БНСУ-ын "Өршөөлийн сар" Есдүгээр сарын 30-наас эхлэнэ
2024/09/26
БНСУ-ын хууль зүйн яамнаас солонгос улсад хууль бусаар оршин суугаа иргэдийг багасгах үүднээс жил бүр өршөөлийн сарыг зарладаг. Энэ жилийн өршөөлийн хуулийг ирэх Даваа гариг буюу есдүгээр сарын 30-наас эхлүүлнэ.
Тодруулбал, өршөөлийн хуулийн хугацаанд нутаг буцсан тохиолдолд торгуулийн мөнгөнөөс чөлөөлөхөөс гадна эргэн хилээр орж ирэх эрх нээгдэх боломжтой.
Хэрэв энэ хуульд хамрагдан нутаг буцахаар шийдсэн бол цагаачлалын албаны 1345-луу залгаад 7 дугаарыг дарж монгол ажилтнаас сайн зөвлөгөө авах боломжтой байна. Мөн ирэх сарын 1-нээс эхлэн хууль бус иргэдтэй тэмцэх баривчилгааны шалгалтыг хийхээр яригдаж байгааг анхааруулж байна.
Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр “Өмнөд Солонгосын цагаачлалын албанаас гаргасан 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тус улсад Монгол Улсын 53 мянга 38 иргэн ажиллаж, амьдарч байна. Энэ тоонд визийн хугацаа нь дууссан буюу харласан иргэд багтаж байгаа” гэв.
Иргэд нутаг буцах хүсэлтээ цахимаар гаргах мөн боломжтой байна.