Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзандан мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: " Ямар аугаа их баялагтайгаа зарим Монголчууд мэдэхгүй яваа. Метрог бид нар найман их наядаар барих гэж байгаа. МАК гэдэг компани Нарийн сухайтын орд дээр найман жил үйл ажиллагаа явуулсан.

27 их наядын орлоготой. Гурван метро барих хэмжээний мөнгийг найман жилд МАК олсон байна. Энержи ресурс гэж компани байгаа. Тавантолгой дээр хоёр орд ашиглаж байгаа.

Сүүлийн найман жилийн дотор 13 их наядыг олсон. Энэ мөнгөөр метро барьж чадна, Туулын хурдны замыг барьж чадна, бага зэрэг мөнгө нэмчихэд Богд уулыг ч нүхэлж чадна гэсэн үг" гэв.

 "Хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдсөөр байгаад ЗГ-ын эзэмшиж байсан "Эрдэнэт үйлдвэр"-ийн 26 хувь нь алга болсон.

6.5 хувь нь иргэн Ж.Дамдинжавд, 10 хувь нь "Мико холдинг" ХХК-д шилжсэн. "Мико холдинг" ХХК нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ш.Отгонбилэгийн эхнэр Д.Туяагийн нэр дээр байдаг. "Эрдэнэт концерн" дээр байсан 16 хувийг АНУ-ын компани руу шилжүүлээд, буцаагаад иргэн Ж.Дамдинжав руу шилжүүлсэн байна.

Үлдсэн 10 хувийг нь "Мико холдинг" буюу Ш.Отгонбилэг агсны эхнэр, хүүхдүүд эзэмшиж байгаа. ТӨК-ийн захирал хүн компанийнхаа хувийг эхнэр, хүүхдүүд рүүгээ шилжүүлээд, өөрөө бурхны орон руу явсан гэсэн үг"

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд "Намайг амаа хамхиж, дуугүй байхыг зарим нэг нөхдүүд шаардаж байгаа. БЭТ бол ЗОЛБИН НӨХӨР гэж доромжилж байна.

Том дарга нар уураа хүрэхээр Төрийн ордноос БЭТ-ийг заналхийлж байна. Ж.Батзанданг зогсоож чадахгүй шүү" гэлээ.