Төсвийн хэмнэлтийн талаар асуулга тавив
2014/10/06
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар нэгдсэн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын санхүүжилт, өр зээл, төсвийн хэмнэлтийн асуудлаар Сангийн сайд Ч.Улаанд асуулга тавилаа.
Монгол Улсын эдийн засгийн хямралт байдалтай холбоотойгоор эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор Засгийн газраас татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хууль тогтоомжийг УИХ-аар батлуулсан боловч эдийн засгийн бодитой үр дүн гарахгүй байна. Тухайлбал, оны эхний найман сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 605.8 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба зээлийн дүн 1.3 их наяд төгрөгөөр, хөрөнгө оруулалтын санхүүжилт 829.6 тэрбум төгрөгөөр тус тус тасарчээ. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд алтаа худалдсан тохиолдолд алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувь, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг "0" хувьтай болгох хуулийн төсөл боловсруулан 2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-аар батлуулсан. Гэвч улсын нэгдсэн төсвийн оны эхний найман сарын гүйцэтгэлээр төсөвт төвлөрүүлэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр нийтдээ 221.4 тэрбум төгрөгөөр тасраад байна.
Иймд УИХ-ын дээрх нэр бүхий гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс үүдэн улсын төсөв хэчнээн хэмжээний татварын алдагдал хүлээсэн, 2008 оноос өнөөг хүртэл алт олборлогч компаниудын төлсөн татвар, алт олборлолт, тушаалтын хэмжээг он тус бүрээр гаргаж өгөхийг Сангийн сайдаас хүсчээ. Мөн 2014 онд Засгийн газрын шинээр үүсгэсэн өр зээл, баталгаа болон эдгээр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон өрийн дээд хязгаарт хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өгөхийг энэхүү асуулгад онцолсон байна. Түүнчлэн УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн чиг үүргийн дагуу төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд авсан арга хэмжээ, гарсан үр дүнгийн талаарх мэдээллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Сангийн сайдаас хүссэн аж.