1939 оны Халхын голын дайныг дэлхий дахинаа олон сая хүний амийг хөнөөж, олон зуун хотуудыг эвдлэн сүйтгэсэн дэлхийн II дайны эхлэл хэмээн зарим түүхч судлаачид үздэг.

 

Түүхийн хуудаснаа Халхын голын дайн хэмээн тэмдэглэгдэн үлдсэн энэхүү тулалдаанд Оросын талаас нийт 57 мянган цэрэг, Японоос 75 мянган цэрэг, Монголын талаас 8500 орчим хүн оролцсон гэх тоон мэдээлэл байдаг.

 

Өөрөөр хэлбэл, Халх голын дайнд нийтдээ 130 мянган цэрэг дөрвөн сарын турш халуун амиа үл хайрлан тулалдаж, олон дайчин эрс амь нас эрсэдсэн байдаг билээ. Тэгвэл энэхүү Халхын голын дайнд Монгол Оросын дайчид ялалт байгуулсны түүхт 85 жилийн ойг энэ онд Орос, Монголын ард түмэн ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэж байна.

 

Ойд зориулан энэ онд олон улсын эрдэм шинжилгээний хурал хэд хэдэн удаа зохион байгуулагдаж байна.

 

Мөн хоёр улсын уран бүтээлчид хамтарсан баримтад кино хийж байгаа талаарх мэдээллээ Монголын сэтгүүлчдэд өгч байсан. Тэгвэл энэ удаа Монгол-Оросын хамтарсан экспедици, хайгуулын баг Халхын голын дайн өрнөсөн газарт ажиллаад иржээ. Улаанбаатар хот дахь Русский Дом буюу РЦНК-д энэ талаарх мэдээллээ өчигдөр холбогдох албаны хүмүүс тайлагнасан юм. ОХУ-аас ирсэн экспедици, хайгуулын багийнхан энэ удаа Монгол Улсын Дорнод нутагт Халх голын нутаг дэвсгэрт амь үрэгдсэн Зөвлөлтийн Улаан армийн цэрэг эрсийн шарилыг эрэн хайх, шилжүүлэн нутаглуулж, дурсгалыг нь мөнхжүүлэхэд чиглэсэн гэдгийг хэлж байлаа. Хайгуулын багийнхан энэ удаа Халхголын нутагт “Ремизовын өндөрлөг”-т тавдугаар сарын 16-23-ныг хүртэл ажиллаад иржээ. Энэ тухай тус кспедицийн дарга Орлов Александр Борисовичоос тодруулсан юм.

 

сонин mn

Хайгуулын багийнхан “Ремизовын өндөрлөг”-т ажиллаад иржээ

 

Орлов Александр Борисович:

 

-Эрлийн багийнхан энэ удаа Ремизовын өндөрлөгт малталт хийгээд иржээ. Хайгуулын үр дүнгээс танилцуулаач?

 

-Халхын голд ажилласан манай экспедиц Ремизовын өндөрлөгт хайгуулын ажлыг голлож хийгээд ирлээ. Энэ удаа бид хайгуул, малтлаг судалгааны үр дүнд Орос зөвлөлтийн Улаан армийн 27 цэрэг эрийн шарилыг олсон. Эдгээр шарилын дөрөв нь нэртэйгээ олдсон бөгөөд нэр нь тодорхой баатрууд байсан юм. Энэхүү Халхын голын түүхт тулаанд Зөвлөлтийн 2000 гаруй цэрэг амиа алдсан байдаг. Мөн малтлагын үеэр бид Японы гурван цэргийн шарилыг олсон. Бидний малтлаг хийсэн энэ газар Япон улсын олон цэргүүд амь үрэгдсэн байдаг. Хайгуулын ажлын явцад олдсон япон цэргийн шарилыг бид Дорнод аймгийн Халхголын Ялалтын музейд хүлээлгэн өгсөн. Ер нь бол Япон улсаас хайгуул малтлагын баг хүрэлцэн ирж, Халх голын нутагт амь үрэгдсэн цэргүүдийнхээ булшийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулдаг.

 

-Хайгуулын багт Орос, Монголын талаас ямар хүмүүс нэгдэж ажилласан бэ?

 

-Манай энэ удаагийн баг ОХУ-ын 11 муж улсын сайн дурын баг бүрэлдэхүүнээс бүрдсэн экспедици юм. Хайгуулын багт түүхч судлаачид, мэргэжлийн архелогчид, Казахстан, Беларусь улсын төлөөлөгчид оролцсон. Мөн энэ чиглэлээр суралцаж буй Орос, Монгол хоёр улсын их сургуулийн оюутан залуус оролцсон. Тухайлбал, Москва хотын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн оюутнууд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд, Улс түмний найрамдлын их сургуулийн оюутнууд, Өвөр Байгалийн улсын их сургуулийн оюутнууд ирж оролцсон. Мөн Монгол Улсын их сургуулийн оюутнууд бас хамтран ажилласан. Миний хувьд гурав дахь удаагаа хайгуулын ажлаар Монголд ирж ажиллаж байна.

 

-Эрлийн явцад монгол цэргийн шарил олдсон уу. Энэ удаа олдсон орос цэргүүдийн шарилыг албан ёсоор оршуулах, ар гэрийнхэнд нь дуулгах гээд ажил бас байгаа байх?

 

-Хайгуулын явцад энэ удаа монгол цэргийн булш олдоогүй. Харин өмнө нь буюу 2019 онд бид хоёр монгол цэргийн булшийг олж байсан. Түүхийн үүднээс судлаад үзэхээр бидний ажилласан энэ газарт хошууч И.М.Ремизовын командалсан 149 дүгээр буудлагын хороо олон удаагийн ширүүн тулалдаанд оролцож ялалт байгуулж байсан түүхтэй. Мөн бид мэдээж, Москва руу очоод, эдгээр хүмүүсийн ах дүү, төрөл төрөгсдийг олж уулзах болно. Эдгээр хүмүүс бас Халхын голын ялалтын 85 жилийн түүхт ойн арга хэмжээнд бас хүрэлцэн ирэх байх гэж бодож байна. Бид хайгуулын багийн бүх олдворуудаа Халхголын Ялалтын музейд бас шилжүүлдэг.

 

сонин mn

сонин mn

 

 

Б.ТУУЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин