Дархан-Уул аймагт “Эрүүл эхээс-Эрүүл хүүхэд” зөвлөгөөн боллоо
2014/01/26
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Дархан-Уул аймагт “Эрүүл эхээс – Эрүүл хүүхэд” зөвлөгөөнийг зохион байгуулав.
Зөвлөгөөнд Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт, нярайн өвчлөл, эндэгдэлд хийсэн судалгаа, эмэгтэйчүүдэд үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, жирэмсэн эмэгтэйчүүдийн бэлгийн замын халдварт өвчний байдал, хүүхдийн осол гэмтэлд өртсөн байдал, нас баралтын судалгаа зэрэг илтгэлүүд тавигдав.
Эмч, мэргэжилтнүүд эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд, нийгэм, гэр бүл, хувь хүнээс нөлөөлөх хүчин зүйлс, түүнийг шийдвэрлэх арга замууд сэдвээр ажлын 4 багуудыг ажиллуулж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлж, зөвлөмж гаргасан нь чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн амаржих, хүүхдийн тасгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хүний гавьяат эмч Ч.Цэрэнжав хүүхдийн тасгийн нэг өрөөг тохижуулах амлалт өгсөн бол “Хүслэн” хүүхдийн хувийн эмнэлгийн захирал С.Цэзэн 1 сая төгрөг, их эмч Цэцгээ, Оюунхүү, Цэрэндэжид нар 100-250.0, “Нандин-Үрс” ТББ 100.0 төгрөгийн хандив өгч нийт 2 сая гаруй төгрөгийн санг үүсгэв. Ийнхүү хандив, дэмжлэг үзүүлж санг бүрдүүлсэнд хүүхэд, амаржих тасгийн эмч нар талархлаа илэрхийлээд, эх, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд зарцуулах болно гэдгээ хэллээ.