Сонгуулийн дараа ЭЕШ-ыг зохион байгуулна
2024/05/29
Энэ жил УИХ сонгууль явагдана. Үүнтэй холбогдуулан Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь хойшилжээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас тодрууллаа.
Тэрбээр "Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2024 оны долдугаар сарын 4-7 хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажил бүрэн хангагдаад явж байна. Одоогийн байдлаар 36 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-26 хооронд үргэлжилсэн. Энэ жил ЭЕШ-ын зохион байгуулалт, журам өмнөх жилүүдтэй адилхан ямар нэгэн онцлог зүйлгүй байна. Боловсролын үнэлгээний төвийн системтэй холбоотой асуудлууд гардаг. Гэхдээ шалгуулагч тухайн үедээ системтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлээд явах бүрэн боломжтой. Мөн тодорхой өргөдлийн дагуу шалгуулагчдын мэдээллийг засч, асуудлыг шийдвэрлэсэн. Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-ийн өмнө зохион байгуулдаг.
Энэ жилийн монгол хэл бичгийн шалгалтад 36 мянга орчим шалгуулагч оролцож, 5300 орчим шалгуулагч босго оноондоо хүрээгүй үр дүн гарсан.
Эдгээр шалгуулагчдын дахин шалгалтыг ирэх наймдугаар сарын 17-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. ЭЕШ-д хувь хүний бэлтгэлтэй холбоотой асуудлууд түгээмэл байдаг. Тухайлбал, бичиг баримтаа мартах, гээж үрэгдүүлэх, хоцрох гэх мэт тохиолдол их байдаг. Тухайн өдөр шалгуулагч шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө хувийн бэлтгэлээ ханган ирэх шаардлагатай. Тиймээс манай Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсуудын мэдээллийг цаг алдалгүй шалгаж байхыг зөвлөж байна. Энэ жилийн ЭЕШ-ыг долдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулна. Өмнөх жилүүдэд зургадугаар сарын сүүлчээр зохион байгуулдаг байсан. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор сонгуулийн өмнө олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад тохиромжгүй гэж үзсэн учраас ЭЕШ-ыг сонгуулийн дараа зохион байгуулахаар шийдвэрлэсэн" гэх тайлбарыг өглөө.
ЭЕШ долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхлэх юм байна.
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл бичгийн шалгалт /цаашид МХБШ гэх/-д заавал хамрагдсан байна. Монгол хэл бичгийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах бөгөөд эхний шалгалтад хүндэтгэн үзэх шалтгаанаар хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалтад орж боломжтой.
Шалгуулагч нь ЭЕШ-д монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс хоёроос багагүй хичээлийг сонгон шалгуулна.
ЭЕШ-ын сэдэв даалгавруудыг тухайн хичээлүүдийн хөтөлбөрийн агуулгын хүрээнд тохирсон, шалгуулагчийн мэдлэг, танин мэдэхүйн түвшин, сурах ерөнхий чадварыг шалгахаар боловсруулан бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орох аж.
Зочин · 2024/05/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh