Ж.Батсуурь: Тоглоомын дүрмийг эрт батлахгүй бол шударга сонгууль яригдахгүй
2 цагийн өмнө

-Чуулганы завсарлагааны хугацаанд та ямар ажлуудад төвлөрч ажиллаж байна. Өнгөрсөн намрын чуулганы үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ер нь бол гишүүдийн хувьд чуулганы завсарлагаа гэдэг амрах хугацаа биш. Ялангуяа төсөв батлагдсаны дараахь үеэс дараа жилийн төлөвлөлт шууд эхлэх ёстой болдог. Манай улсын хувьд Засгийн газар есдүгээр сарын 1-нд төсвөө өргөн барьснаас хойш энэ тэрийг хөөцөлдөх боломж бараг байдаггүй. Тэр үед хүмүүс аль хэдийнэ төсвөө “тавьчхаад”, гадаад дотоодын ажлаа төлөвлөчихсөн байдаг. Тийм учраас оны эхний саруудад бид төсөвтэй холбоотой асуудлуудад маш нягт сууж ажиллаж байна. Нэг бичиг баримт дутуу, нэг зураглал буруу байхад л олон жил хөөцөлдсөн, олон хүний хөдөлмөр шингэсэн төсөл хөрөнгө нь татагдах эрсдэлтэй. Хөрөнгө оруулалт хомс байгаа энэ үед ийм алдаа гаргах эрх бидэнд байхгүй. Энэ утгаараа чуулган завсарласан энэ үед миний хувьд төсвийн асуудалд салбар бүрээр нь задлаад, хоорондын уялдааг нь гаргах ажлыг хийж байна. Хөрөнгө оруулалт ч бай, хууль эрх зүйн шинэчлэл ч бай эхлээд хэтийн төлөвлөгөөгөө тодорхой болгох ёстой.
-Та орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн тухай нэлээд ярьж ирсэн. Сүхбаатар аймгийн жишээг онцолдог. Энэ утгаараа Улаанбаатар хотын явж ирсэн төлөвлөлт, бодлого ямар санагддаг вэ?
-Сүхбаатар аймгийн 2050 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө өнөөдөр Монгол Улсад хамгийн цэгцтэй, бодитой төлөвлөгөөнүүдийн нэг гэж би үздэг. Үүнийг зөвхөн би биш, Архитекторуудын холбоо, мэргэжлийн байгууллагууд ч онцолж байгаа. Гол ялгаа нь юу вэ гэхээр төлөвлөгөөгөө мөрдөж ажиллаж чадсан.
Газрын зохион байгуулалт, дэд бүтэц, хот байгуулалт бүгд нэг зураглал дээр уялдаатай явж байна. Газар өмчлөлийн тухай хууль, бусад шаардлагууд байгаа ч газрын нийлүүлэлтийг маш төлөвлөлттэйгөөр хийж чадсан нь давуу тал. Улаанбаатар хотын асуудал ч үүнтэй адил. Хот гэдэг унтаж сэрсэн юм шиг нэг өдөр үер боллоо гээд нураадаг, нөгөө өдөр түгжрэл боллоо гээд зам барьдаг байж хөгждөггүй. Ерөнхий хөгжлийн төлөвлөгөөгөө хараад, түүн рүүгээ аажмаар, зөв чиглэлтэй урагшлах ёстой. Нэг замын зураг бэлэн болоогүй байхад тэр жилдээ заавал хийх гээд зүтгэх нь буруу. Алхам алхмаар, хэмжээнээсээ хэтрэхгүй явах л хамгийн зөв.
-Өнгөрсөн чуулганаар та ямар хуулийн төслүүд дээр голлон ажиллав?
-Манай бүлэг гурван том хууль дээр төвлөрч ажиллахаар шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн дараа орох хамгийн том хууль гэж хэлж болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль буюу нэгжийн хууль. Энэ дээр ажлын хэсэг гарсан. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн тухай хууль. Гуравдугаарт, Төрийн албаны тухай хууль. Эдгээр хууль дээр миний бие идэвхтэй ажиллаж байна. Миний хувьд Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг бүлэг дотроо ахалж байгаа.
-Сонгуулийн тухай хуулийг яагаад ингэж эртнээс онцолж байна вэ?
-Сүүлийн найман жилд бид маш олон өөр хувилбартай сонгууль хийлээ. Бүсчилнэ, бүсчлэхгүй, пропорциональ, мажоритар гээд л. Алдаа оноо их гарсан. Одоо 2028 оны сонгуулийг луйвар булхайгүй, мөнгөний хамааралгүй, жинхэнэ утгаараа иргэдийн хүссэн хүмүүс парламентад орж ирэх боломжийг бүрдүүлэх хуультай болгох ёстой. Үүнийг сонгууль болохоос хэдхэн сарын өмнө ярих биш, яг одооноос эхлэн хийх хэрэгтэй. Тоглоомын дүрэм эрт тодорхой болчихвол хэн ч гомдоллохгүй. Харин сонгууль дөхөх тусам дүрмээ өөрчилдөг байдал эрх баригчдад илт давуу байсныг бид 2016, 2020, 2024 оны сонгуулиудаас харлаа. Гадаад дотоодод байгаа монгол хүн хүртэл “Би 2028 онд нэр дэвших үү, аль намаас вэ, бие даах уу, жагсаалтад орох уу, аль бүсэд өрсөлдөх вэ” гэдгээ урьдчилан мэдэх ёстой. Тэгж байж улс төр ил тод, шударга болно.
-Сонгуулийн системтэй холбоотой маргаантай асуудлууд олон бий. Үүнийг яаж шийдэх вэ?
-Би энэ асуудлыг зөвхөн улстөрчдийн өнцгөөс биш, энгийн иргэд, дунд шатны албан хаагчид, сонгуулийн мэргэжилтнүүд, мөн манай улстай төстэй орнуудын туршлагад тулгуурлаж судална. Ингээд бүх саналыг нэгтгээд бүлэгт танилцуулна. Дараа нь парламентад суудалтай бусад намуудтай зөвшилцөх ёстой. Сонгуулийн тухай хууль бол суурь хууль. “Жерримандеринг” буюу тойргийг өөртөө ашигтайгаар зурдаг явдал хэзээ ч байж болохгүй.
-Орон нутгийн өөрөө удирдах ёсны талаар та шүүмжлэлтэй ханддаг. Гол асуудал нь юу вэ?
-1992 оны Үндсэн хуулиар орон нутгийн өөрөө удирдах ёсыг маш өндөр түвшинд зааж өгсөн. Сумын сургуулийн цонх хагарахад яамны сайд биш, сум нь мэддэг байх ёстой байсан. Гэтэл өнөөдөр бүх эрх мэдэл төв рүү татагдчихсан. Сум, аймагт амьдрах орчныг нь тухайн нутгийн хүмүүс л хамгийн сайн мэднэ. Газар хаана олгох, хаана сургууль, соёлын төв барихыг Засгийн газар биш, орон нутаг мэдэх ёстой. Гэтэл өнөөдөр нутгийн өөрөө удирдах байгууллагууд “шүдгүй арслан” болчихоод байна.
-Та өөрөө малчны хүүхэд гэдгээ ярьдаг. Хөдөөгийн асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Хөдөөгийн хүмүүс бол Монгол Улсыг өглөө бүр “мэдээллээр хангаж” байдаг хүмүүс. Хаана цөлжилт явагдаж байна, хаана ус ширгэж байна, хаана бэлчээр муудаж байна гэдгийг малчид л хамгийн түрүүнд мэдэрдэг. Гэтэл бодлогын түвшинд малчдыг хөдөөд нь амьдрах боломжгүй болгож байна. Арьс шир, махны үнэ уналттай, дэмжлэг байхгүй. Хэрэв бид хөдөөд амьдралыг сайжруулбал Улаанбаатарт хэдэн их наядаар зам барих шаардлага ч багасна. Сүхбаатар аймагт олон улсын стандартын усан бассейн, спортын байгууламжууд байгуулсны үр дүнд өнөөдөр тэндээс дэлхийн, олимпийн түвшний тамирчид төрж байна. Говь ч бай, тал ч бай хамаагүй. Боломж л чухал.
-Та чуулганы танхимд “Яасан дураараа юм бэ” гэж хэлсэн. Эрх баригчид үнэхээр дураараа байна уу?
-Монгол Улсад болж бүтэхгүй байгаа олон асуудлын үндэс нь дураараа байдал. Эрх баригчид гурван удаа дараалан хэт олонх болчихоод амласан зүйлсийнхээ эсрэг бодлого явууллаа. Валютын ханш, татвар, төрийн албаны хэмжээ гээд бүх зүйл дээр. Энэ нь зөвхөн улс төрийн маргаан биш, иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж байгаа бодит үнэн. Жишээлбэл, валютын ханшийг 1500 төгрөгийн түвшинд байхад нь барина гэж амлаж байсан. Өнөөдөр ам.долларын ханш 3500 төгрөгт хүрчихээд байхад барина гэж л ярьсаар байна. Татварын дарамтыг бууруулна гэсэн атлаа нэмлээ. Төрийн албан хаагчдын тоог цөөлнө гэсэн боловч өнөөдөр 200–300 мянгад хүргэж өсгөөд байна. Энэ бүхэн бодлогын алдаа гэхээсээ илүү хэт олонхын дураараа байдлын тод жишээ. Ийм дураараа байдлыг зогсоох цорын ганц зам нь хууль. Тиймээс л бид хууль ярьж, хуульд баригддаг тогтолцоог шаардаж байгаа юм. Харин өнөөдөр парламентад 42 гишүүнтэй сөрөг хүчин байгаа учраас эрх баригчид өмнөх шигээ дур зоргоороо шийдвэр гаргах боломж хумигдсан. Үүний бодит жишээ нь төсөв. Ардчилсан намын оролцоогүйгээр төсөв батлагдах ямар ч боломж байгаагүй. Гэхдээ бид гилтийсэн болгонд нь түлхэх, улс төрийн оноо авахын төлөө гацаа үүсгэх зорилго тавиагүй. Ард нь 3.5 сая хүний амьдрал, 300 гаруй сум, мянга гаруй баг хороо, 21 аймаг, есөн дүүргийн иргэдийн хувь заяа явж байгааг бид ухамсарлаж байгаа. Тийм учраас Ардчилсан намын хувьд хариуцлагатай, бодлоготой сөрөг хүчин байж, бурууг нь зогсоож, зөвийг нь дэмжиж ажиллана.
-Энэ оны төсвийг таны хэлдгээр АН-ынхан хэлэлцэж, УИХ-аа удирдаж байж баталсан нь үнэн. Тэгэхээр АН-ын хувьд парламентад олон суудалтай байхын давуу тал нь үүгээр гарч ирж байна гэсэн үг үү?
Өнөөдрийн парламентын бодит тоон харьцааг харахад Ардчилсан намын оролцоогүйгээр улсын төсөв батлагдах ямар ч боломж байгаагүй. Эрх баригч нам хэдийгээр олонх боловч төсөв шиг иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг, маргаантай асуудлыг дангаараа хүч түрэн батлах улс төрийн, ёс зүйн чадамж нь аль хэдийнэ дууссан. Хэрэв Ардчилсан нам оролцоогүй, саналаа өгөөгүй бол төсөв батлагдахгүй, үүний цаана Засгийн газрын үйл ажиллагаа зогсох, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамж саатах бодит эрсдэл үүсэх байсан. Энэ нь эрх баригчдын “дураараа” шийдвэр гаргах үе ард үлдэж, парламент бодит утгаараа зөвшилцөлд суурилсан институци болж эхэлж байгаагийн илрэл юм.
-Саяхан АН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улсын дээд шүүх бүртгэж авлаа. Мэдээж хуульд нийцсэн гэж үзсэн учраас бүртгэсэн байх, тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Ардчилсан намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэж авсан нь улс төрийн хувьд ч, эрх зүйн хувьд ч чухал үйл явдал боллоо. Энэ нь Улс төрийн намын тухай шинэчилсэн хуулийн хүрээнд хийгдсэн зайлшгүй шаардлагатай шинэчлэл төдийгүй Ардчилсан нам институцийн хувьд шинэ шатанд гарч буйг илтгэж байна. Шинэ хууль бол улс төрийн намуудыг хувь хүн, хэсэг бүлгийн сонирхлоор бус бодлого, үнэт зүйл, хариуцлагад суурилсан байгууллага байх ёстойг тодорхой заасан. Энэ шаардлагад нийцүүлэн Ардчилсан нам дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилж, дотоод ардчилал, ил тод байдал, санхүүжилтийн хяналт, гишүүдийн оролцоог бодитой болгох суурийг тавилаа. Ялангуяа мөрийн хөтөлбөрийн хувьд сонгуулийн үеэр амлалт тараадаг баримт бичиг бус, дунд болон урт хугацаанд хэрэгжих бодлогын баримт бичиг байх ёстой гэсэн зарчмыг баримталсан. Төрийн хэт төвлөрлийг сааруулах, орон нутгийн өөрөө удирдах ёсыг бодитоор хэрэгжүүлэх, шударга сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх, төрийн албыг мэргэшсэн, тогтвортой болгох зэрэг суурь асуудлуудыг тусгасан нь онцлог. Ардчилсан намын хувьд энэ бол өнгөрсөн маргаан, дотоод зөрчлөө хойш тавьж, цаашид бодлогоор өрсөлддөг, хариуцлагатай сөрөг хүчин байх эхлэл гэж харж байна. Улсын дээд шүүхэд бүртгэгдсэнээр нам хуулийн хувьд бүрэн легитм болж, парламентын үйл ажиллагаанд бодит нөлөө үзүүлэх, ард иргэдийн итгэлийг бодлогоор сэргээх боломж бүрдлээ гэж харж байгаа.
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН







Зочин · 2 цагийн өмнө
80955877SEKSYGR ANUSDX AL SEKSDN VANXANDI JARGAAN VABALDI
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI XUCHINDEX ZALYYGN ANUSN NUX XELEERE GUN DOLOOMR BOOB XXN BOIW DOLOOJ