“Улс төр хэмээх Ясны төлөөх дажин”
2013/04/25
Төр бол улстөрчдийн ярьдаг шиг амьгүй хоосон зүйл биш. Сэтгэлгээний түвшинд бол амьд. Тэр дан ганц хүн биш, тэр улс орныг удирдах эрхийг эдэлж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн цул байдаг. Эртний түүхээр бол алтан ураг, шинэ түүхийн утгаар бол намууд гэж болох.
Монгол төрийн түүхийг харахад, ихэнхидээ дотоодын дажин байдаг. Нэг л их хоорондоо алалцаж, хядалцсан, хэн нэгнийгээ юм уу, хэсэг бүлгээ урагшаа юм уу, хойшоо, нэг бол модон илжгэнд үгүй бол Москвад Любянкад аваачиж хороолгосон байдаг. Харин гадагшаагаа хийсэн дайн нь худалч хүнд хоёрхон гэхэд болно. Нэг нь Чингисийн байлдан дагуулал, нөгөөх нь 39 оны Халхын голоос 45 оны чөлөөлөх дайн. Энэ хоёроос бусад үлдсэн бүх цагт бид бие, биентэйгээ дажинтай байжээ. Эхэндээ дэлхийн талыг эзэлсэн агуу том улсыг хуваан захирах дотоодын самуун нь тийм ч аюул ихтэй байсангүй. Таслаад л авчихна. Гэвч сүүлдээ эзэлсэн улс орнуудаасаа зугатаж, буцаж Хархоринд төвлөрөх болсон тэр үеэс л асуудал хурцдав.
Одоо хэн, аль хэсгийг нь тасалж авах вэ? Урьд нь улсаа 4 өнгөнд хуваадаг байсан их гүрний сүүдэр, баруун, зүүн гэж нэгэн биений хоёр гар бие, биенээ хэмлэх болов. Энэ нь эцэс сүүлдээ зүүний шашины том мяндагтан, соёл урлагийн их мастер нөхөр, барууны бас л шашины мяндагтан, гэхдээ дайны мастер нөхөртэйгээ муудалцаж монголын тал эзгүйрснээр, үндсэндээ Монгол төрийн бодлого урд юм уу, хойноос шууд шалтгаалах болсон. Уг нь урьд нь урвагчдаар дамжуулж нөлөөлөх гэдэг байсан бол сүүлдээ шууд л өөрийнхөө тоглоомын хүнийг удирдагчаар нь тавьдаг болов. Тэр их түүхийг товчлоход ийм байна.
1990 оны үйл явдлын дараа оросын цэргүүд гарахад, сая л нэг юм бид хэнээс хараат бус амьдрах эрхтэй гэдгээ мэдэв. Хэн юу хийснийг, бүгд мэдэх учир одоо дахин дурьдах шаардлага алга.
Харамсалтай нь ингэж эрх чөлөөтэй болсон тэр өдрөөс хойш, бид дахин дажинд автаж эхлэв. Энэ дажин нь мэдээж, бүх л хүн төрөлхтний бүх цаг үеийн, хамгийн агуу шалтаг болох, эрх мэдэл, эд хөрөнгөтэй холбоотой. 2 сая хүрэхгүй хүнд хэдэн арван нам ноогдох болов. Гэхдээ хоёр цуллаг намууд буюу нэг нь хуучин төр барьж байсан, нөгөөх нь тэр төрийг унагаж чадсан нөхдүүдийн намууд улстөрд гол жин дарж байв. Энэ жинг дарж байгаа хоёр нам дотроо болон хоорондоо цаг үргэлж улс төр гэсэн ясыг хайр найргүй, нойр хоолгүй булаалдаж байв.
1992 онд шилжилтийн хурц үйл явцад дургүйцдэг, хөрөнгөтний зах зээлийг Маркс, Ленинээс онолоос л уншсан учир айж явдаг, урьд нь бага байсан идэж уух нь бүр хомсдсон, ажилгүй болж амьдрал нь доройтсон бас ардчиллын тухай А гэх мэдлэггүй иргэдийн дийлэнхи нь хуучин намаа дугуйлсан учир МАХН ялав.
Харин 1996 онд бага сага ч гэсэн юм үзэж, нүд тайлна гээч болсон иргэд, ер нь энэ ардчилал, зах зээл чинь дажгүй байж магад гэх энгийн төсөөлөл, залуучуудад нэг өгөөд үзье гэсэн нийгмийн сэтгэл зүйтэй нягт уялдаатайгаар “Ардчилсан холбоо эвсэл” олонхи болж чадав. Мэдээж энэ ялалтанд тухайн үеийн анхны Ардчилсан Ерөнхийлөгчийн үүрэг ролийг үгүйсгэж үл болно. Бас АХ эвсэл 50 суудал, МАХН 25 суудал авсан байтал, +1 гэгдэх хамгийн чухал суудал МАХН тал руугаа гэхдээ, ард олны дунд шударга тэмцэгч нэртэй хүнд ноогдсон нь бас л судлууштай түүх. Бас Ардчилсан хүчний хямралд 97 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн шууд нөлөөлсөн нь ч үнэн.
Ийнхүү Ардчилсан холбоо эвсэлд орсон намуудын дотоодын дажингийн үр дүнд, 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулав. Энэ ялалтыг удирдсан хүн нь өөрөө ирээдүйд түүхт МАХН-ыг 2 хувааж саринулах юм гэж тэр үед хэн ч санаагүй. Бас нэг сонирхолтой зүйл нь тэр үеийн АН /МҮАН/, Шашинтны ардчилсан нам гэдэг нийгмийн дэмжлэгийг аваагүй, намтай эвсэл болж орсон нь сонирхолтой бөгөөд алдаатай алхам болсон. Бодвол, барууны улс төрд, тэр дундаа манайхны хууль эрхзүйгээр холбогддог эх газрын буюу Европын улс орнуудад ардчилсан хүчнүүд нь шашны чиг хандлаган дор улс төрийн үйл ажиллагаагаа явуулдаг туршлагын амжилтгүй тургшилт болсон байх. Би түүхийг өөрийн өнцгөөс гэхдээ товчлон дурьдаж байгаагаа дахин сануулсуу.
2004 онд ер нь аль нэг нам нь хэт олонхи байх онцгүй юм байна гэсэн иргэдийн сонголтоор бараг ойролцоо санал авсан учир сонгуулиар МАХН, АН тэргүүтэй “Зөвшилцлийн” ЗГ байгуулав. Энэ сонгуульд АН дотоод нөөц бололцоогоо шавхахын оронд, тухайн үеийн удирдлагын харанлган бодлогын уршгаар гаднаас хүч нэмж “Эрэл”-ийн Эрдэнэбатын намтай эвсэл болж орсон нь мөн л ирээдүйд үргэлжлэх дажингийн үрийг тарьсан хэрэг байв. Тухайн үед намаасаа нэр дэвших бололцоогүй болсон АН-ын 3 гишүүн бие даан их хуралд орсон нь үүний тод жишээ. Хэрэв АН дотоодын хямралаа даван туулж чадсан бол энэ сонгуульд ялах бололцоо байсан нь эндээс харагддаг. Бас Гүндалай одоогийн Централ тауэрийн барилга луу баахан эмгэд, хөгшид дагуулж хашааг нь нурааж, нөгөөдүүл нь хятад ажилчдынх нь хоолны махыг хувааж авсан нь, тэр үед төр баригч, түмэн олон хоёрын амьдралын ялгааг тод харуулав.
2008 онд МАХН 45, Ардчилсан Нам 28, бусад нам болон бие даагч 3 хүн их хуралд сонгогдов. Гэвч 7сарын 1-нээс болж, стандарт бус Хамтарсан гэгдэх Засгийн газар байгуулагдав. Энэ Засгийн газар өөрсдийгөө Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөсөн гэж өмөөрдөг ч, яг үнэндээ нийгмийн сэтгэлзүй өнөө хэр эдгээр стратегийн асар том орд газруудын гэрээг эргэн харах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байгаа нь, хожим юуны үр болж ургахыг хэлж таамаглахад бэрх. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч ялав. Үүнд урт шар дээлт л биш бол, хэн ч яахав гэсэн нийгмийн болоод намынх нь дотоод уур амьсгал хүчтэй нөлөөлсөн нь дамжиггүй. Энэ ялалт АН-д ирж буй том дэмжлэг байлаа. Дээр нь энэ сонгуульд өвдөг шороодсон шар дээлтэй нөхөр намынхаа хуучин нэрээр өрх тусгаарласан нь АН-д ашигтай нөхцлийг бүрдүүлсэн юм.
Тийм ч учраас 2012 он гарангуут АН-ын дарга Хамтарсан ЗГ-аас гарах мэдэгдэл хийж ээлжит сонгуулийн буухиа эхэллээ. Үүссэн нөхцөл улстөрийн байдал, сонгуультай холбогдон батлагдан гарсан хуулиудын онцлог болон гео улстөрийн нөхцлийн өөрсдөд нь ирэх давуу талуудыг сайтар ойлгож, хамтарсан засгийн хоцрогдсон халамжийн бодлогоос болж, нийгэмд унасан нэр хүндээ сэргээх уриа, төлөвлөгөөг тунхаглаж, сонгуулийн стратегиа нягт төлөвлөж, зөв алхмууд хийснээр, УИХ болон Нийслэлд АН олонхи болж, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан ч, 8 сарын дараа сөрөг хүчин Ерөнхий сайдыг ҮХ зөрчсөн, эдийн засаг унасан, төрийн байгууллагын ажилтнуудыг хомроголон халсан, хэвлэл мэдээллийг хаасан боосон, ууланд зугаалж нисдэг тэрэг хэрэглэсэн, хүргэнээ ЗГ-ын хэрэг эрхлэхийн дэд дарга болгож, түүний эхнэрт 17 тэрбумын тендер авч өгсөн гэдэг шалтаг, шалтгаанаар огцруулах санал тавьсан байна. Нийгэмд нисэж явсан инээдтэй мессежний нэг нь Чингисийн нэрээр бонд гаргасан учир Бурхан халдун хилэгнэлээ гэв. Тэр үед хөвсгөлд нэг зальжин охин бурхдаар бөөлждөг гэж хүмүүсийг луйвардаж байсан нь нотлогдож ч байх шиг.
МАН-ы хувьд сая явуулсан бодлого нь ойлгомжтой. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, их хурлын болоод, орон нутгийн сонгуульд унасан нэрээ сэргээх, бас магадгүй намынхаа алдагдаж эхэлсэн боловсон хүчний бааз суурийг хадгалж үлдэх зорилготой байж болох. Одоо тэд хуулиараа 6 сарын дараа л ЗГ-ыг огцруулах саналаа оруулж болно.
Тэр болтол ээлжит Ерөнхийлөгчийн сонгууль болж өрнөнө. Урьд товч сануулсанчлан, Ерөнхийлөгчийн сонгууль ямар нэг байдлаар ялагч талдаа давуу тал өгдөггүй юмаа гэхэд, дэм болдог нь нотлогдсон зүйл.
АН намаас одоогийн Ерөнхийлөгч дэвших нь бараг тодорхой байгаа. Харин цөөнх болон бусад намууд ямар нэр дэвшигч гаргаж ирэхийг нийгэм хүлээж байна. Нэр дэвшигчээ ард түмнээсээ шалгаруулна гэснээс болж, МАН-ы сайт сонгуулийн хууль зөрчиж хаагдсан нь бас л сонирхолтой үйл явц.
Энэ бүхний эцэст бидний нүдэн дээр л хоёр том нам, бусад хэдэн жижиг намууд архиралдаад байгаа мэт ч, хаяа дэрлэсэн хийгээд далайн чанад дахь хөршүүдийн геополитикийн нүүдлүүд, дэлхийн дэнжигнэж буй эдийн засгийн хямралын сүүдэр, үндэстэн дамнасан компаниудын өлөн шүлс ч, энд хамт үсчиж байгааг сануулах нь илүүц биз.
Биднийг баян хирнээ ядуу байлгаж байгаа хамгийн гол нүгэлгүй буруутан нь манай газрын доорхи баялаг маань болж байх шив. Монголын улстөр хэмээх мөлжүүр ихтэй ясны төлөөх дажин дуусах цаг хэзээ бол?!
Хэзээ нэг Монгол гэдэг айл, намууд нь тооно мэт, түшээд нь багана мэт, ард иргэд нь хана хаалга мэт, нэгэн гэртээ ая тухтай, амар тайван суух бол. Хэзээ нэг монгол, монголоо Хүн гэж хардаг болох бол.
Ален Арман