Гэр бүлээс гадуур залуу эмэгтэйтэй дотно харилцаатай байсан гэх дуулиан дэгдээд олон хоносны дараа Итали улсын соёлын сайд Баасан гарагт албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн сард Мариа Росариа Бочча хэмээх бүсгүй сошиал сүлжээнд сайд Женнаро Санжулианотой янз бүрийн арга хэмжээний үеэр хамт авхуулсан гэрэл зургуудаа нийтэлж эхэлсэн юм.

“Олон өдөр шаналсны эцэст би соёлын сайдын албан тушаалаасаа огцрох шийдвэрийг эргэлт буцалтгүйгээр гаргаж байна” гэж Санжулиано ерөнхий сайд Жоржиа Мелонид бичсэн захидалдаа өгүүлжээ.

Хариуд нь Мелони түүнд ажил үүргээ онцгой сайн гүйцэтгэж байсанд нь талархал илэрхийлсэн байна.

Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Итали улс Их Долоогийн бүлгийн орнуудын соёлын сайд нарын чуулганыг зохион байгуулах гэж байхад Санжулиано огцорч байгаа юм.

Ерөнхий сайд Мелони соёлын сайдын суудалд Италийн 21 дүгээр зууны үндэсний урлагийн музей MAXXI-ийн захирал Алессандро Жюлийг нэр дэвшүүлжээ.

зураг

 

Бочча, Санжулиано нар

Лхагва гарагт Санжулиано албан тушаалдаа үлдэхийн тулд телевизийн нэг сувагт урт ярилцлага өгч, Боччатай ямар харилцаатай байснаа дэлгэрэнгүй тайлбарлаж байв.

Янаг амрагийн харилцаа нь тавдугаар сард эхэлж, долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр өндөрлөснийг тэр энэ үеэр ярьжээ.

Наймдугаар сарын сүүлээр Бочча өөрийгөө соёлын сайдын зөвлөхөөр томилогдох гэж байгааг Инстаграм хуудсандаа мэдээлж, Санжулиано үүнийг няцааж байсан юм.

Үүний дараа Бочча сайдтай хамт янз бүрийн арга хэмжээнд оролцож байсныг харуулсан гэрэл зургуудаа, бас харилцаж байсан цахим шуудангуудаа, төлүүлсэн онгоцны тасалбарын зургаа сошиал сүлжээнд нийтэлж эхэлжээ.

Ярилцлагадаа Санжулиано түүний нисэх онгоцны тасалбарыг хувиасаа төлснийг харуулсан банкны хуулгаа үзүүлж, төсвийн мөнгийг үүнд зарцуулаагүйгээ баталж байв.

Сайд бас эхнэрээсээ, ерөнхий сайдаас уучлал гуйж байжээ. Мөн Боччагийн эсрэг шүүхэд гомдол гаргахаа мэдэгдэж байв.

зураг

 

Санжулиано эхнэр Федерика Корсинигийн хамт

Баасан гарагт La7 телевизээр Бочча ярихдаа сайдыг “энэ албан тушаалд ажиллах чадвартай хүн. Огцорсонд нь би үнэхээр харамсаж, уучлал гуйж байна” гэжээ.

Гэхдээ тэр өөрийгөө үүнд ямар ч буруугүй тул шүүхэд дуудагдахаас айхгүй байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP