Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.Тэрээр “Бүрэн эрхт төлөөлөгчийн төлөвлөгөөг Засгийн газар баталж өгсөн.

Ажлын алба энэ төлөвлөгөөний дагуу аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрээ эхлээд явж байна. Гуравдугаар сардаа багтааж “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс молибдены ордын үүсмэл гурван ордыг эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж долдугаар сард гэхэд дуусгасан байх ёстой. Нарийнсухайтын лиценз эзэмшигч долоон аж ахуйн нэгжтэй хэлэлцээрээ гуравдугаар сард эхлүүлнэ.Стратегийн ордод тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа 26 аж ахуйн нэгж байна. Эхний 13 аж ахуйн нэгжийн нэрийг гаргаад хэлэлцээр хийх саналаа хүргүүлсэн. “Саусгоби сэндс”, МАК компани, Хүрэн толгой коал майнинг компани, Нэт говь энержи зэрэг компаниуд хэлэлцээр хийх хүсэлтээ ирүүлсэн. Эрдэнэтийн овоолгыг ашиглаж байгаа Ачит-Ихт, Эрдмин, Зэс Эрдэнийн хувь гэсэн гурван компани үйл ажиллагаа явуулж байна гэв. 

Мөн  Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан 39 ордыг стратегийн ордод бүртгэх санал дээр найман ордыг нэмж стартегийн ордод бүртгүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлж байгаа гэлээ.