гарангуут лайвдана гэдэг ээжүүд байдаг болсон байна. Түүнээс айгаад анги даах багш ч олдохгүй болсон шүү дээ.
Баянзүрх дүүргийн 30 дугаар сургуулийн багш А.Наранцэцэг
-Сурагчид харилцаа хандлага тааруу, хорт зуршилд өртөмтгий болсон нь эцэг эхийн хараа хяналт, хэтэрхий хүүхдээ өмөөрөх хандлагатай холбоотой гэж сэтгэл зүйч, мэргэжлийн хүмүүс үзэж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би боловсролын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байна. Есдүгээр анги дааж авсан. Надад тохиолдож байгаагүй ч залуу багш нар эцэг эхчүүдийн хооронд нэлээд үл ойлголцол үүссэн харагддаг. Эцэг эхчүүд зөвхөн хүүхдээ “Яасан, яасан” гэж асуудаг. Олон талаас нь биш нэг талаас нь дүгнээд л түүнийгээ нягтлахгүйгээр багш руу дайрч давшилна. Энэ байдал сүүлийн таван жил бүр илүү тодорхой харагдаж байна.
Эцэг эх бол хүүхдийн толь байдаг. Тэд хүүхдүүддээ маш буруу ойлголтыг өгдөг. Ийм ойлголт авчихсан хүүхэд багштай шууд л дээрэнгүй, муухай харьцаж эхэлдэг. Ерөөсөө нэг тэгээд бодчихсон хүүхэд багшийг хүндлэх хүндлэлгүй болчихдог. “Энэ багш заах ёстой. Би сурах эсэх нь миний эрх” гэж хандана. Үүнээс болж олон багш ажлаа өгдөг. Зарим нь сэтгэлээр унана, ажлаа нэр төдий хийнэ.
-Түүнээс болж хичээлийн чанарт нөлөөлөх нь ээ?
-Мэдээж. Аль болох даалгавар өгөхгүй, хичээлийг шахаж хийлгэх тал дээр мууддаг. Уг нь хүүхдийг шахаж, ганцаарчилж давтуулж байж үр дүн гардаг. Гэтэл сүүлийн үед багш нар хэл аманд өртөхгүйн тулд цагийн хичээлээ заагаад л орхидог болсон.
Есдүгээр ангийн хүүхдүүд бол шилжилтийн нас байдаг. Сэтгэл зүй, бие махбодод өөрчлөлт гарна. Энэ нь сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Энэ үед багш ч, эцэг эхчүүд ч ойлгож ажиллах хэрэгтэй. Яг энэ үед аль аль тал нь хүүхэдтэй зөв ажиллаад ирвэл маш чухал нас. Үг сонсдог болох, бусдыг хүндлэх, хайрлах, энэрэх, үг даах тэнхээтэй, зөв төлөвшүүлэх бүрэн боломжтой. Ингэж чадвал ахлах ангидаа хүүхэд зүгширчихдэг. Ийм үед хүүхэд гол төлөв эцэг эхчүүддээ тэр бүхнийг яриад байдаггүй. Олон зүйл тайлбарлахаа болино. Үүнээс болоод ээж аавууд хүүхдүүдтэйгээ буруу хандлагаар харьцдаг. Хүүхдэд тулган шаардаад л, ингэсээр үл ойлголцол үүсдэг.
-Бас “Миний хүүхэд муу зүйл хийхгүй” гэж бүрэн итгэдэг. Гол нь аливаа эрсдэлийг давхар тооцоолж, хараа хяналттай байх ёстой, зөв үү?
-Ямар ч эцэг эх хүүхдээ “Хамгийн сайн” гэж боддог. Тэгвэл хүүхэд сайн байхын тулд багшийн зүгээс тодорхой хэмжээнд хүүхэдтэй ажиллах хэрэгтэй болно. Үүнийг эцэг эхчүүд ойлгодоггүй.
Хүүхдээ гэрийн ажилдаа туслуулахаар дуудна, хичээл тарах ёстой гэж уурлана. Ингээд ирэхээр багш нар хүүхэдтэй ажиллах, шахах, анхаарал хандуулахаа больчихдог. Үүнээс болж хүүхэд хөгжих асуудал суларч байгаа юм.
Өдрийн сонин