Өмнөх ярилцлага…

Дэлгүүрийн эзэн бид хоёрын яриа үргэлжилсээр л байлаа. 30 гаруй ам метр гэмээр талбайтай дэлгүүрт хүний хэрэгцээтэй бүхий л зүйлс байна. Өглөө, үдээс өмнө бага насны хүүхдүүд 300-гийн торхтой зайрмаг авч гүйлдэх нь олон байсан бол нар жаргаж, харуй бүрий болох үеэс 100, 300, 500 грамттай “Ерөө” нэлээд гүйдэг юм байна.

Дундуур нь талх, боорцог, зайдас эрэлттэй, хаа нэг өндөг авч харагдана. Бүр нэг тартагтаа тулж, тос граммалдаг, талх хуваадаггүй бололтой. Худалдагч эгч маань үе үе өрийн дэвтрээ нээж, бичилт хийх аж. Бараг гуйгаагүй байхад л дэвтрээ нээчихэж байна. Нөгөө хүн нь “Өнөөдөр мөнгөөрөө авна шүү” гэх. Өр нь 1.2 сая хүрчихсэн зээлдэгчийн тухай асуухад “Олон жилийн өмнөөс л зээл тавьдаг, буцаад төлчихдөг хоёр юм. Нөхөр нь Таван толгойд ажилладаг, олон хүүхэдтэй гэр бүл. Ажил нь дампуурчихсан уу яасан, сүүлийн нэг жил энэ тоон дээрээ гозойчихлоо. Саяхан манайхаар орж ирэхээр нь “Эгчдээ өрөө төлөх арга байна уу” гэсэн чинь “төлнө өө эгчээ” гээд гарна лээ. Хүн тэгэхээр юу хэлэх вэ дээ. Эхнэр нь архи уугаад явчихдаг (таван хүүтэй Б.Батмөнхийнх) айлын нөхөр өчигдөр манайд орж ирээд хоолны мах, гоймон аваад гарсан.

Сүүлийн хоёр өдөр хүүхдүүд нь ямар ч хоолгүй байсан юм шүү дээ. Яаж нялх амьтад тэснэ ээ. Өрөвдөөд нэг уут боорцог нэмээд өгөөд явуулсан” гээд л ерөөсөө энэ хүний амнаас гарсан үг бүр нь бусдад туслахыг хүсч явдаг нь илэрхий. Таван охинтой Б.Отгонжаргалыг үе, үе дуудаж дэлгүүртээ туслуулж, хүнсний юм илүүчилдэг гэнэ. Ингэхдээ бас л “Олон охидтой хүн шүү чи. Эр хүн л битгий гэртээ оруулаарай. Тэд яаж ч мэднэ” гэж Б.Отгонжаргалд захидаг. Яг л өндөр ээж шиг хүний амьдралын сонин дүр гэр хорооллын нэгэн буйдхан хэсэгт оршдог юм байна. Уг нь хороо дүүргийнхэн л энэ хүн шиг сэтгэл гаргаж, хэн нь ямар амьдралтай байдаг, яаж дэмжиж туслах вэ ба, бэ-гүй мэддэг баймаар.

Дэлгүүрээс гарч гудамжуудаар явлаа. Баруун салаа орчим уг нь сүүлд шинээр үүссэн гэр хороолол. Хэдий тийм ч архины хамааралтай болчихсон, ар гэр нь салж сарнисан, амьдрал тааруу хүмүүс амьдардаг нь илт. Хашааных нь хаалга үүд навсайчихсан, хаалганы хажууд модон жорлонтой айлууд олон. Хашааны дэргэдүүр өнгөрөхөд бохирын үнэр хамар сэтлэх нь холгүй. Тогтоод харвал жорлон нь яажийчихсан, хажуугаар нүх нь онгорхой, өтгөн шингэн харагдах айлууд ч байна. Бүрээс нь нар салхинд гандаж урагдсан муухан гэрүүд ч харагдана. Хүүхдүүд үе үе гүйлдэнэ. Бүр жаахан, хөлд ороод удаагүй гэмээр амьтад ч чулуун дээр хөл нүцгэн паацганана. Тэднийг ер хэн анхаарч байгаа бол гэх бодол төрөхөөр. Араас нь хүүе хаая гэж гарч ирэх ээж, аавууд алга.

