“30 хүүхдийн долоо нь монгол хэл, уран зохиолын багш болно гэдэг”
2024/05/23
“Дугаарын зочин”-оор Боловсролын ерөнхий газар болон “Medle” цахим сургуулийн зөвлөх багш Ш.Оюунцэцэгийг урилаа. Тэрээр 1.5 сая хүнийг А үсэг сурахад нь хувь нэмрээ оруулсан нэгэн юм.
-Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Би 1983 онд Багшийн дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багшаар төгссөн. Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Түнхэл хорооны дунд сургуульд ажилласан. Нөхөр маань тэндэхийн цэргийн ангийн дарга, эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байгаад 1987 онд Улаанбаатарт ирэхэд хуучнаар Октябрийн районы 43 дугаар сургуульд шилжиж ирсэн ч монгол хэлний багшийн орон тоо байгаагүйгээс бага ангийн багшаар ажиллаж гурван жил орчим ажилласан. Нэг жил нь нэгдүгээр анги даан авч А үсэг заасан.
1988 онд Багш нарын мэргэжил дээшлүлэх институтад монгол хэлний кабинетийн лаборант - уран зохиолын аргазүйчээр ажилласан. 1992-1996 онд ШУБЯ-ны Ерөнхий боловсролын газар /Бага, дунд боловсролын газар/-т мэргэжилтнээр ажилласан. 1996 онд яамны бүтэц өөрчлөгдөж би мэргэжил дээшлүүлэх институтдээ эргэн ирж, ЕБС-ийн монгол хэлний сургалтын агуулга, арга зүй хариуцсан арга зүйчээр ажиллаж байлаа. 2002 онд Багшийн их сургууль ЕБС-ийн сургалтын агуулга, арга зүйн асуудал хариуцсан нэгжийг боловсролын хүрээлэнд шилжүүлсэн. Ингээд 2002 оноос Боловсролын хүрээлэнд монгол хэлний сургалт хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнаар 10 гаруй жил ажилласан. 2012 онд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дахин байгуулагдахад хэл, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалтын албаны даргаар ажиллаж байгаад 2020 онд тэтгэвэрт гарсан. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт түүхэндээ гурван удаа байгуулагдсаны хоёрт нь миний бие ажилласан байдаг. Одоо институт маань Боловсролын ерөнхий газар болж нэлээн өргөжсөн.
-Мэдээж энэ хугацаанд багагүй ажлыг хийсэн байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-ЕБС-ийн монгол хэлний сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулах ажилд голлож ажилласан. ЕБС-ийн бага, дунд ангийн монгол хэлний сурах бичиг бичихэд ажиллаа. Мөн институтэд ажиллахад хэл, нийгэм, хүмүүнлэгийн ухаан гэхээр монгол хэл, гадаад хэл, урлаг, түүх, нийгмийн ухаан, биеийн тамирын багш нарыг мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажилласан. 1988 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажилласнаас хойшх ажилласан он жилүүдийг эргэж харахад боловсролын салбарын томоохон шинэчлэл хийсэн үеүдтэй давхацсан байдаг. Намайг яаманд ажиллах үед Улсын бага хурлын тогтоол гарч 1994 оноос төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан ЕБС-ийн сургалтыг үндэсний монгол бичгээр явуулах бэлтгэл ажлын хүрээнд багш нарыг төдийгүй төрийн болон аж ахуй нэгж байгууллагын ажилтнуудыг монгол бичигт сургах, сурах бичиг зохиох гээд өргөн цар хүрээтэй ажил болж байсан. 1994 онд энэ шийдвэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “Монгол бичиг үндэсний хөтөлбөр-1”, 2008 онд хоёр дахь хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд гар бие оролцож ирсэн. Бага, дунд боловсролын салбарт хийсэн нэг томоохон өөрчлөлт бол ЕБС-ийн бүтцийн өөрчлөлт буюу 10 жилийн сургалтаас 11 жил, улмаар 12 жилийн тогтолцоонд шилжсэн түүхэн цаг үед боловсролын хүрээлэнд ажиллаж таарсан учраас боловсролын талаар төрөөс баримталж байсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд оролцсоор ирсэн.
-Тухайлбал, ямар ажлууд байв?
