Жил бүрийн наймдугаар сар гарсан даруйд л эцэг эхчүүд нялх балчир үрсээ хаана ямаp цэцэрлэгт өгөх вэ? гэдэг томоохон асуудалтай тулгардаг болоод удлаа.

 

Учир нь жил ирэх бүр хүн ам өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор Нийслэл хотын маань цэцэрлэг сургуулийн тоо, даац хүрэлцэхээ нэгэнт больжээ.

 

Тодруулбал энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 255 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаагаас зөвхөн 10 хүүхэд тутмын 7 нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон.

 

Харин Нийслэл хотын хэмжээнд нийт 100 гаруй мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаагаас өнгөрсөн жил 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Тэгвэл энэ жил 28 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй хоцорч байна.

 

Тиймдээ ч өнөө жил ч урьдын адилаар эцэг эхчүүдийг цэцэрлэгүүдийн гадаа уртаас урт дараалалд хонож өнжин, томоохон асуудлыг үүсгээд амжлаа.

 

Гэсэнч  цэцэрлэгийг тойрсон асуудал үүгээр зогсохгүй нь бололтой. Учир нь улсын цэцэрлэгүүд оройн 17.00 цагт тардаг нь  Нийслэлчүүдийн ажил амьдралын хэмнэлээс зөрж, эцэг эхчүүдэд “хүүхдээ авах-ажлаа таслах” гэсэн бас нэгэн дарамтыг бий болгож байна.

 

Тиймээс энэ талаарх гомдол санал цахим ертөнцөөр хүчтэй тархаж байгаа бөгөөд Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос цэцэрлэгийн хүүхдүүдийн тарах цагийг нэг цагаар хойшлуулах талаар БШУ-ны сайд Л.Гантөмөр Нийслэлийн Боловсролын газрын дарга нарт албан бичиг хүргүүлээд байна.

 

Хэрэв энэхүү санал дэмжигдвэл багш нарын эрх ашгийг хүндэтгэж туслах багш, ерөнхий багш хоёр нэг нэг өдрөөр нэг цагаар хойш ирж, орой нь нэг цагаар хойш ажлаасаа буух зохицуулалт хийж болох гэнэ.

 

Түүнчлэн зохион байгуулалтыг хийхэд төсвөөс хөрөнгө мөнгө шаардагдахгүй бөгөөд цэцэрлэгт сурч байгаа 200 мянга гаруй хүүхдийн эцэг, эхэд ажлаа хийх таатай нөхцөлийг бүрдүүлэх аж.