Иргэний зориг, ногоон намаас өрсөлдөж буй содон нэр дэвшигч
2024/06/13
УИХ-ын ээлжит сонгуулийн 12-р тойрог Хан-Уул дүүрэгт Иргэний зориг, ногоон намын урилгаар МУИС-ийн багш, дэд профессор Сэтэвийн Шаарийбуу нэр дэвшжээ.
Түүнийг Монголын ард түмэн 2006 онд Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав, хүний нутагт хэрцгийгээр хөнөөгдсөн охиныхоо амийг нэхэж, хэргийг шударгаар шийдүүлэхийн төлөө эцсээ хүртэл зүтгэж, үр дүнд хүрсэн мохошгүй тэмцэгч Монгол аав гэдгийг мэдэж, хүндэтгэдэг.
Энэ хэрэг бараг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон ч 16 жилийн дараа шүүхийн шударга шийдвэрийг Монголд төдийгүй гадны томоохон хэвлэлүүд мэдээлж байв. Монгол бүсгүйг хөнөөсөн хоёр офицер хэргээ хүлээж, хэргийн газрыг зааж өгч, түүн дээр нь хууль хяналтынхан ажилласан ч шийдэгдэхгүй л байсан. Хэрэг шийдэгдэхгүй яагаад ийм олон жил болов?
Нэг талд Малайзын Ерөнхий сайд, Шадар сайд байсан эрх мэдэл бүхий Разак Нажиб, түүний улс төрийн зөвлөх Разак Багинда болон тэр улсын хууль, цагдаа, шүүхийнхэн, тэдэнд зөвлөдөг гадаадын нэртэй хуулийн фирмүүд буюу бүхэл бүтэн институт зогссон. Нөгөө талд нь хохирогч болсон монгол аав С.Шаарийбуу ганцаараа зүтгэж, заргалдсан.
Малайзын алдарт өмгөөлөгч Сингх “Энэ хэргийг би шийдэж өгье дөө“ гэж сайхан сэтгэл гаргасан. Гэхдээ “Энэ хэрэг магадгүй 100 жилийн дараа ч шийдэгдэж мэднэ шүү, чи тэвчээртэй байгаарай” гэж хэлж байжээ. Хэргийг шалгаж байсан алдартай өмгөөлөгч Карпал Сингх осолд орж, амиа алдсан. Үндсэндээ түүнийг цааш нь харуулсан гэж үздэгээ С.Шаарийбуу хэлж байв.
Түүний ажлыг үргэлжлүүлэхээр алдарт өмгөөлөгчийн охин Сангит бүсгүй үнэнчээр зүтгэж, хуульч хүмүүс тууштай, мэдлэгтэй, тэвчээрэй байхын гайхамшгийг харуулж, 2022 оны 12-р сарын 17-ны өдөр С.Шаарийбуу, Монголын ард түмэн, дэлхийн шударга хүмүүс сайхан мэдээ сонссон билээ.
С.Шаарийбуу ганцхан “Уучлаарай” гэдэг үгийг хэлүүлэх гэж 17 жил явжээ. 2022 оны 12-р сарын 17-нд энэ үгийг хэлүүллээ. Хамгийн гол энэ хэргийн захиалагч хэн бэ? гэдгийг шүүх тогтоохгүй олон жил явсан бол мөн өдөр “Захиалагч нь Разак Багинда мөн” гэж нотолсон. Тийм өдөр ирдэг юм байна, үүнийг шударга хууль гэж хэлдэг юм байна хэмээн тэр дуу алдсан.
“Миний өмнөөс хэн ч дуугарахгүй, миний өмнөөс хэн ч уйлахгүй, миний өмнөөс хэн ч дуулахгүй. Хэрэг шийдэгдэх хүртэл би 300 гаруй өргөдөл бичсэн юм билээ.
“Миний өмнөөс хэн ч дуугарахгүй, миний өмнөөс хэн ч уйлахгүй, миний өмнөөс хэн ч дуулахгүй. Хэрэг шийдэгдэх хүртэл би 300 гаруй өргөдөл бичсэн юм билээ. Монголын төрд, Малайзад, Францад, Австралид, Хүний эрхийн байгууллагуудад, Монголын бүх Хууль зүйн сайдтай уулзсан.
Энэ 20-иод жилд сэтгэл зүйн хувьд, эдийн засгийн хувьд, амьдралын хувьд босох чадалгүй болтлоо хохирсон, сөхөрсөн. Яая гэх вэ, би азгүй юм. Хувь тавилангүй юм. Гэхдээ эцсийн зорилгоосоо ухрахгүй, энэ хэрэг шийдэгдтэл амьд явах ёстой” гэж зүтгэсээр Шударга шүүхийн шийдвэрийг сонссон билээ.
Эцэст нь та одоо яах гэж байна вэ? гэсэн асуулт гарна. Тэр 2022 оны 12-р сарын 19-нд мэдэгдэл хийх үедээ ингэж хариулж байв.
Би цаашид монгол хүний төлөө, шударга үнэний төлөө хүчтэй шүгэл үлээгч байна. Шударга бусын төлөө дуугарч, хүчээ нэгтгэдэг, ухаалаг сонголт хийдэг, хүнээ зөв сонгож чаддаг, шийдвэрээ гаргаж чаддаг, үр дүнд хүрдэг ард түмэн байцгаая. Үүний төлөө тэмцэцгээе гэж хэлсэн юм.
Энэ үг нь түүний УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвших уриа дуудлага, итгэл үнэмшил болсон биз ээ. Нэр дэвшигч Сэтэвийн Шаарийбуу Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул. Архангайн Багшийн сургуулийг төгсөж, Алтайнхаа арван жилд багшилж, ажлын гараагаа эхлүүлсэн. Мөн УБДС-ийг Дүрслэлийн геометр, шугам зургийн мэргэжлээр дүүргэж, Завхан аймгийн арван жилийн сургуульд багшилсан. Удалгүй Улсын дээд, тусгай дунд техник мэргэжлийн хороонд мэргэжилтэн болжээ.
Ажилчны район буюу өнөөгийн Хан-Уул дүүрэг байгуулагдаж, С.Шаарийбуу Хөнгөн хүнсний техникумын анхны орлогч захирлаар томилогджээ. Ажил үйлс нь үнэлэгдэж, ЗХУ-д суралцагчдын орчуулагч, хот хариуцсан захирлаар томилогдон Белые-Воды, Чимкент, Ленинград хотуудад ажилласан байна. Монголдоо ирээд МУИС-д 20 гаруй жил сэтгэл судлал, амьдрах ухаан, компьютер графикийн хичээлүүд зааж байсан профессор. Яруу найраг, тууж өгүүллэг, дууны шүлэг, кино зохиол болон амьдарлын ховор нандин санааг 30 жил цуглуулснаа ном болгон эмхтгэж, хэвлүүлэхэд бэлэн болгож байна.
С.Шаарийбуу УИХ-ын гишүүнээр сонгогдвол:
- Хүний эрхийн талаар хүчтэй дуугарч хэрэгжүүлэхэд нийт ард түмнийхээ “ЭРХИЙН ЭЛЧ” болж чадна.
- Гадаадад байгаа Монголчуудын эрхийг хамгаалах хүчтэй хуультай болгохын төлөө ажиллана гэж товчхон тодорхойлжээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх