"Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй" гэсэн дүгнэлт гарчээ
2024/04/24
Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулав.
Тэрбээр, 2024 оны нэгдүгээр сарын 26-нд 26-р хороонд гарсан дэлбэрэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан Ажлын хэсгийн дүгнэлт гарсан.
Дэлбэрэлтэд өртсөн 26-р хорооны 207-р байрыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул тухайн газрыг чөлөөлж, дахин барилга барих ажлыг зохион байгуулах шаардлага үүснэ. Тэнд оршин сууж байсан айл өрхийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх ажлыг нийслэлийн Засаг даргын мэдэлд шилжүүлсэн.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн асуудал. Дахин төлөвлөлтийг ажлыг хийхэд тухайн орон нутгийн Засаг даргын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг тул шилжүүлсэн.
Үүнтэй холбоотой зарим нэг алба хаагч, ард иргэдийн эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ, оношилгоонд шаардлагатай хөрөнгө болох 2.9 тэрбум төгрөгийг нийслэл рүү шилжүүлж, холбогдох хохирол болон бусад асуудлыг зохих хэмжээнд шийдэх шаардлага бий.
Нөгөө талаар эрсдэлийн даатгал хийлгэдэггүй дутагдал хаа хаанаа байна. Тиймээс эрсдэлийг бууруулахын тулд даатгалыг тогтолцоонд шилжих хуулийн төслийн эхний танилцуулгыг бид УОК-т сонссон. Төсөл дээр ажлын хэсэг ажиллаад ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлнэ.
Ингэж байж төр нь ч оролцоогоо хангадаг, ААН-үүд нь ч эрсдэлээ тооцдог тогтолцоонд шилжиж, дундын механизмын тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Даатгуулаагүй иргэдийн эд хөрөнгийн хохирлыг даатгалын компани хариуцахгүй. Даатгуулаагүй иргэд хохирогч болдог. Төр хохирлыг барагдуулах хуулийн ямар ч боломжгүй гэв.