Орогнолын Засгийн газар гэдэг ойлголт энд, тэнд бий. Жишээ нь, Төвөдөд 1959 онд орогнолын засгийн газар байгуулагдаж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг.

Товчхондоо, Төвөд БНХАУ хоорондын харилцаанаас үүдэж, төвөдүүд Энэтхэгийн Дарамсала хот руу олноор дүрвэсэн. Тэндээ төр захиргааны байгууллага байгуулан төвхнөснөөр орогнолын Засгийн газар, парламент гэж нэрийддэг болсон хэрэг.

Үүн шиг манайд бас орогнолын Засгийн газар бий болчихоод байна. Төвөд шиг улс төрийн харилцаанаас үүдэлтэй биш ч байрлах орон байргүй болж, энд тэндхийн байгууллага, албан газрын хатавчинд шилжихдээ тулаад байгаа юм. Нэг ёсондоо Төрийн ордноос хөөгдсөн гэсэн үг. Тиймээс орогнолын гэж нэрийдээд байгаа хэрэг.

Орогнолын Засгийн газрыг маань эхлээд Тагнуулын ерөнхий газрын байранд шилжүүлэн байршуулах яриа тавдугаар сард хүчтэй яригдаж байлаа. Тагнуулынхныг Хөшигийн хөндий дэх Шинэ зуун мод гэх хот руу шилжүүлнэ гэж байв.

Одоо бол Тагнуулын байрыг нь болиод Кувейтын ам руу нүүлгэх тухай ярьж эхэлжээ. Ийнхүү улс төрийн тулгуур гурван засаглалын нэг гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэгч буюу Засгийн газар нь Төрийн ордноос жийгдэж, тагнуулын жижигхэн байранд хоргодох болоод эцэст нь Кувейтын ам руу шилжих болж байх шиг байна. Нэг бодлын Засгийн газар хаана байрлах нь тийм чухал биш, юу хийх нь чухал гэж харж болох ч нөгөө талаар энэ бол асар утга учиртай зүйл. Ер нь Монголын төр засгийн гол байгууллагуудыг ийм маягаар оролддог нь монголчуудыг, энэ улс орныг дэмий зүйлд бэлдэж байгаа явдал ч гэж харж болохоор юм.

Учир нь Улаанбаатар бол Монгол Улсын нийслэл гэдэг статустай. Үүнийг бүр Үндсэн хуулиараа хуульчлаад өгчихсөн. Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заасан.

Гэтэл сүүлийн жилүүдэд амтай болгон нь “Улсын нийслэлийг нүүлгэнэ” гэж ярьж, Үндсэн хуулийг зөрчдөг болж байгаа. Үндсэн хуулийг хэн ч зөрчих эрхгүй. Энэ бол нийтээрээ дагаж мөрдөх монголчуудын эцэг хууль. Энэ хуульд тодорхой хатуу заачихсан агуулгыг илт зөрчиж, улсын нийслэлийг Улаанбаатараас хулгайлах тухай ярьж байгаа нь азарганы дэлийг нь авахтай адилхан явдал болно. Улаанбаатар хот бол нүүдэлчин монголчуудын бүх цаг үеийн түүхэнд нэг сая хүн ам хол давсан анхны хот. Энд эдийн засгийн маш том хүч, бааз суурь, тогтолцоо урт удаан хугацаанд бий болчихсон. Өнөөдөр дэлхийн улс орнуудтай хөл зэрэгцэж алхах, хөгжил ярих бол аль ч улс эдийн засаг л ярьдаг. Эдийн засаг ярихгүйгээр өнөөдрийн цаг үед хөгжил ярих боломжгүй. Нөгөө талаар эдийн засгийн энэ тогтолцоо улсын нийслэл Улаанбаатартай шууд холбогдоно.

Монголын бүхий л том аварга аж ахуйн нэгжүүд, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компани, сангууд гээд эдийн засаг, бизнесийн эрэг шураг, бүхий л хөдөлгөгч хүч нь Улаанбаатарт төвхнөчихсөн. Улаанбаатараас нийслэлийн статусыг авахдаа тулбал эдийн засгийн энэ том хүчин чадал, нөөц бааз үгүй болно.

1.5 сая хүн амын өмч хөрөнгө салхинд хийснэ. Монгол Улсыг хөдөлгөж явдаг аж ахуйн нэгжүүд дампуурна. Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал шууд хөндөгдөж таарна.

Гэтэл ийм хорлонтой зүйлийг сүүлийн жилүүдэд маш эрчтэй ярих боллоо. Монгол үндэстэн өөрөө өөрийгөө ингэж хорлож сүйтгэхгүй. Тэгэхээр гадны даалгавар юм уу гэмээр гайхтал ярьж хэлэх хүмүүс хүртэл бий. Ялангуяа энэ тухай эрх баригч МАН-ынхан байнга ярьдаг болсон.

Бүр нарийн харвал Төрийн тэргүүний зүгээс идэвхтэй санаачилга ажиглагддаг болоод удаж байна. Улсын нийслэлийг Хархорумд байгуулах тухай шийдвэр тогтоол хүртэл гаргуулаад амжсан. Хэрэв энэ чигээрээ явахдаа тулбал Үндсэн хуулийн зөрчил болно. Тиймээс Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргах болж таарна. Нэгэнт улс орны тусгаар тогтнол хөндөгдөж, хүн амын Үндсэн хуулиар олгосон хаана хэрхэн амьдрах, өмчтэй байх зэрэг үндсэн гол эрхүүд зөрчигдсөн. Дээр нь Үндсэн хуулиндаа “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэсэн заалтаа зөрчиж байгаа учраас Цэцэд өгч УИХ-аар хэлэлцүүлэх ажил эхэлж таарах нь.