Өмнөд Солонгосын K-pop урлагийн тэргүүлэгч BTS хамтлагийн гишүүн Шүга согтуудаа цахилгаан скүүтер жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогджээ.

Тэрбээр саяхан замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн үндэслэлээр дуудагдаж, байцаалт өгснийг Сөүл хотын Ёнсан дүүргийн цагдаагийн газар өчигдөр мэдээлсэн юм.

Цагдаагийн мэдээллийн дараа Шүга k-pop фэнүүдийн Weverse сошиал платформоор дамжуулан олон нийтээс уучлал гуйжээ.

“Би та бүхний урмыг хугалсандаа маш их харамсаж, сэтгэлээр унаж байна. Хэдийгээр хүн бэртэж гэмтээгүй, эд хөрөнгийн хохирол учраагүй ч би зөвтгөх аргагүй буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Бүх хүмүүсээс чин сэтгэлийн уучлалт гуйж байна” гэж түүний мэдэгдэлд өгүүлсэн байна.

Болсон явдлын талаар Шүга бичихдээ “Оройн хоолны үеэр архи уусныхаа дараа би цахилгаан скүүтерээр гэртээ харьсан. Туулах зайг богинохон гэж бодож, согтуугаар цахилгаан скүүтер жолоодох хориотойг мэдээгүй нь миний алдаа боллоо. Би гэрийнхээ үүдэнд скүүтерээ тавих гэж байгаад унасан. Тэгэхэд хажууд цагдаа ирсэн байсан. Би согтолтын хэмжээгээ шалгуулсны дараа жолооны үнэмлэхээ хураалгуулж, торгууль төлсөн” гэжээ.

Шинжилгээгээр Шүгагийн цусан дахь спиртийн хэмжээ зөвшөөрөгдсөн түвшнээс их буюу 0.08 хувиас дээш гарсан тул жолооны үнэмлэхийг нь хураах үндэслэл болсныг цагдаагийн газар тайлбарласан байна.

Шүга энэ оны гуравдугаар сараас хойш цэргийн хугацаат албыг нийтийн үйлчилгээний ажлаар дүйцүүлэн хааж эхэлсэн юм. Тэр ирэх оны зургаадугаар сард уг албаа хааж дуусгах ажээ.

Эх сурвалж: Yonhap News