Архины хамааралд орсон маш олон өрх гэр, иргэд байгааг дэлгүүрийн худалдагч тодорхой ярьсан. Тэд ихэнх нь эндхийн харьяалалгүй. Хаа холын Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уулд хаягтай иргэд ч байна. Орон нутгийнхан ч бий. Тэд айлын хашаа харах нэрээр, зарим нь түрээс төлөөд амьдардаг. Зарим нэг хэсэг нь ах дүү, таньдаг найз нөхдийнхөөрөө хоног төөрүүлж явдаг нь ч байна. “Би энд 10 гаруй жил амьдарч байна. Чи архины үүр уурхай ямар аймшигтай байдгийг мэдэхгүй байна. Архи гэдэг чинь хэцүү. Нэг л хамааралтай болчихвол огт гарч чадахгүй” гэх дэлгүүрийн худалдагчийн яриа яг л хороолол дунд байна. Бүрх малгайтай, 70 гаруй настай болов уу гэмээр, чихэндээ аппарат зүүсэн өвөө нэлээд согтуурсан янзтай гудамжны захад сууж байна. Хажууд нь өөрөөс нь нэлээд олон дүү бололтой идэр насны эртэй найзархаг гэдэг жигтэйхэн.

Яриад суувал чихний аппараттай өвөө эмнэлэгт хэвтээд гарсан гэнэ. Архи ууж байгаад зүрх нь өвдөж ухаан алджээ. Охин нь Налайхад амьдардаг. Эмнэлэгт хэвтэж гараад л дахиад л нөгөөхөө ууж эхэлсэн нь тодорхой. “Охин Налайх авч явна гэнэ. Би явахгүй гэсэн. Яах юм, гай л байна. Би өөрөө өөрийгөө мэднэ ш дээ. Хаа үхэхээ би өөрөө мэднэ, ха ха ха ха” гэж өвгөн хөхөрнө. Найз нь хажуунаас нь “Эмч дахиж архи ууж болохгүй гэсэн ш дээ” гэж орилоод сонссон шинж алга. Найз нь “Хашир гар сонсож байгаа. Хэргээр худлаа жүжиглэж байгаа юм. Охиныдоо очихгүй ээ, энэ” гэж тодруулж өглөө. Тэр хоёр Баруун салаанд өөрийн гэсэн гэр орон байхгүй. Танилындаа хоног төөрүүлдэг аж. Цаг дулаарчихсан болохоор нэлээд согтсон үедээ хашаа бараадаад унтчихдаг гэнэ. Ийм хүмүүс захаас аваад бий. Бараг хорооллоороо ч архи дарс хэрэглэчихдэг, зарим нь бүр хамааралтай болчихсон. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, амьдрал хэцүү хүмүүс байдаг тухай тэр эр ярина лээ.

Цаашлаад нэг их холдохгүй бас нэгэн залуутай таарлаа. Гартаа гялгар ууттай пүүз барьчихсан, нөгөө гартаа 100 граммтай “Ерөө” атгачихсан үе үе залгилж явна. Араас нь гүйцэж очоод жаахан ярилцлаа. Төв аймгийн Баянчандмань суманд мал малладаг. Нутгийнхан түүнийг Шомбооноо гэж хочилдог гэнэ. Эгчийндээ ирж байгаа нь энэ аж.

-Нас хэдтэй вэ. Гэр бүлтэй юу?

-Ах нь 42-той. Авгай аваагүй ээ.

-Үе үе уугаад байна уу?

-Хааяа л уудаг юм. Хөдөөнөөс орж ирээд л ууж байгаа нь энэ. Сард нэг л удаа юм уу даа. Уухдаа агсам согтуу байхгүй ээ ах нь. Би хөдөө хэдэн адуу, үхэртэй.

-Хүүхэдтэй юу?

-Нэг хүүхэд байгаа. Гэхдээ уулздаггүй.

-Амьдрал ямар байх юм?

-Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг дээ.

-Тэгвэл эхнэр аваач. Нутагтаа харж явдаг эмэгтэй байна уу?

