"Парис 2024" олимпын хөлбөмбөг, рагбийн тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр гандбол, байт харваа, хөлбөмбөг, рагбийн тэмцээнээр үргэлжилнэ.

Байт харвааны чансаа тогтоох харваа болно. Энэ төрөлд "Алдар" спорт хорооны тамирчин Б.Отгонболд цэц сорих юм. Тодруулбал байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд чансаа тогтоох харваа Улаанбаатарын цагаар 20:15-д эхэлнэ.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний шат долоодугаар сарын 30-нд болох юм.

Сонирхуулахад Б.Отгонболд хоёр жилийн өмнө Азийн наадамд түрүүлснээр олимпын эрх авсан билээ. Тэрбээр уг тэмцээний чансаа тогтоох харваанд 662 оноо авснаар 20-д жагсаж байв.

Түүний хувьд "Парис 2024" хоёр дахь олимп. Гурван жилийн өмнө Токиогийн олимпын чансаа тогтоох харваанд 646 оноогоор 54-д жагсаж, эхний шатанд чансааны 11-д бичигдсэн БНХАУ-ын Ли Цзялуньд хожигдож байв.

iKon.mn сайт олимпод оролцох Монголын тамирчдын мэдээлэл, цагийн хуваарь, үр дүнг багтаасан "Парис 2024" тусгай хуудсаа нээгээд байна. Уншигч та цагийн хуваарь дээр дарж манай улсын аль тамирчин, хэдний өдөр, хэдэн цагаас өрсөлдөхийг харах боломжтой.