Хэвлэлийн эрх чөлөөг хэзээ, хэн өгөхийг хүлээх бус түүнийг тэмцэж олох ёстой
2013/05/02
Монголын сэтгүүл зүйн салбарын алдаа, оноог дүгнэн ярилцахаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов гуайнхыг зорилоо. Сэтгүүл зүйн ном, толь бичиг зэрэг дээр тодоос тод дурайсан түүний нэрийг олонтаа харж байснаас бус чухам ямар хүн болохыг нь төдийлөн мэдэхгүй.
Ямартай ч бага наснаасаа амьдралын хатуу хөтүүг туулсан тэрбээр нэгэн цагт орос хэл сурах гэж өдөрт 16 хуудас уншиж, хоёр хуудас материал хуулж бичихгүй бол унтахгүй байх тушаалыг өөртөө өгч байсан гэдэг. Ингэж “бяцхан профессор” хэмээх аман цол хүртсэн түүнийг өдгөө танихгүй хүнгүй болжээ.
Жирийн сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлсэн Ц.Дашдондов Монголын нийгмийн шилжилтийн үед хэсэг нөхдийн хамт Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийг үүсгэн байгуулж, эх орондоо чөлөөт хэвлэлийг төлөвшүүлэн хөгжүүлэхийн төлөө тэмцэж явсан. Өдгөө бидний 20 дахь жилдээ тэмдэглэх гэж буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Монголд хэвшүүлэхэд түүний гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй.
Харин иргэн Ц.Дашдондовын тухайд маш олон талтай, тэр бүхэн нь монгол дархны цоож мэт давхар давхар өргөстэй, өөр юутай ч зүйрлэж бичихийн аргагүй “цор ганц хувь хүн” гэсэн тодорхойлолт юу юунаас илүү зохино.
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Монголчууд энэ өдрийг тэмдэглэх болсноор 20 дахь жилтэйгээ золгож байна. Үүнтэй холбоотойгоор таны ярих зүйл ч “ундарч” байгаа биз дээ?
-Сүүлийн 20-иод жилийн турш тавдугаар сарын 3-н болох тоолонд хэвлэл мэдээллийнхнээс надад хандаж яг иймэрхүү асуулт тавьж байна. Бараг уламжлал болоо шив дээ. Ингэдэг нь цаанаа зохих учир шалтгаантай л даа. Өмнө нь сураггүй шахам байсан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр гэгчийг тэр үеийн Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн санаачилгаар 1993 онд анх жинхэнэ утгаар нь тэмдэглэж эхэлсэн. Тэгэхэд би МЧАСЭ-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
Энэ өдрийг тухай, тухайн онцлогоос хамаарч он, онд өөр уриа дуудлагатайгаар тэмдэглэсээр ирсэн. Тодруулбал, өнгөрсөн жил “New voices: Media freedom helping to transform societs” гэсэн уриатайгаар тэмдэглэсэн бол энэ жил “Safe to speak: Securing Freedom of expression in аll media” гэж байгаа.
-Чухам ямар утга учир, зорилгоор энэ өдрийг дэлхий даяар тэмдэглэх болсон юм бол?
-1991 онд Африкийн нэгэн жижиг улс Намибид тус тивд оршдог орнуудын сэтгүүлчдийн өргөн төлөөлөл хуран чуулж хэвлэл мэдээллийн эрх чөлөө хийгээд олон ургалч үзлийг дээдэлдэг хараат бус бие даасан хэвлэлийн тухай хэлэлцээд, улмаар тусгай тунхаг бичиг гаргасан. Хожим Виндхукийн тунхаг хэмээн алдаршсан тэрхүү бичиг батлагдсан өдөр болох тавдугаар сарын 3-ныг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Анхандаа Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр гэж байснаа төдөлгүй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр гэх болсон. Нарийн ажвал үүнд бага зэргийн зарчимын ялгаа бий.
Энэ өдрийг тохиолдуулж НҮБ-аас орон, орны төр засаг, олон нийтэд хандаж илгээлт явуулахдаа ардчилал, хүний эрхийн тулгуур зарчим, гол шалгуур, үндсэн үзүүлэлт болох хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх ямар байдалтай байгаа болон цаашид яах ёстойг тодорхойлж томъёолдог.
Энэхүү илгээлт эхэндээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүний эрхийн дээд комиссор, ЮНЕСКО-гийн Ерөнхий на-рийн бичгийн дарга гэсэн гурван эрхмийн нэрээр гардаг байсан. Хожим дан ганц ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн даргынх болж хувирсан нь тухайн асуудалд энэ байгууллагын хамаарал, үүрэг, оролцоо үлэмж нэмэгдсэнтэй холбоотой. Харин энэ жилийн илгээлт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-гийн ерөнхий захирлын нэрээр гарсан.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жинхэнэ утгаар нь 1993 оноос эхлэн жил бүр тэмдэглэхдээ ч бид ЮНЕСКО-гийн үндэсний комисстой хамтарсаар ирсэн. 1994 онд ЮНЕСКО-гийн үндэсний комисс сэтгүүлчдэд олгох тусгай шагнал хүртэл бий болгож, түүний хамгийн анхныхыг надад, хоёр дахийг нь С.Цогтсайханд хүртээж байлаа. Мөнөөх шагналыг дараагийн жилүүдэд ч олон сэтгүүлчид олгосон.
-Та “Өмнө нь огт сураггүй байсан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” гэж ярилаа. Энэ өдрийг монгол-чуудад “танил” болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь та биз дээ?
-Энэ өдрийг улс орондоо тэмдэглэхийг уламжлал болгон хэвшүүлэхэд хамтын чармайлт гарган сэтгэл зүрхний гүнээс зүтгэн дэмжиж, туслаж байсан ЮНЕСКО-гийн үндэсний комиссын үе, үеийн ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Д.Цахилгаан, О.Очирзав, А.Баттөр, Чимэдрэгзэн, Н.Уртнасан, Дулаанжаргал нарыгаа нэрлэхэд нэн таатай байна. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан ч чөлөөт хэвлэлд элэгтэй эрхэм болох нь илт мэдрэгдэж байгаа.
Мөн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр дэлгэр үйлс өрнүүлж гаршсан, энэ чиглэлийн буухиаг ихэд сайн үргэлжлүүлэн авч яваа Монголын сонины холбооны ерөнхийлөгч Р.Хадбаатар, гүйцэтгэх захирал Л.Нинжжамц нарын ажил хэрэгч, шаргуу тууштай чанарт талархах ёстой.
Тэрчлэн хэвлэлийн эрх чөлөөний тулгар асуудлаар радио өргөн нэвтрүүлэг, хэлэлцүүлэг зохиох, хэвлэлээр сурталчлах зэрэгт Д.Байгальмаа, Д.Нарантуяа, Н.Дуламсүрэн, М.Буяндэлгэр зэрэг олон сэтгүүлч идэвх гарган оролцож байсан. Тэдэн дээр Х.Наранжаргал, Ц.Энхбат, Ө.Рагчаасүрэн нарыг заавал ч үгүй нэмж нэрлэх ёстой.
Энэ дашрамд хэлэхэд хатагтай Хашхүүгийн Наранжаргалын ажил хэрэгч шаргуу чанарыг хүндэтгэхгүй байх аргагүй. Ардчилал, шинэчлэлийн ид эгзэгтэй эхний он жилүүдэд чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж хөгжүүлэхийн төлөө бид бүгдийн тавьсан чармайлт талаар болоогүйг улс орны дотоодод төдийгүй гадна талд ч хүлээн зөвшөөрч, хүндэтгэлтэй ханддаг байсныг гэрчлэх олон баримт байгаагаас онцолж нэгийг дурдъя.
НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гоос 1999 оны тавдугаар сард ирсэн нэгэн илгээлт бичигт:
“Mr.Ts.Dashdondov, President, MEDIA.
Dear Mr.Dashdondov,
We are very pleased to see that the MEDIA and its members are ardent supporters and advocates of freedom of expression and freedom of the press as well as standing for Liberalization of the mass media and ending of monopolies in this area. These are very important elements of any democratic society and we rejoice to see that they are being promoted in Mongolia.
Alain Modoux, Director Unit for freedom of expression and Democracy, UNESCO, Paris, 28 April 1999” гэжээ. Үүнээс ямар нэг дүгнэлт гарах ёстой бус уу.
Одоо л дөнгөж тэмдэглэж үзэж байгаа биш болохоор өмнө яадаг байсныг санаж байна. Аль болж бүтэхгүй байгаа зүйлд анхаарлыг нь хандуулах зорилгоор төрийн өндөрлөгийнхөнд хандаж өргөх бичиг ч өгч байлаа.
Чөлөөт хэвлэлийг боомилох, сэтгүүлчдийг дарамтлах, редакцийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, бие даасан хараат бус байдлыг нь алдагдуулахыг эсэргүүцэх, чөлөөт хэвлэлийн талаарх ойлголт, үзэл баримтлалыг олонд түгээх зорилгоор телевиз, радио, сониноор зөндөө зүйл бичиж, дэлхийн өнцөг булан бүрийн хүнд бэрх нөхцөлд ажиллаж, тэмцэж, заримдаа шорон оронд хүртэл орж тарчлан зовж буй үзэг, үйлс, зорилго нэгт нөхдөө дэмжсэн дуу хоолойгоо чангаруулж, эв санааны нэгдлээ илэрхийлж байлаа.
Ингэхийн сацуу эсэргүүцэж шүүмжлэх аястай, эвгүй үгс дээшээгээ чулуудахад Н.Энхбаяр Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан аль ч үедээ хаа очиж эмзэглэж байгаагүйгээр барахгүй нааштай сайхнаар хандаж сэтгүүлчидтэй ам хэлээ амархан олдог байсан.
Н.Энхбаяр натур төрхөөрөө найрсаг дөлгөөнөөс гадна эх болсон түүхэнд ээлтэй, эрдэм соёлд элэгтэй хүн шүү дээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухайд бол яах аргагүй ясны сэтгүүлч. Тийм болохоор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж буйн ач холбогдол түүнд ойлгогдож цөхөх юун.
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 20 жил тэмдэглэж, энэ талаар ярьсны хувьд Монголын сэтгүүл зүйд бодит өөрчлөлт, ахиц дэвшилт гарсан баймаар. Гэтэл Монголын сэтгүүл зүй урагшлах бус ухраад байх шиг санагдах юм?
-Бараг л тийм дээ. “Freedom House” байгууллагын судалгаа, дүгнэлтээр Монгол Улс 2000 онд хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй оронд тооцогдож байсан бол одоо хойш ухраад хагас эрх чөлөөтэй гэгдэх боллоо.
“Reporters sans fronteriers” буюу “Хил хязгааргүй сэтгүүлч, сурвалжлагч” гэсэн байгууллагаас тогтоосон зэрэглэлээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний түвшнээрээ 2005 онд 50-д эрэмбэлэгдэж байсан бол 2013 оны байдлаар 98 болж байр суурь нь даруй 48-аар хойш ухарсныг төсөрхөн мэдээлэв.
Манай гаригийн сэтгүүлчдийн маш том хамтын нийгэмлэг болох Брюссельд төвтэй Олон улсын сэтгүүлчдийн байгууллагад Монгол удирдах бүрэлдэхүүн-гүйцэтгэх хороонд нь төлөөлөлтэй байснаа хасагдчихсан. Тэр ч бүү хэл, сүүлчийн их хурлыг тасалчихлаа гэсэн. Тэгэхээр өнөөгийн Монголын сэтгүүлчдийн эвлэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны үйл ажиллагаанд жинхэнэ гишүүний үүргээ төдий л сайн гүйцэтгэж чадахгүй байгаа бололтой.
Ядаж л саяхан Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойгоор тэндээс хүн урьж оролцуулах битгий хэл, баяр хүргэсэн ганц өгүүлбэр ч хэлүүлж чадсангүй шүү дээ. Ийм урагшгүй байж болох уу.
-Та нэлээд бухимдуу байгаа юм аа даа?
-Сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага гэхэд хийх ёстой юмаа хийж чадахгүй байж, хийхгүй ч байсан болох аар саар зүйлээр хөөцөлдөж, нэр хүнд, нийгэмд эзлэх нөлөө нь буурч, байр сууриа бусдад алдчихсан, нэгдсэн эвлэл гэсэн umbrella /шүхэр/ байгууллага байж чадахаа аль хэдийнэ больчихож. Энэ бүхний бурууг ганцхан Б.Галааридад тохож болохгүй л дээ. Хаа очиж Б.Галаарид бол хэрээрээ хичээж, тараараа зүтгэж л байх шиг байна.
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн удирдах бүрэлдэхүүнд нь цэвэр бус бохир, шинэ бус хуучин сэтгэлгээтэй ганц, хоёр хүн хувалз мэт шигдэж, элдэвчлээд дэг эвдэж буй тухай үг яриа газар авч байх шиг байна. Оргүй ч үг биш болов уу.
Хуучин гэрийн буйран дээр шинэ гэр барьдаггүй, хуучин дээлийн хуулгаар шинэ дээл гадарладаггүй шүү дээ. Тэгэхээр үеэ өнгөрөөсөн үхшмэл арга барилтай үхэн хатан зууралдах хэрэггүй л юм даа.
Өөр бусдаас өөрчлөлт шинэчлэлт, шударга ёс шаарддаг сэтгүүлчид өөрсдөө ийм арчаагүй, “өтлийн бүүвэйд” автаад сууж таарамгүй. Сэтгүүлчийн хөдөлмөрийн далд мөлжлөг гаарч, эрх ашиг нь илт зөрчигдөж буйг анзаарч харж хамгаалдаг хүчирхэг байгууллага хэзээ бий болох бол оо гэсэн их хүлээлт энд тэндгүй үүсчихээд байна шүү дээ.
Дахин хэлэхэд хэвлэл мэдээллийн хүрээний нөхцөл байдал хүнд байна. Хэвлэл мэдээллийн тухай хууль гарахгүй гацаж, телевиз хаагдаж, сайтууд боогдож, МУСГЗ, сэтгүүлч До.Чулуунбаатар яасан нь мэдэгдэхгүй шахам шалтгаанаар шоронд сууж байна.
Хэвлэл мэдээллийн менежмент хөгжихгүй байгаагаас боолын сэтгэлгээтэй, зарцын байдалтай сэтгүүлчид захаас аван эрх мэдлийг дэндүү дэвэргэж байна. Ингэж боолын сэтгэлгээгээр амьдарч болохгүй тухай Монголд төдийгүй дэлхийн байгууллагад данстай сэтгүүлч, орчуулагч хатагтай Д.Сүхжаргалмаагийн телевизээр ярьсантай би санал нэг байгаа.
Сэтгүүлчдэд мэргэжлийн эв санааны нэгдэл /Professional solidarity/ гэж бараг байхгүй. Нэг нь үг хэлэхэд нөгөө нь тас зөрнө.
Ямар нөхцөл байдалд дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байгааг асуусны тань хариуд хэлэхэд нэг иймэрхүү. Болж байна уу, үгүй юу. Дутуу санагдвал дахиад нэг, хоёр зүйл нэмж хэлье.
-Сонсоё?
-Асуудлаар дүүрэн нийгэм, асуудлаар дүүрэн сэтгүүл зүй. Нийгэм бүхэлдээ бухимдал. Хүн амынх нь гуравны хоёр нь ядуу. Ажилгүйдлийн түвшингээр дэлхийн дунджаас хоёр дахин их ийм улс орны иргэд яаж бухимдахгүй байх вэ дээ.
Аливаа улсын төр засаг сайн, муу ажиллаж буйн гол индикатор нь ажилгүйдэл, ядуурал аль хэр буурсанд оршино. Гэтэл энэ үзүүлэлтийг харуулах барометрийн зүү нойлыг заачихаад байна. Бодит байдал ийм байхад болж бүтэж буй мэтээр яаж ярьж чадаж байна аа.
Ерөнхий сайдаасаа эхлээд далан худалчийн дүр эсгээд хээв нэг худал залаад байхаар хүмүүс бухимдахгүй яах билээ.
Нийгэм бүхэлдээ бухимдаж, эгээ л амиа хорлочихгүй шиг өдөр, хоногийг өнгөрөөж байгаа бус уу. Нэг мэдэхэд байдал бишдэж, Монголын ард түмний илжигэн тэвчээр барагдах цаг ирэхийг хэн байг гэх вэ. Эрх баригчид дотоодоосоо олигтой дэмжлэг хүлээхгүй болохтой зэрэг гаднаас хэн нэгнийг авч ирж өөрсдийгөө магтуулдаг мода дэлгэрэх нь. Нэртэйгээр нь гаднаас ерөнхий сайдтай болчихгүй дээ.
Улаанбаатар, Монгол, Чингис... гэхээс цаашгүй монхор хамар, цэнхэр нүдтэй нэг нөхөр өчигдөрхөн онгоцноос бууж, манай газар нутагт хөл тавингуутаа өнөөдөр дүгнэлт хийж магтаад унадгаа болимоор юм.
-Ингэхэд та хэвлэлийн эрх чөлөө гэдгийг хэрхэн ойлгож, ухаарч явдаг вэ. Энэ салбарыг сайн мэддэг хүний хувьд бусдын төсөөлдгөөс огт өөрөөр ойлгодог бололтой?
-Та ярилцах сэдвийнхээ яг гол амин судсыг нь олж хатгаж, онож асуулаа. Ер нь ухаантай хариулт сонсоё гэвэл ухаантай асуух хэрэгтэй.
Тэгэхдээ би энд “миний бодоход” гэхчилэн мэдэмхийрмээргүй байна. Баттай эх сурвалжуудаас танд танилцуулъя. Бидний ярьдаг мөнөөх Виндхукийн алдарт тунхагт хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн томъёолсныг авч үзье. Үүнд өгүүлэхдээ “Press freedom shoul be understood as necessitating pluralism and independence for the mass media at large” гэжээ. Утгачилбаас “Хэвлэлийн эрх чөлөө гэдгийг нийтийн мэдээллийн хэрэгсэлд зайлшгүй чухалчлагдах олон ишт үзэл бодол, хараат бус бие даасан байдал” хэмээн бүхэлд нь авч үзэж ойлговоос зохилтой гэсэн санаа л даа.
Улмаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолд “Freedom of information is a fundamental human right” гэсэн заалт бий. Тэгвэл Чөлөөт хэвлэлийн Харти “A free press means a free people” буюу “Чөлөөт хэвлэл гэдэг нь чөлөөт хүн зон гэсэн үг” гэж эхэлдэг.
Даян дэлхийн сэтгүүлчдийн ажил мэргэжлийн асар том байгууллага болох Олон улсын сэтгүүлчдийн холбооны гол баримт бичигт “There can be no press freedom if journalists exist in conditions of corruption, poverty or fear” буюу “Хэрэв зээ сэтгүүлчид авлига, ядуу зүдүү байдал, айдас хүйдсийн нөхцөлд байвал тэнд хэвлэлийн эрх чөлөө байхгүй” гэсэн байгаа.
Чөлөөт хэвлэлийн Харти болон Герман мэтийн орны үндсэн хуульд “Censorship, direct or indirect, is unacceptable” буюу “Цензур /хянан цагдах/ нь шууд хийгээд дам ямарваа байдлаар байж таарахгүй” гэж өгүүлдэг. Уншигчид энэ бүхнээс чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний талаар тоймтой, тодорхой ойлголт төсөөлөл олж авсан байх.
-Эрх чөлөө гэдэг асар их үнээр олддог. Тэгвэл бид ямар замаар хэвлэлийн эрх чөлөөг олж авч, түүнийг хэрхэн хамгаалах вэ?
-Хэвлэлийн эрх чөлөөг хэзээ, хэн өгөхийг хүлээж, хишиг горьдох мэт бусдыг царайчилж гуйж гувшаад байвал хэзээ ч бүтэхгүй. Тэр эрх чөлөөг тэмцэж байж л олж авна. Тэмцэнэ гэдэг түүний эсрэг үйлдэл үйлчилж байдгаас үүдэлтэй.
Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг хутгатай зүйрлэж болно. Уг хутгыг байнга хурцалж байхгүй бол ир нь дорхноо мохож, юу ч даахаа болино. Чөлөөт хэвлэл ч өөрцгүй. Энэ бол аймхай хүний хийдэг ажил биш. Зүрх зориг муутай бол тийшээ зүглэх ч хэрэггүй.
Чөлөөт хэвлэл гэдэг хүнд бэрх агаад хүний чанар шалгах зам тул энэ замд ганцаархнаа бус олуулаа гар гараасаа барилцан хамтдаа явах учиртай. Үүнд сэтгүүлчдийн ажил, мэргэжлийн эв санааны нэгдэл тун чухал. Нэгнийхээ хэлснийг нөгөө нь эсэргүүцэж, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байвал шууд л намнуулчихна.
Нэг нэгээрээ намнуулахгүйн тулд халдлага дайралтаас хамгаалах тэнхээтэй байгууллага хэрэгтэй. Итгэж найдаж, эвлэлдэн нэгдсэн байгууллага нь ишгүй сүх, иргүй тонгорог, эрчгүй дээс, сумгүй буу, шүдгүй буйл шиг арчаагүй байвал амбан явахгүй.
“Мунхагийн санах нь хойноо” гэгчээр хүндэт ерөнхийлөгч хэмээх нэр зүүсэн миний бие сэтгүүлчдийн сүүлчийн их хурлыг нээсэн хэрнээ хаалгүйгээр бусдад даатгаж найдаад орхиод явсан нь одоо бодоход буруу байжээ. Хорхойд хоргүй дүртэй атлаа хормой дороо агуйтай хүн бидний дунд байх юм гэж яаж мэдэх вэ дээ.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр үүнийг өгүүлэхийн учир гэвэл сэтгүүлчдийн эв санааны нэгдэл сайн биш байгаад санаа зовох болсонтой минь холбоотой.
-Өнөөгийн сэтгүүл зүй дэх сайн хийгээд саар зүйлсийн талаар ч бас багагүй зүйл эргэцүүлж, санаа сэтгэлээ чилээж суудаг биз?
-Сүүлийн үед иргэний болон онлайн сэтгүүл зүй гэж их ярих боллоо. Монголд өчигдөр мэдээллийн 600 шахам сайт байсан гэж бодвол өнөөдөр тоо өсчихсөн байх жишээтэй. Цахим сэтгүүл зүйн цараа тэлж, тоо нь түргэн өсч, ид эрчээ авч байгаа нь жирийн сэтгүүл зүйд үүссэн жинхэнэ феномен, содон үзэгдэл, сонин сюрприз.
Сэтгүүл зүй дэх хамгийн хүчтэй цоо шинэ хандлагад хаалт хийж, тээг учруулах гэсэн оролдлогыг тэнэг үйлдэл, харанхуй засгийн харалган бодлого гэхээс өөр юу гэх вэ. Өөрөөр нэрлэх олигтой үг олдохгүй нь.
Нөгөөтэйгүүр сэтгүүлчид төрөл, төрлөөр салбарлаж мэргэшихгүй бол нэг хүн өнөөдөр улстөр, маргааш урлаг, нөгөөдөр нийгэм, дараа нь анагаахын тухай бичих гэвэл амжилт олохгүй. Одоо чинь Аристотелийн үетэй адилгүй шүү дээ. Нөхцөл байдал огт ондоо.
Орчин цагийн сэтгүүл зүй хөгжсөн оронд ямар байдаг вэ. Зөвхөн биеийн тамир, спортоор гэхэд л Chief Football commentator, Motor Racing Correspondent, Chief Sports Reporter, Tennis Correspondent, Criket Correspondent... гэхчилэн төрөлжжээ. Тэр ч бүү хэл Цагаан ордон, хөрөнгийн бирж, эрүүгийн гэмт хэргийн чиглэлээр бичдэг сурвалжлагч гэх нь ч энүүхэнд. Үүнээс ч нарийссан гээд бод доо.
Хүний мэдлэг хэмжээлшгүй, танин мэдэхүйд хязгааргүй, аливаа юм харьцангуй байдаг тул сэтгүүлч хүн өөртөө өндөр шаардлага тавьж цаг үргэлж суралцаж, чамбайрч боловсорч хөгжиж байхгүй бол дорхноо хоцрогдохоор байна. Цаашилбал social media гэсэн ойлголтод дуртай ч, дургүй ч дасан зохицолгүй болохгүй нь.
-Та сэтгүүл зүйн салбарын хар бараан талыг илүүтэй хөндлөө. Гэхдээ Монголын сэтгүүл зүйд өнгөтэй өөдтэй зүйл ч бас багагүй гарч ирж байгааг үгүйсгэхгүй биз дээ?
-Яалаа гэж. Дэлхийд цуутай “Bloomberg” Монголд салбараа нээж, сувгаараа дамжуулан санхүү, бизнес, хөрөнгийн зах зээл, мөнгөний ханшийн тухай хамгийн сүүлийн үеийн сонин содон, шинэ сэргэг мэдээ, мэдээллийг цаг тухайд нь мэргэжлийн маш өндөр түвшинд манайханд өгч байна.
Алдар хүнд, арвин туршлага, асар өргөн мэдлэг, мэдээлэлтэй гадны аль шилдэг эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн, бизнес эрхлэгчдийг эфиртээ урьж яриулдаг нь Блумбергийн онцлог гэлтэй. Бусдаас ялгарах давуу тал ч гэж болно.
Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 23-нд Жорж Соростой хийсэн ярилцлага янзын гоё болсон. Мөн дөрөвдүгээр сарын 17-нд Улс хоорондын хамтын ажиллагааны нийгэмлэгийн зөвлөх Альберт Канунтай эрчим хүчний зохистой хэрэглээний талаар сонсууштай сонирхолтой яриа өрнүүлсэн.
Блумбергтэй монголчуудыг холбоход англи хэлэнд гаргуун Э.Долгион нарын хүмүүс чухал үүрэг гүйцэтгэж байна. Блумбергийн нэвтрүүлгийг үе, үе үзэхийн сацуу бас “Bloomberg Businessweek”-ийг хааяадаа олж авч уншиж байгаадаа би хувьдаа баяртай байгаа. Блумберг болбоос Монголын сэтгүүл зүйд нэвтэрсэн нэн шинэ үзэгдэл, нэг ёсны феномен.
Мөн “UBS” телевизээр Н.Ганхуягийн хөтлөн явуулдаг “Wonderful world” буюу “Гайхамшигт ертөнц” нэвтрүүлэг олон хүний нүдийг нээсэн байх. С.Батбаатар, Б.Золбаяр, Б.Галаарид, Д.Оюунтуяа, Э.Энэрэл, Л.Мөнхбаясгалан нарын сэтгүүлчдийн шинэ, шилдэг корпус нэгэнт үүссэн. Энэ бол бидний жинхэнэ бахархал. Дунд үеийнхнээс Баабар /Б.Батбаяр/ их уншсаны ид шидийг мөн ч их үзүүлж байна даа. Мөн сэтгүүлч хатагтай Ц.Сарантуяа АНУ-д “Монгол телевиз” ажиллуулж байна. Энэ мэтчилэн яриад байвал сайн зүйл зөндөө.
Гагцхүү энэ бүхнийг анхааралтай ажиглаж үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгч чаддаг сэтгүүл зүйн мэргэжлийн шинэлэг байгууллага, хүн байна уу, үгүй юу.
Сэвсээ хивдэг адгуус шиг хуучнаа санагалзаж, алдрын тогоо долоохоос хэтрэхгүй, Монголын сэтгүүл зүй өнөөдөр хаана байна, хаашаа явж байна, юу нь болж, юу нь болохгүй байгааг хэмждэг байгууллага, шударга хэлдэг хүн бараг алга.
Өөрөөр хэлбэл сэтгүүл зүйн шүүмж хөгжихгүй байна.
-Шүүмж гэснээс таны үргэлж ярьж, шүүмжлэлтэй ханддаг бас нэгэн зүйл бол менежментийн асуудал. Монголын сэтгүүл зүйд өнөөдөр зөв менежмент дутагдаж байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө гэдэг чинь уг нь хэлэхийн төдийд байх бус зүй нь хийх ёстой ажил, хэрэгжих учиртай үйлс юм шүү дээ. Бид алийн болгон хий хоосон номлож, хэнхдэг дэлдэн цэцэрхэх вэ. Тийм болохоор амьдралд ойр ярья. Арай илүү хэрсүүжье.
Үнэнийг хэлэхэд “Мөнгө дагаж сэтгэл ханьсана” гэдэг бичигдээгүй хууль бичсэнээсээ хамаагүй хүчтэй үйлчилдэг боллоо. Худалдагдсан сэтгүүлч, захиалгат сэтгүүл зүй, тэр бүү хэл “янхан” телевиз хүртэл байгаа нь ч үүнтэй холбоотой.
Бохироос цэвэрт шилжих ганц найдвартай гарц бол хэвлэл мэдээллийн зөв менежменттэй байх явдал. Үүнгүйгээр хэвлэл мэдээлэл хараат бусаар бие даан хөгжинө гэдэг дэмий үг, демагоги. Хэтэвчний хэвлэл, халаасны сэтгүүл зүй ноёлсон нөхцөлд хараат бусын тухай ярих нь үл биелэх үлгэр.
Мөнгө санхүүгийн хувьд биеэ даахтай болж чадаагүй нөхцөлд үйл аижллагаа нь бие даана гэж байхгүй гэдэг нь амьдралаас үүдэлтэй аксиом.
Тиймээс ч “Talloires”-ын тунхагт “Without financial independence the press cannot independent” буюу “Хэвлэл нь санхүүгийн хувьд биеэ даахгүйгээр үйл ажиллагааны хувьд бие дааж, хараат бус байж чадахгүй” гэж заажээ.
