УИХ-ын сонгуулийн дүн гарсантай холбогдуулан ИЗНН-аас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус намын дарга Б.Батбаатар, "Сонгуульд оролцож, иргэнийхээ үүргийг биелүүлсэн бүх хүнд талархал илэрхийлье. ИЗНН бол минималист, эко, шударга ёс, арчиллын төлөөх нам юм. Биднийг дэмжиж саналаа өгч, УИХ-д дэмжиж оруулсан нийт сонгогчдодоо талархснаа илэрхийлье.

Намын дарга Б.Батбаатар, Дуучин М.Нарантуяа тэргүүтэй дөрвөн хүн урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүнд дэмжигдсэн байна. Бид энэ сонгуулиар бусад нэм, эвсэл, нэр дэвшигчид рүү хар буруу хийсэнгүй. Өөрсдийн чиг шугамыг барин оролцлоо.

2024 оны 10-р сард Орон нутгийн сонгууль болно. Тиймээс Иргэний зориг гаргаж манай намаас нэр дэвшихийг уриалж байна. Энэ нам дотор агаар цэвэр, шударга ёс ноёлдог байна гэдгийг дахин илэрхийлж байна. Бид итгэлийг хариуцлагаар үүрч ажиллана" гэлээ.

Энэ үеэр намын жагсаалтын хоёроор УИХ-д сонгогдож буй М.Нарантуяа буюу Нарагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр "Маш их баяртай байна. Миний хувьд гурван удаагийн сонгуульд нэр дэвшиж байж сонгогдлоо. Энэ бол зүгээр нэг бэлэг биш ардаа асар том үүрэг хариуцлагатай, дарамттай он жилүүд үргэлжилнэ гэж бодож байна. Гэхдээ энэ бүх зүйлийг мэдэж байсан, төсөөлж байсан. Надад эмэгтэйчүүд, ээжүүдийн дэмжлэг давуу байсан болов уу гэж бодож байна. Тиймээс намаа төлөөлөхөөс гадна энэ бүлгийг төлөөлөн ажиллах болно" гэлээ.