-Би тоодоггүй юм. Нутгаасаа авгай авахгүй. Яах юм. Намайг угаасаа Төв аймаг руу ороод захын цагдаа андахгүй. Би өөрөө хүнийг их хүндэлдэг байхгүй юу. Хүнд тустай байдаг гээд хөлчүүрхсэн хүний яриа үргэлжлэх шинжтэй болохоор нь холдож одлоо.

Баруун салааны замаар нэлээд явж эцэс хүрэхийн наахна нь зам дагуу хороо байдаг юм байна. Хороо руу ороод хэсгийн ахлагчдын өрөөний хаалгыг татвал зургаан бүсгүй ямар нэгэн юм ярьж сууна. “Төрийн үйлчилгээ авч чаддаггүй, эсвэл авсан ч түүнийгээ зөв захиран зарцуулж чаддаггүй айл өрхүүд байна уу. Тийм амьдралыг бодит байдлаас нь сурвалжилж явна аа. Туслаач” гэхэд нэг их анхаарсан шинжгүй. Харин тэдний дундаас нэг бүсгүй “Нийгмийн ажилтантай уулз даа” гэж гадагшаа заав. Нийгмийн ажилтан гэх хижээл насны эр дээр явж очлоо. Учир байдлаа хэлбэл, “Би хүний хувийн мэдээллийг өгч болохгүй. Чи өөрөө л явж олох хэрэг гарах нь дээ. Би яахав чамд чиглүүлье. Энэ дор намагтай гудамжаар явах хэрэгтэй. Намагтай газар худалдаж аваад хүмүүст хулхидуулчихсан айл олон байгаа. Тэднийг олж уулз” гээд явж одов. Бодвол хүмүүст хулхидуулж, хороо хориноор явж шаналгасан айл өрхүүд байгаа бололтой. Бидний зорилго тэр биш учраас дараагийн хороог зорив. Зүүнсалааны эцэс орчимд зам дагуу бас нэг хороо байлаа.

Хүүхдийн баярын урьд өдөр байсныг тэр үү хорооны ажилчид баярын уур амьсгалтай угтав. Засаг даргынхаа өрөөнд цуглацгаажээ. Явж ороод зорилгоо хэлбэл, Засаг дарга бүсгүй “Хэвлэлийнхэн ингэж ирдэг юм. Гэхдээ та харсан байх. Манай хороо өнгөтэй зүстэй, архины хамааралтай, амьдрал тааруу өрх бараг байхгүй. Яахав, олон хүүхэдтэй өрх гэрүүд бол бий. Тэд яадгаа алдчихсан зүйлгүй. Харин та Баянзүрх дүүрэг рүү явбал хүмүүс олох байх” гэж байна. Гэвч бодит амьдрал дээр халамжийн мөнгө архины мөнгө болчихсон, архинд живчихсэн айл өрх захаас аваад байхад зарим хороо дүүрэг ийм байдлаар ажилладаг, ханддаг болж таарч байна.

Нийгэм ямар байгаа, ард түмний амьдралын түвшин хэр болсон, халамж хавтгайрсан уу, архидалт ядуурал байдаг юм уу гэх бодит байдлыг дээшээ уламжилдаг хүмүүс нь иргэд биш хороо дүүрэг. Тэдний үгээр л шийдвэр гаргагчид, харьяа яам, төлөөлж гарсан УИХ-ын гишүүд сонсож, нөхцөл байдлыг үнэлж байгаа. Амьдрал сайхан байгаа, манай хороо асуудалгүй, архины хамааралтай хүмүүс ховор, амьдралын түвшин тааруу хүмүүс байхгүй дээ гэсэн энэ байр суурь бодлогын түвшинд яаж буух нь тодорхой. Ядаж л ядуурлын түвшин, архины хамааралтай иргэдийн тоо бодит байдлаас доогуур гардаг болж таарч байна. Ерөөс гэр хорооллын иргэд тодорхой хэсэг нь ингэж халамжиндаа хавтгайрч, архиндаа живж амьдралдаа, ар гэртээ, үр хүүхдэдээ, нийгэмд анхаарахгүй байх нь улстөрчдөд ашигтай бололтой.

Үргэлжлэл бий…