-2004-2005 оны хичээлийн жилд ЕБС-ийг 11 жилийн тогтолцоонд шилжих онол, арга зүйн үндсийг нь боловсруулах, 2007-2008 онд зургаан настай хүүхдийг нэгдүгээр ангид сургах шийдвэр гарсантай холбогдуулаад манай хүрээлэн туршилт судалгааны ажлыг хариуцаж ажилласан. Энэ туршилт судалгааны ажилд Баянхонгор, Дархан-Уул, Увс, Хэнтий, Дундговь аймаг, нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Налайх дүүргийн 16 бүлгийн 500 орчим сурагч хамрагдсан. 12 жилийн сургуулийн нэгдүгээр ангид судлах хичээл, тэдгээрт оногдох цаг, хичээлүүдийн агуулга нь зургаан настай хүүхдийн нас, сэтгэц физиологийн онцлогт тохирч байгаа эсэхийг сургалтын бодит орчинд туршин магадлах зорилгоор зохион байгуулсан.
Зургаан настай хүүхдэд найман настай хүүхдийг сургаж ирсэн агуулга таарч байна уу, үгүй юу гэдгийг их анхаарсан. Найман настай хүүхэд цагаан толгойн үсэг үзчихээд арванхоёрдугаар сард үсэглэлийн баяраа хийдэг байлаа. Гэтэл зургаан настай хүүхдийн хөгжлийн онцлогийг нь харгалзан үзэж ингэж яарах шаардлагагүй, тоглонгоо суралцах арга зүйг санал болгосон. 2008 онд зургаан настай хүүхдүүдэд хичээл заах хамгийн сайн багш нарыг сонгосон бөгөөд 2008-2011 онд бүх бага ангийн багш нарыг хүртэл үе шаттайгаар зургаан настай хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтад хамруулсан. Бага ангийн багш нарыг бэлтгэхийн хажуугаар дотуур байрны багш нарыг ч бэлтгэсэн. Зургаан настай хүүхдийн суралцах орчныг бүрдүүлэхэд анхаарч ангийн самбарыг тогтоох хэмжээ, ширээ, гарын угаалтуур, суултуурыг зургаан настай хүүхдийн онцлогт тохирсон байдлаар орчин нөхцөлийг нь бүрдүүлэхэд яам их анхаарсан. Мөн сайдын тушаалаар зургаан нас хүрээд 72 сар хүрсэн хүүхдийг сургуульд оруулна гэдгийг зааж өгсөн байсан. 2010 онд яамнаас үүнийг өөрчилснөөр нэг ангид бараг нэг жилийн насны зөрүүтэй хүүхэд суралцах болсон.
-Сүүлийн үед сурах бичгийг жил бүр сольдог талаар иргэд бухимдах болсон. Ингэж солих нь зөв үү?
-Хүмүүсийн дунд жаахан төөрөгдөл байна. Сургуулийн бүтэц өөрчлөгдсөн, боловсролын бодлого үзэл баримтлал шинэлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгүүдийг өөрчлөх шаардлага гарсан. Тухайлбал, 2004-2005 оны хичээлийн жилд 11 жилийн тогтолцоонд шилжсэнээр 10 жилийн сургуульд үзэж ирсэн сурах бичгүүдийг шинэчилсэн. 2008 оноос 12 жилийн сургалтад тогтолцоонд шилжсэнээр сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр өөрчлөгдсөнөөр сурах бичгүүдийг шинэчлэх хэрэгцээ гарсан. Ер нь сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орвол сурах бичгээ түүнд тохируулан сайжруулах шаардлага гардаг.
Сурах бичгийн дутууг нөхөн хангалтаар дахин хэвлэдэг. Ихэнх сурах бичгийг сургуулийн номын сангаар хүүхдүүд дамжуулан хэрэглэж байна. Иймээс тодорхой хувь нь хэрэглэх боломжгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, мараалын элэгдэлд ордог тул зарим сурах бичгийг нөхөн хангалтаар жил бүр хэвлэдэг. Ингэж дахин хэвлэхэд сурах бичгийн агуулга өөрчлөгдөхгүй. Харин сурах бичгийн хавтас дээр дахин хэвлэсэн оноо бичдэг. Үүнийг зарим хүн харчихаад жил бүр шинээр зохиож хэвлээд байна гэж ойлгодог шиг байгаа юм. Хөтөлбөр өөрчлөгдөөгүй цагт сурах бичиг өөрчлөгдөхгүй. Сүүлийн жилүүдэд сургалтын хөтөлбөрийг дор хаяж 10 жил тогтвортой хэрэгжүүлж байж алдаа, оноогоо дэнслэн сайжруулж байхаар болсон. Сургалтын хөтөлбөр 2014 онд хамгийн сүүлд шинэчлэгдсэн байгаа. Үүнээс хойш хэвлэгдсэн сурах бичгүүд өөрчлөгдөөгүй. Гэхдээ 2019 онд хөтөлбөрүүд сайжруулсантай холбоотойгоор зарим сурах бичгийн тодорхой хэсгүүдэд бага зэрэг өөрчлөлт орсон байгаа.
-Та саяхан Орхон аймагт болсон монгол хэл, бичгийн улсын олимпиадад оролцоод ирсэн. Олимпиадын талаар хуваалцаач?
-1969 оноос хойш монгол хэл бичгийн олимпиадыг 2020 он хүртэл тасралтгүй зохион байгуулж ирсэн байдаг. Ковидын гурван жил завсарласан ч 53 дахь удаагийн улсын олимпиадыг Орхон аймагт зохион байгууллаа. Энэ аймаг хэлний боловсролд их анхаардаг. Орхон аймгийн хүсэлтээр манай дэд хороо 2000, 2017 онд олимпиадаа зохион байгуулж байсан. Олимпиадын нэгийн давааг сургууль бүрд зохион байгуулж, сургуулиасаа шалгарсан нэг багш, нэг сурагч, нэг анги хоёрын даваанд оролцож аймаг, дүүргээсээ шалгарсан нэг багш, нэг сурагч, нэг бүлэг олимпиадын гурвын даваанд оролцдог журамтай. Энэ жил гурвын даваанд 30 багш, 30 хүүхэд, 30 анги оролцсоноос гадна Орхон аймгийн санаачилгыг манай дэд хороо дэмжиж бага ангийн багш нарын олимпиадыг зохион байгуулсан. Хэдийгээр оройтож шийдвэр гарсан ч бага боловсролын багш нарын олимдиадыг гурван даваатайгаар зохион байгуулсан. Хоёрын даваагцахимаар амжилттай зохион байгуулж, 805 багш хамрагдсан. Ингэснээр олимпиад нэг төрлөөр нэмэгдсэн гэсэн үг. Олимпиадын гурвын даваанд байр эзэлсэн бүх багш, сурагчдад өгөх шагналын хэмжээ нэмэгдсэнээс гадна Орхон аймаг ч мөнгөн шагналаар нэмж шагнасан. Энэ жилийн бас нэг онцлог бол шагналт байранд шалгарсан сурагчдын тоог өмнөх жилүүдээс нэмсэн. Тухайлбал, I байрт нэг, II байрт гурав, III байрт дөрөв, тусгай байрт гурав, нийт 11 хүүхдийг шагнасан.
Олимпиадын үеэр Орхон аймаг оролцогч багш, сурагчдыг “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газрын музей, хүдрийн ил уурхайтай танилцах боломж олгосон. Мөн сурагчдад 14 дүгээр сургуулийн сурагчдын тоглолт, кино, үзвэр үзүүлж, багш нарт тус сургуулийн 500 хүүхдийн үндэсний бичгийн бийрэн бичгийн сургалттай танилцах, тэргүүний багшийн үзүүлэх хичээлд суух боломж олгосон.
-Таны бүтээлцсэн сурах бичгээр 1.5 сая хүн А үсэг заалгасан гэдэг юм билээ?
-Өнгөрсөн жил багшийн сургуулийн 100 жилийн ой болоход нэгдүгээр ангийн бүх сурах бичгээр үзэсгэлэн гаргахад бидний сурах бичгээр нэг сая гаруй хүн суралцсан гэсэн тооцоо гарсан юм билээ. Анх 2007 онд нэгдүгээр ангийн сурах бичгийн багшийн сургуулийн багш нар болон бага боловсролын монгол хэлний сургалтын асуудал хариуцан ажиллаж ирсэн хүмүүстэй нэг баг болж Адмон хэвлэлийн газартай гэрээ байгуулан зохиосон. Нэгдүгээр ангийн монгол хэлний сурах бичгийг тодорхой шалтгааны улмаас дахин зохиох шаардлага 2010, 2014 онд дахин гарсан ч сурах бичгийн ерөнхий үзэл баримтлал, бүтэц, зохиомж, арга зүй нь өмнөх сурах бичигтэй залгамж холбоотой зохиосон.
Сурах бичгийг нэг хүнээр овоглох биш багаар бичдэг. Би 1993 онд гуравдугаар ангийн монгол хэлний номыг багшийн сургуулийн Ж.Цэцэг багштай хамт бичсэн. Энэ сурах бичиг монгол ахуй, ёс заншилтай холбоотой агуулга түлхүү оруулсныг эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай олж харж, нэг өгүүлэлдээ олзуурхан бичсэн байсан. 1997 онд дөрөвдүгээр ангийн монгол хэлний сурах бичиг бичсэн. Энэ хоёр сурах бичиг маань 2007 он хүртэл ЕБС-д хэрэглэгдсэн. Энэ хоёр сурах бичиг маань ерөнхий боловсролын сургуулийн практикт нэлээд олон жил хэрэглэгдсэн. Зөвхөн нэгдүгээр ангийн сурах бичиг биш 1991 оноос хойш ЕБС-ийн сурах бичгүүдэд өөрийн хувь нэмрээ оруулж, нэр маань бичигдсэн гэсэн үг.
-Фисагийн шалгалтад манай улс унших чадвараараа сүүл мушгисан. Энэ талаар та юу хэлэхсэн бол?
-Энэ шалгалтыг 15 нас хүрсэн IX ангийн хүүхдүүдээс авдаг. Ажил, амьдралд хэр бэлтгэгдэж байна вэ гэдгийг авдаг олон улсын шалгалт. Манай улсын хувьд анх хамрагдсан IX ангийн хүүхдүүд бол үндсэндээ ковидын жилүүдэд танхимын сургалтад бүрэн хамрагдаагүй байсан. Энэ цар тахал ганцхан Монголыг дайраагүй дэлхий нийтийг хамарсан. Унших чадварыг зөхөн монгол хэлний хичээлийн чадвар гэж өрөөсгөлөөр ойлгож байгаа. Гэтэл дунд ангид ордог 18 хичээл бүгд л сурах бичигтэй. Тэгэхээр бүх мэргэжлийн багш нар сурах бичигт байгаа мэдээллийг уншуулах, уншсанаа ойлгох, чухлыг нь олох, хоорондын уялдаа холбоо, учир шалтгааныг нь ойлгох чадвартай болгохын төлөө ажиллах ёстой. Зөвхөн зөв бичихийн дүрмээр хүүхдийн монгол хэлний мэдлэгийг хянаж, үнэлэх боломжгүй. Гоё бичиж байвал монгол хэлний хичээл сайн гэдэг ойлголт өөрчлөгдсөн.
-Яг одоо ямар ажил хийж байна?
-Хилийн чанадад байгаа хүүхдүүдэд зориулсан монгол хэл, соёлын хөтөлбөр боловсруулах ажил дээр ажиллаж байна. Өмнө нь ийм хөтөлбөр байхгүй учраас ажиллагаа их шаардаж байгаа. Гадаадад 200 мянга орчим монголчууд ажиллаж, амьдарч байна. Тэдний хүүхдүүд тухайн амьдарч байгаа улсынхаа боловсролын системээр суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа ч монгол үндэстэн, монгол ахуй соёл, түүхийн талаар мэдлэг ойлголтгүй болон өсөж байна. Иймд бид ЕБС-д үзэж байгаа сургалтын хөтөлбөрөөс өөрийн орны онцлогтой холбоотой суралцахуйн зорилтуудыг ялгаж аваад тодорхой сэдэвт төвлөрүүлэн интеграцчилсан цахим сургалтын хөтөлбөр боловсруулах ажил хийж байна.
Рагчаагийн ОЮУН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 102 (7346)
Зочин · 2024/05/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh