Б.Нямжав: Эрх чөлөөний эвсэл намын санхүүжилтийг шалгуулахаар ТЕГ-т хандаж байна
2024/05/20
Монгол Улсын иргэн Б.Нямжав өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хандан өргөдөл гаргалаа.
Тэрбээр "Одоогоос хэд хоногийн өмнө МҮОНТ-ээс явуулдаг “Монгол наадам” хэлэлцүүлэгт оролцож, хурдан морины талаарх асуудлыг хөндсөн, ярьсан. Энэхүү хэлэлцүүлэгт Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгчийн хувьд оролцсон. Тухайн үед би өөрийн гэсэн тодорхой үзэл бодлоо илэрхийлсэн.
Мөн өв соёл руу тодорхой зохион байгуулалттай дайрч байгаа асуудлыг хөндсөн. Энэ нь үндэсний эрх ашиг болон өв соёлд нөлөөлж байна. Харин үүнээс үүдэлтэй цахим ертөнцөд гүтгэх, харлуулсан зүйл маш өргөн хүрээнд боллоо. Үүнтэй холбоотойгоор миний хардаж байсан зүйл баталгаажиж байна гэж үзсэн. Иймд зохих байгууллагад нь өргөдлөө гаргаж, албан ёсоор шалгуулах нь зүйтэй гэж бодсон" хэмээн ярилаа.
Иргэн Баасансүрэнгийн Нямжав өргөдөлдөө “Олон улсын байдал ороо бусгаа байгаа сүүлийн жилүүдэд тэдгээр улсуудыг самарсан өнгөт хувьсгалууд эхлээд тухайн улс орон үндэстнийг эх түүх, өв соёл шашинаар нь талцуулан өдөөж, улмаар аливаа нийгмийн нийтлэг жигшин зэвүүцдэг сэдвүүд дээр дөрөөлөн өрдөж, нийтийг хамарсан үймээн самуунд түлхэж, хүний амь нас эрүүл мэнд үрэгдэж, иргэд төрийг сөргөлдүүлэн улмаар төр засагтаа итгэх итгэлийг унагаах замаар төр засгийн эрх мэдлийг нь хяналтадаа авдаг гадны санхүүжилт, чиглүүлэгтэй үзэгдлүүд түгээмэл боллоо.
НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн, цэрэг, эдийн засгийн нөөц ихтэй манай хоёр хөрш улсууд нь тус зөвлөлийн бусад орнуудтай дипломат болон худалдаа, цэргийн бодлогоор сөргөлдсөн энэ эгзэгтэй цаг нь Монгол Улсын маань дотоод эв нэгдэл, тогтвортой байдал, гадаад бодлогыг сорьж байна.
Гэтэл 2021 оноос Nonaadam, 2022 оноос Nowar гэх сэдэв өлгөн өнгөц харахад зарчим, энхтайвныг шаардаж байгаа мэт харагдавч үндэстний өв соёлыг гутаах, дайныг эсэргүүцсэн мэт боловч дайтагч талуудын нэгийг онцлон дэмжих зорилготой үйлдлүүдийг тогтвортой, төлөвлөгөөтэй, зохион байгуулсаар ирсэн тодорхой тооны иргэдээс Эрх чөлөөний эвсэл намыг байгуулж, Монгол Улсын хууль тогтоох УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор мэдэгдээд байна.
Эдгээр иргэдийн үйлдлүүд нь Монгол Улсын иргэдийн үзэл бодлыг гадаадын элчин сайдууд, албадаар цензурдуулах, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахаар сүрдүүлэх зэргээр бусад орныг самарч, үймээн самуунд түлхсэн үйлдлүүдтэй нэн төстэй байна. Иймд иргэн Б.Нямжав миний бие Монгол Улсын Үндсэн хуулийг сахих үүргээ биелүүлэн, улс орны тогтвортой байдлыг хангах үүднээс тэдгээр иргэдийн үйлдлүүд, санхүүжилтын эх үүсвэрүүдийг хянан шалгаж тогтоох, гэм буруутай үйлдлүүдэд нь хариуцлага тооцохыг шаардаж байна” гэлээ.
Зочин · 2024/05/20
45DSH XALYYTSSN SEKSY ERD80955877
Зочин · 2024/05/20
S AWI80955877