Р.Булгамаа: Эргэлзээ байгаа учраас жагсаалтаар нэр дэвшихээр саналаа өгсөн
2024/05/20
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна.
Энэ үеэр хуульч Р.Булгамаа "Ирц хангалттай байна. Үндэсний бодлогын хорооны гишүүд идэвхтэй оролцож маш их ач холбогдол өгч байна. Яагаад гэвэл алдагдсан найман жилийн боломжийг эргүүлэн авчиръя гэх уриан дор маш хүн төвтэй, хөгжил төвтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна. Энэ мөрийн хөтөлбөрөөр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Миний хувьд 2015 оноос хойш ҮБХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Миний хувьд жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ намдаа илэрхийлсэн.
Өмнө нь хоёр удаа АН-аас УИХ-д нэр дэвшиж байсан. Үндсэндээ сонгогдсон тойргоос нэр дэвших эрхийг өгөөгүй. Энэ удаа ч бас надад эргэлзээ бүхий итгэл алдарсан нөхцөл байдал үүссэн учраас жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ өгсөн.
Нэг зүйлийг шударга хэлье. Жагсаалтын ард ямар нэгэн бизнесийн төлөөлөл, фракцын төлөөлөл итгэмжлэгдсэн төлөөлөл байдлаар оролцож болохгүй. Би хувьдаа харахдаа ард иргэдийн дуу хоолой байгаасай. Өнөөдрийн намын хурлын өнгө аясаас харахад тийм биш бололтой. ҮБХ-ны гишүүд сэтгэл дундуур байна, намын эрэмбэ дарааллаар зогсох бололтой. Фракцууд эрэмбэ дарааллаа хуваах юм шиг байна. Ямар ч шийдвэр гаргасан би хүндэтгэлтэй хандана. Их хуралд нэр дэвших бол иргэдийн эрх чөлөөний төлөө 20-иод жил ажиллаж ирсэн. Гараад байгаа хууль чинь амьдралын чанарт нийцэхгүй байна. Үндсэн хуулийн тунхаглалаасаа урвасан маш олон бодлого шийдвэрийг гаргадаг учраас амьдралтай хууль гаргахын төлөө жагсаалтаар нэр дэвших хүсэлтээ өгсөн. Үүнээс үл хамааран хүний эрхийн төлөөх үйл хэргээ үргэлжлүүлсээр байх болно" хэмээн байр сууриа илэрхийлж ярилаа.