Е9 визний ангилал Солонгост албан ёсоор ажиллах боломж олгодог
2024/06/05
БНСУ-д манай улсаас ажиллах хүч илгээдэг болоод 20 жилийн нүүрийг үзэж байна. Одоогоор манай улсын иргэд гэрээгээр ажиллахаас гадна цөөнгүй иргэд “хараар” буюу албан бусаар хөдөлмөр эрхэлдэг нь нууц биш. Тиймээс ЭСЯ-ны зүгээс Монголын талаас очиж ажиллах хүсэлтэй иргэд албан ёсоор, визний зөрчилгүй ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлдэг Е9 ангиллын визийг монголчуудад илүү таниулахад анхаарч ажиллахаар болжээ. Албан ёсоор ажиллах эрх олгодог визний энэ төрөлд Монгол Улсын квот 4000 гаруй байдаг ч хэлний шалгалтаас шалтгаалан төдийлөн энэхүү тоогоо гүйцээж чаддаггүй байна. Учир нь дээрх визний ангиллын гол шалгуур болох хэлний болон ур чадварын шалгалтыг авдаг. Солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэдээс авах ур чадварын шалгалт явагдаж дуусчээ. БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон шалгалтын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ монгол иргэдийг БНСУ-д ажиллахаар хүсэлт гаргасанд талархал илэрхийлж, аль болох гэрээний дагуу, визний зөрчилгүй ажиллавал илүү таатай нөхцөлтэй ажиллаж амьдрах боломжтой талаар онцгойлон захиж байлаа. Учир нь манай улсаас ажиллахаар очоод визний хугацаа хэтрүүлсэнээс болж дахин очих эрхгүй болох, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн эрхээ эдлэх боломжгүй болох зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг. Тиймээс иргэд дээрх сөрөг үр дагаврыг анхнаас нь гаргахгүйн тулд албан ёсоор ажиллах визний нөхцлөөр БНСУ-д ажиллаж байгаасай хэмээн хүсч байгаагаа тус улсад Хөдөлмөр эрхлэх иргэдийг зуучлах HRDK байгууллагын тэргүүн Ли Син Жэ мөн онцолж байлаа.
Н.Алтансувд: Очсон орныхоо хэлийг мэддэг байх нь монголчуудад маань хэрэгтэй
Энэхүү шалгалтын үеэр бид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч илгээх хэлтсийн дарга Н.Алтансувдтай цөөн хором ярилцлаа.
-Энэ жилийн ур чадварын шалгалтыг хэдэн шалгуураар авч байгаа вэ?
-Манай улс 20 дахь жилдээ ажиллах хүч БНСУ руу илгээж байна. Энэ жилийн хувьд ажиллах салбар нэмэгдсэн. Өнөөдрийн хувьд үйлчилгээний салбарт ажиллах иргэдээс үйлчлүүлэгчидтэй хэрхэн харилцах, ресторан, дэлгүүрт ажиллахад аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар ойр зуурын шалгалт авч байгаа.
-Энэ жил Монголоос БНСУ руу ажиллах иргэдийн тоо нэмэгдсэн гэж сонссон?
-Тиймээ. Өмнө нь 2500 орчим ажилтан явдаг байсан бол энэ жил энэ тоо 4000 болж нэмэгдсэн. Үйлчилгээний салбарт голдуу ажилладаг байсан бол энэ жилээс барилга, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ажиллах санал ирсэн.
-Солонгост ажиллахаар зорьж байгаа иргэдийг ямар шалгуураар сонгож байна вэ?
-Хэлний шалгалтад тэнцсэн хүмүүс ур чадварын шалгалтаа өнөөдөр өгч байна. Босго оноогоо авч тэнцсэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад БНСУ-ын тал руу материалыг илгээдэг. Тэндээс шалгарсан иргэдийг сургалтад хамруулаад сертификат олгоод явуулдаг.
-Монголын талаас ажиллах хүч илгээхдээ ямар бодлого баримталж байна вэ?
-Монголын талаас ажиллах хүч илгээхдээ аль болох нийгмийн баталгааг нь хангасан, хөдөлмөрийн хуулийн дагуу гэрээ байгуулж явуулах нь иргэдэд ирээдүйд нь хэрэгтэй. Тийм учраас үнэхээр БНСУ-г зорихоор төлөвлөсөн иргэд эхлээд хэлний шалгалтдаа сайн бэлтгээд тэнцэх нь хамгийн гол даваа. Гэхдээ хэлний шалгалт тийм хүнд биш. Хамгийн гол нь очсон улс орныхоо орчин нөхцөлтэй танилцах, ажил олгогчдынхоо хэлснийг ойлгож ажлаа хийх, цаашлаад эрхээ хамгаалах гээд солонгос хэлийг сайн мэддэг байх нь тухайн хүнд хэрэгтэй учраас энэ шалгуурыг заавал тавьдаг. Үүний дараа ур чадварын шалгалт авдаг.
Энэ үеэр шалгалт өгч байсан зарим залуучуудын сэтгэгдлийг сонслоо.
О.Халиунаа (21 настай)
-Монголд нэгэн их сургуульд сурч байгаад гарчихсан. Монголд ажилласнаас хамаагүй өндөр цалин авах боломжтой учраас БНСУ-д ажиллахаар шийдсэн. Энэ жил Солонгос явахаар хүсэлт явуулаад хэлний шалгалтандаа тэнцсэн учир өнөөдөр ур чадварын шалгалт өгч байна. Шалгалтын ярилцлага жаахан хүнд байлаа. Харин ур чадварын шалгалт хялбар санагдсан.
34 настай н.Ганбат:
Мэдээж цалин хөлс, амьдралын нөхцөл илүү байсан бол Монголдоо эх орондоо ажиллахыг хүсэлгүй яахав. Гэхдээ өнөөдөр Монголд тийм боломж алга байна шүү дээ.
Би физикийн багшийн анги төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш олон газар ажиллаж үзсэн ч тогтвортой ажиллах газар олдохгүй л байна. Монголд цалингаас гадна амьдрах орчин үнэхээр хүнд. Олон найзууд маань Солонгост ажиллаж байна. Би ч бас амьдралын баталгаатай, тайван орчинд ажиллаж амьдрахыг илүүд үзэж байгаа болохоор энэ шалгалтад орохоор шийдсэн. Анх удаа хүсэлт өгөөд тэнцсэн.
Б.НАНДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 111 (7355)
Зочин · 2024/06/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh