Алслагдсан сумдын иргэдэд “Явуулын эмнэлэг”-ийн үйлчилгээг үзүүлж байна
2013/12/22
Энэхүү төслийг ЭМЯ болон болон Бүгд найрамдах Чех улсын “Пипл Ин Нийд” олон улсын төрийн бус байгууллага хооронд 2011 оны 9 дүгээр сард байгуулсан санамж бичгийн дагуу хэрэгжүүлж эхэлжээ. Дээрх төслийн хүрээнд 2011-2013 онд Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь гэсэн зургаан аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд нийт 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий явуулын эмнэлгийн машин, тоног төхөөрөмжийг тус олон улсын ТББ-аас хандивласан байна. Нийт 26 сарын турш дээрх аймгуудын 76-н алслагдсан сум, багийн 31 мянга гаруй иргэдэд “Явуулын эмнэлэг”-ийн үйлчилгээг тогтвортой хүргэсэн аж.
Энэхүү төсөл нь аймгийн төвөөс алслагдсан баг, сумын төвд нарийн мэргэжлийн эмч нар явуулын эмнэлгийн зориулалттай оношилгоо, эмчилгээний тоног, төхөөрөмжөөр орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэх боломжийг бүрдүүлсэн юм. Ингэснээр алслагдсан сумдын иргэд төвийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэх хол зам, урт дараалал, ачаалал үйсгэхгүйгээр жилдээ хоёроос дээш удаа нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд орох болжтой болсон байна. Энэ нь иргэдэд чиглэсэн маш чухал эрүүл мэндийн үйлчилгээ болж буйг төслийн хэрэгжүүлэгчид тайлангийн үеэр хэлж байв.
2013 оны 10 дугаар сарын 23-25 өдрүүдэд Дархан хотод “Явуулын эмнэлгийн үйлчилгээг Монгол улсын 21 аймагт сурталчилан таниулж, харилцан туршлага солилцох, мөн цаашид бусад аймгуудад нэвтрүүлэх боломж” сэдэвт сургалт семинар зохион байгуулсан байна. Уг семинарт 20 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газрын удирдлагууд болон Каритас Чех, ДЭМБ-ын төлөөллүүд оролцжээ.