Чөлөөт, хараат бус, бие даасан хэвлэл мэдээлэл, жинхэнэ утгаар, зөв голдиролоор хөгжих гол нөхцөл, бодит бололцоо нь юу вэ гэвэл боловсронгуй сайн менежменттэй байхад оршино. Гэтэл манайд энэ талын менежмент их сул хөгжиж байна.
Үүнээс болоод хэвлэл мэдээлэл санхүүгийн бэрхшээлтэй байн байн тулгарч, сэтгүүлчид сав л хийвэл ажилгүй болж, амьдрахын тулд бусдын нөлөөнд автах магадлал манайд маш өндөр байх тул гадныхнаас суралцах шаардлага гарцаагүй.
-Чухам хаанахын хэнээс суралцаж болох вэ?
-Канадын Конрад Бласк, Их Британийн Феликс Деннис, Австралийн Руперт Мердок, “Форбес” сэтгүүлийг үүсгэн санаачлагч Стеве Форбес, Америкийн Тед Тернер, Опра Винфрем... гэх мэт олон хүнийг нэрлэж болно.
-Та тэднээс хэнийх нь амжилтын замналыг онцлох бол?
-Тед Тернер. Америкийн хэвлэл мэдээллийн магнат Тед Тернер CNN-ийн үүсгэн байгуулагчаар барахгүй В.Гусинскийн “Медиа-Мост”-ын хувьцааг худалдан авснаар бизнесийн хүрээгээ ойроор зогсохгүй холын Орост хүртэл тэлсэн. CNN-ээс гадна “Ти-Би-Эс” буюу Тернер Бродкастинг систем ажиллуулсан. Телевизийн зар сурталчилгааных нь орлого ч огцом хурдтай өсч байлаа.
Далбаат завь, бейсболын спорт, бизоны аж ахуй, газрын бизнес ... гээд цөөн гэхээргүй чиглэлд хөл тавьж, хүчээ сорьсныг нь үзэхэд Тедийн үйл ажиллагааны спектр үнэхээр өргөн.
Зугаа цэнгээний хийгээд супермаркетуудын үйлчлүүлэгчдэд зориулсан нэвтрүүлгийн суваг нээхээс өгсүүлээд “Спорт саус” сүлжээ үүсгэх гэх мэтчлэн эцэс төгсгөлгүй санаачилгын эзэн нь Тед Тернер болой.
Тэрбээр телевизийн суваг нээж, станц санаачилж, тэгснээ ондоо бизнес рүү орж, болмооргүй шиг санагдвал өөрийг сонгох зэргээр маневр сайтай, мятрашгүй эрчтэй ажилласан. Гэрээ хэлцэл хийх эсвэл цуцлах, хувьцаа авах эсвэл худалдах, хөрөнгө цацах эсвэл татах гээд хэнд ч гүйцэгдэхээргүй гүйлгээтэй сэтгэнэ.
Бизнесийн нэг төрлөөс нөгөөд шилжихдээ гаргуун. Тэрбумтан Жорж Сорос, Владимир Гусинский мэтийн гарамгай бизнесменүүдтэй гар нийлж, ганзага хоршиж явсан ч удаатай. Давших тактиктай, ухрах ухаантай, эхлэхээс цааргалдаггүй, эрсдэлээс айдаггүй нь Тед Тернерийн төрөлх араншин. Тэрбээр “Удирд, дага, үгүй бол зам тавьж өг” гэсэн ганцхан кредотой.
Ердийн зураглаачаас ер бусын магнат болтлоо мандсан эрхэм Тедийн замнал нэг иймэрхүү. Түүний энэ түүх манай хэвлэлийн бизнес эрхлэгчдэд хэрэг болж юуны магад.
Ер нь менежментгүй байж телевизтэй болох гэх, мэдэхгүй байж сонин, сэтгүүл гаргах гэх нь зүйрлэвээс бороотой өдөр гадаа давс зарах, салхитай өдөр гудамжинд гурил савлах лугаа аз туршсан алмай үйлдэл.
Өөрөөр хэлбэл, хар таамгаар хэвлэлийн бизнес эрхлэнэ гэдэг харанхуй нүх рүү буу шагайхтай адил.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Монголын сэтгүүл зүйд Тед Тернер шиг магнатууд олон төрөх болтугай.