Улаанбаатар хотын шинэ тойрог зам нь Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун-Овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдох юм байна.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын тойрог хурдны зургаан эгнээ зам нь Дэлхийн банкны санхүүжилтээр баригдана. Уг зам нь гэрлэн дохиогоор зохицуулагдахгүй бөгөөд Нисэхийн хурдны замтай холбогдоно. Зам барих газар чөлөөлөлтийг хийсэн.

Харин нэгдүгээр тойрог хурдны зам нь Нэгдүгээр хорооллын хажуугаар гүүрээр гарч Баянхошуу, Сэлбээр тойрч Чулуун-Овоо гэсэн чиглэлээр явж Туулын хурдны замтай холбогдоно. Нийт 26.7 километр зам баригдана. Хятадын шинжлэх ухааны академи тендерт шалгарч, уг замын ТЭЗҮ-ийг хийж байгаа. 

Эхний ээлжид тус тойрог замын эхлэл болох Наадамчдын зам дээгүүр баригдах зургаан эгнээ, дөрвөн талдаа эргэлттэй гүүрний тендерийг Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр зарлана. Зургаадугаар сард тус гүүрнээс үргэлжлэх 26 километр тойрог замын тендерийг зарлахаар ТЭЗҮ-ийг боловсруулж байна. 

Сэлбийн хурдны замыг Дунд голоос Туулын хурдны замтай, эргэлтгүйгээр холбоно.

Туулын хурдны замыг барихтай холбогдуулан Да хүрээ, Нарантуул захыг хотын хоёр талд хурдны замын төгсгөлд гаргана. Хот дотор машин заруулахгүй гэсэн санаа. Одоо газар чөлөөлөлт эхлэх гэж байна.

Туулын хурдны замын хувьд одоогийн байдлаар нэгдүгээр сарын 31-ний өдөр олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөөд байна" гэж танилцуулав.

 

Эмээлтийн тойргоос Баянзүрхийн гүүр хүртэлх 33 орчим километр урттай 6 эгнээтэй Туулын хурдны замын гэрээ байгуулах ажлыг мөн дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ.