УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ жилийн хаврын чуулганаар батлагдсан билээ.

Энэхүү шинээр батлагдсан хуульд үндэсний их баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, түүнчлэн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгохоор болсон.

Харин улсын "далай аварга" цолыг хассан. Тэгвэл дөнгөж сая даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт  "дархан аварга" цол, тэмдгийг нь гардуулан өглөө.

А.Сүхбат аварга "наадмаас өмнө "дархан аварга" цолоо хүртээх юм бол энэ жилийн баяр наадмаар ард түмнээ хүндэтгээд зодоглоно" хэмээсэн. Ямартай ч тэрбээр "дархан аварга" цолоо гардан авсан болохоор улсын баяр наадмаараа зодоглон наадамчин олноо баясгах нээ.

Х.Даваа