Гадаад улсад мөрийтэй тоглоомын сайт байгуулж иргэдийг хохироосон этгээдүүдийг олж тогтоон хуулийн хариуцлага хүлээлгэнэ
2024/09/04
Эрүүгийн цагдаагийн алба болон Мөрдөн байцаах алба хамтран "Хянамгай байя" аяныг улсын хэмжээнд зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Энэ арга хэмжээний зорилго нь гэмт хэргийг илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг олж тогтоох, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийг богино хугацаанд шийдвэрлэх, мөн гэмт хэргийн улмаас эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх юм.
Уг аяны хоёр үе шаттай зохион байгуулна. Тодруулбал хулгайлах, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэгддэг цахим мөрийтэй тоглоом болон хар тамхины гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, таслан зогсоохоор төлөвлөжээ.
Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын ахлах мэргэжилтэн Х.Түвшинбаяр "Олон улсад цахим залилангийн гэмт хэргийн улмаас 2023 онд найман их наяд ам.долларын хохирол учирсан тооцоо гарсан. Нэг сард 636 тэрбум ам.доллар, өдөрт 21.9 тэрбум ам.долларын хохирол бүртгэгддэг.
Манай цагдаагийн байгууллагад он гарснаас хойш нийт 24,811 хэрэг бүртгэгдсэн. Үүнээс залилах гэмт хэрэг 7,063 буюу нийт гэмт хэргийн 28.5 хувийг эзэлж байна.
Нийт залилангийн гэмт хэргийн 58 орчим хувь нь буюу 4,095 нь цахим орчинд үйлдэгдсэн. Цахим хэрэглээ өсөхийн хэрээр гэмт хэрэгтнүүд цаг хугацаа, орон зайг үл харгалзан зохион байгуулалтад орж, хэнийг ч хохироох эрсдэл бий.
Цахим гэмт хэргийн улмаас энэ оны байдлаар иргэдэд 209 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг насны ангиллаар нь авч үзвэл 30-34 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа бол эрэгтэй 1,377, эмэгтэй нь 1,784 хохирогч байна" гэв.
"Гадаад улсад мөрийтэй тоглоомын сайт байгуулж иргэдийг хохироосон этгээдүүдийг олж тогтоон хуулийн хариуцлага хүлээлгэнэ"
Үргэлжлүүлэн "Цагдаагийн байгууллагад 2020 оноос хойш Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17-д зааснаар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 1,375 бүртгэгдсэн. Эрүүгийн цагдаагийн алба 81, мөрдөн байцаах алба тав, орон нутгийн цагдаагийн хэлтсүүд 436 хэргийг шалгасан бол дүүргийн цагдаагийн хэлтсүүд 853 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Нийт хэргээс шүүхэд шилжүүлэх саналтай 349, хэрэг бүртгэгдэж хаах саналтай 491, харьяаллын дагуу шилжүүлэх 18, нэг хэргийг нөгөөд нь нэгтгэх саналтай 144, одоогийн байдлаар 373 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн цагдаагийн байгууллагаас 2021-2023 оны хооронд Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ), Монгол Банк, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, үүрэн холбооны оператор компаниудтай хамтран "Хяналт 1, 2" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд мөрийтэй тоглоомын 3,508 домайн хаягийг Монгол Улсаас хандах эрхийг нь хязгаарласан.
Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашигласан 2,715 дансанд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг УЕПГ-ын зөвшөөрлөөр хязгаарласан, хууль бус мөрийтэй тоглоом сурталчилсан, зохион байгуулсан 102 цахим хуудас, группийг устгуулах саналыг холбогдох байгууллагад нь тавиад байна.
Монгол Улсын иргэд гадаад улсад тэр дундаа Тайланд, Турк, Филиппин, Вьетнам зэрэг улсад очоод мөрийтэй тоглоомын вэб сайт байгуулж, иргэдийг хохироох асуудал бий.Энэ гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг олж тогтоох, мөрдөн шалгах ажиллагааг Интерполын Үндэсний Товчоотой хамтран зохион байгуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг Монгол Улсад авчирч, манай улсын нутаг дэвсгэрт үйлчилж байгаа хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ" гэсэн юм.
Зочин · 2024/09/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono