А.Өлзийням: Төв аймгийн Баянчандмань сумын засаг дарга Г.Ариунболдод зодуулснаас хойш гурван сарын хугацаанд Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа өөрчлөгдсөн
2024/10/07
Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдод зодуулж, хохирсон гэх иргэн А.Өлзийням мэдээлэл хийлээ. "Би Г.Ариунболдод 2024 оны 7 дугаар сарын 13-ны орой гурван удаа зодуулж, ширээ сандал эвдэлчихээд үг хэлээр доромжилсонд би гомдолтой байна.
Би хоолны газар ажиллуулдаг. Гэтэл манай Засаг дарга ирсэн манай ажилчдыг зодож байхаар нь юу болсон гэсэн намайг мөн зодсон. Тэгэхээр би цагдаа дуудахаар гарч, эргээд ирэхэд сандлаар намайг цохиж хөлөөрөө дэвссэн. Цагдаа намайг хамгаалахаар ирсэн гэж бодоод намайг хамгаална гэж бодсон чинь Засаг дарга ирсэн цагдаагийн нүдэн дээр чулуун тавцантай ширээ хугартал намайг дахин зодсон. Тэр бичлэг цагдаагийн энгэрийн камерт бичигдсэн. Бичлэгээ надад ч үзүүлсэн. Цагдаагийн хэлтсээс би тэр бичлэгээ авъя гэх хүсэлт маш их тавьсан ч төрийн нууц гэдэг шалтгаанаар надад өгөөгүй. Би зодуулаад тэр дороо гэмтлийн эмнэлэгт очсон. Хоолны газрыг засвараас эхлээд хоёр өдөр тал ажиллуулаад зодуулсан байдаг юм.
Шүүх эмнэлгийн дүгнэлтүүд удаа дараа худал буюу зүв зүгээр гэх дүгнэлт гарсан. Дараа нь надаас уучлал гуйхын оронд намайг газар авах уу гэж аргалахыг оролдсон. Би авахгүй гэсэн. Нэг газар өгчихөөд би насаараа дарамтлуулах юм уу. Миний баруун чих рүү алгадсаны дараа байнга дүнгэнэдэг болсон, миний өвдөг байнга хатгуулж эрүү ам зуурдаг болсон. Ийм хор уршигтай байгаад байхад шүүх эмнэлэг яагаад худлаа дүгнэлт гаргадаг юм. Би Төв аймгийн шүүх эмнэлэгт маш их гомдолтой байна. Би Баянчандманийн болон Төв аймгийн цагдаад итгэхгүй байна. Г.Ариунболд өөрийн ФБ аккаунтаар надаас уучлал гуйхын оронд намайг харлуулж, гүтгээд доромжилж байгаа юм бэ. Энэ хүн өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан ч хэрэг нь хаагдчихдаг. Ийм бусармаг хүн Төв аймгийн Баянчандмань сумын МАН-ын даргыг хийж байна. Иймээс би Хууль зүйн яаманд хүртэл гомдол гаргасан байгаа" гэлээ.