Барилгын материалын дэлгүүрүүд дутуу савласан цемент, будаг, цавуу, замаск зардаг нь тогтоогдлоо
2014/10/18
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газрын 2014 онд хамтран барилгын материалын дэлгүүрүүдэд шалгалт хийжээ.
Уг шалгалтыг өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдрөөс ажлын 7 хоногт багтаан хийсэн байна. Энэхүү шалгалтаар СБД-ийн 10, 11 дүгээр хороонд байрлах 100 айлын барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, БГД-ийн 5 дугаар хороонд байрлах УБТЗ-ын Ачиж буулгах, тээвэр, экспедицийн механикжсан анги /АБТЭМА/ буюу барилгын материалын 44 дүгээр захын худалдаа эрхлэгчид, барилгын материал үйлдвэрлэдэг “Гурван марал групп” ХХК, “Эрдэнэжин фан” ХХК, “Монгол ташуур” ХХК, “Баян сэтгэмж” ХХК зэрэг нийт 56 иргэн, 4 аж ахуйн нэгж, байгууллагын 25 кг, 50 кг-аар савласан цемент, чигчээс, төрөл бүрийн замаск, 1 кг, 10 кг, 18 кг-аар савласан будаг, цавуу зэрэг 8 нэр төрлийн 450 ширхэг савласан барилгын материалыг хамруулан шалгасан ажээ.
Шалгалтаар 100 айлын барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид БНХАУ-аас импортоор нийлүүлэгдэж буй 1 кг, 10 кг, 17 кг, 25 кг, 35 кг, 50 кг-аар савласан цемент, будаг, цавуу, замаск зэрэг барилгын материалын бүтээгдэхүүн нь цэвэр тооны хэмжээний хэвийн утгаас 400 граммаас 10 кг-аар дутуу савлагдсан. Мөн 100 айлын барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчид Монгол Улсын зах зээлд худалдаалагдаж буй будаг, цавуу, замаск, битум гэх мэт савласан барилгын материалын цэвэр тоон хэмжээ, үйлдвэрлэсэн газар, стандартын дугаар, холбогдох хаяг, утас, хадгалах нөхцөл, хэрэглэх заавар, үйлдвэрлэсэн огноо зэргийг бичээгүй, хаяг шошгогүй байжээ.
Түүнчлэн БНХАУ-аас нийлүүлэгдэж байгаа цементийн уут сийрэг, цемент ачиж, буулгах үед бургиж тоос их хэмжээгээр үүсдэг, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтаар Төмөр замын АБТЭМА-д тандалт судалгаагаар хийсэн шинжилгээгээр тоосны агууламж ажлын бүсэд эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 1.4-5.2 дахин их гарсан, цемент ачигч-буулгагч нарт олгож байгаа сүлжмэлэн бээлий, 2 давхар даавуун амны хаалт нь гар, амьсгалын эрхтэн системийг хамгаалж чадахгүй байгаа нь шалгалтаар илэрсэн байна.
Шалгалтын явцад нийт 35 зөрчил илрүүлж, 21 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчлийг арилгуулах талаар 12 заалттай 3 албан шаардлага үйлдэж, 2 аж ахуйн нэгж, байгууллагад 200.0 мян. төгрөгийн, 1 албан тушаалтанд 576.0 мянган төгрөгийн, 10 иргэнд 384.0 мянган төгрөгийн нийт 1.260.0 мянган төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж, 1.400.000 мян. төгрөгийн хууль бус орлогыг хураан, 2.660.0 мян. төгрөгийг бүрэн барагдуулжээ.
Зочин · 2014/11/29
Бас гурилын үйлдвэрүүдийн савласан шурилыг шалгамаар багаа юм, Ялангуяа 25кг-ийн гурил хэмжээндээ ер хүрэхгүй юм