УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаан үргэлжилж байна.

Б.Энх-Амгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг прокуророос гаргалаа. Үүний дагуу шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орсон байна.

Тэднийг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж байсан .

 

Улмаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нар гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг есдүгээр сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.

 

Тэгвэл шүүх шийдвэрээ танилцуулж, З.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэсэн байна.

 

Харин Б.Энх-Амгаланд холбогдуулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т заасан улс төрийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашигласан нь үндэслэлтэй гэж үзэн гэм буруутайд тооцжээ.