Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзандан мэдээлэл хийхдээ Жаргалсайхан гэх эрхмийн талаар мэдээлэл ярьсан нь олны анхаарлыг татаад буй сэдэв боллоо. 

Тэрбээр мэдэгдэхдээ, Стратегийн ордоос 9-ийг нь хувийн компаниудад 1997-2005 оны хооронд шилжүүлсэн нөхрийг одоо зарлана. Тэр бол 1997-2004 оны хооронд Ашигт малтмалын газрын даргаас ажиллаж байсан н.Жаргалсайхан. Энэ нөхөр улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн ордуудыг хувийн компаниудад шилжүүлсэн. Энэ хүн одоо өөрөө Цайрт менералаас хувьд эзэмшдэг. Наана байгаа хүмүүс энэ хүний гар хөл болсон хүмүүс. Халзан бүргэтэй гэж стратегийн орд. Гэтэл энэ нөхөр хувийн компанид олгосон. Бороо гоулд, Ухаа худагийг ч энэ хүн хувийн компанид шилжүүлсэн. Энэ хүн одоо гурван стратегийн ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байгаа хэмээсэн. 

 Д.ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ

 Д.Жаргалсайхан гэгч нь 1997-2004 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллахдаа Монголын нийт газар нутгийн 40 орчим хувьд нь 6000 гаруй хайгуулын лиценз олгосон гэх тоо бий. 

Д.Жаргалсайхан 1997 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга болохтойгоо яг зэрэгцээд “Майн инфо” ХХК-ийг байгуулжээ. Улмаар 1999 оны аравдугаар сард “Майн инфо” ХХК-аараа Таван толгойн нүүрсний ордын 1900Х, 1901Х дугаартай хайгуулын лицензүүдийг авсан. Ингээд Д.Жаргалсайхан 2004 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаас чөлөөлөгдсөн.

2005 онд Д.Жаргалсайхан нь Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ерөнхий сайд асан Сү.Батболд, MCS-ийн Д.Оджаргал, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Ц.Цэнгэл, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар, “Шунхлай”-н Г.Батхүү агсан, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсан, УИХ-ын гишүүн асан Ц.Идэвхтэн, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр нартай хамтран өнөөх хав дарсан Таван толгойн ордын лицензүүдээ ашиглахаар “Энержи ресурс” ХХК-ийг байгуулсан түүхтэй гэнэ. 

Үүнээс харахад одоо цагт олны анхаарлыг татаад буй “Энержи ресурс” ХХК-ийн шанг татсан, гол зохион байгуулагч нь Д.Жаргалсайхан гэгч байжээ. Улмаар монголын нэгэн цаг үеийн бүх олигархиудыг нэгтгэж байгуулагдсан “Энержи ресурс” ХХК явцын дунд МCS гэдэг толгойтой болсон аж. 

Харин анхны хувьцаа эзэмшигчид буюу Д.Жаргалсайхан, Сү.Батболд, П.Очирбат, Т.Бадамжунай тэргүүтнүүд хэр хэмжээгээр хэтэвчээ дүүргээд “Энержи ресурс” ХХК-ийг орхисон гэдэг.