Хоёрдугаар сарын 9-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларна
3 цагийн өмнө
Хоёрдугаар сарын 08-12-ныг хүртэлх ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Энэ сарын 7,8-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байх бол 9-ний өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм байна.
Хур тунадас:
- Хоёрдугаар сарын 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Хоёрдугаар сарын 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- Хоёрдугаар сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,
- Хоёрдугаар сарын 9-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор,
- Хоёрдугаар сарын 10-нд нутгийн зарим газраар,
- Хоёрдугаар сарын 11-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Хоёрдугаар сарын 9-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус,
- Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -17...-22 градус,
- говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3…-8 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -8...-13 градус,
- бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.