Иргэдийн амжиргааны түвшин өмнөх жилүүдийнхээс бага хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Учир нь үнийн өсөлт зогсолтгүй үргэлжилсэн нь ийн иргэдийн амжиргааны түвшинд нөлөөлжээ. Өнөөдрийн байдлаар зогсолтгүй үргэлжлээд байсан үнийн өсөлт бага багаар буурч байгаа билээ.

 

   Энэ нь нийгэм эдийн засагт сайнаар нөлөөлж байгаа бөгөөд цаашид үнийн тогтвортой байдалд анхаарал хандуулсанаар санхүүгийн нөхцөл байдал тэгтлээ доошоо орохгүй биз ээ. Хаа сайгүй хямралтай байгаа гэх боловч хямрахгүй байх арга замыг олж хямралаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

 

   Хүн болгоны аман уншлага болсон цалингаас цалингийн хооронд амьдрах асуудалтай байна гэх үг өнөөдөр маш ихээр хэрэглэгдэж байгаа. Ард түмэн цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч амжиргааны түвшин дээшлэхгүй байгаа нь үнэн ч цалин нэмсэн тохиолдолд үнэ ханш дагаж өсөн цалин хөлс нэмсний ашиг гарахгүй. Тиймээс эхлээд үнийн тогтворжуулалтыг бий болгох хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

 

    Үүнээс гадна сайн мэдээ гэвэл өрхийн дундаж орлого нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал: энэ оны эхний гурван улирлын байдлаар Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлого 14.1 хувиар өссөн ч зарлага нь үүнээс хурдацтай буюу 16.7 хувиар нэмэгдсэн байна. Энэ хугацаанд өрхийн нийт орлого нэг сая 73 мянга төгрөгт хүрсэн бол зарлага нэг сая 72 мянган төгрөгөөр хэмжигдэж, орлого зарлагын зөрүү хумигдсаар байна.

 

  Гэхдээ өрхийн орлого бүх төрөлдөө өнгөрсөн оны мөн үеэс 0.9-41.7 хүртэл хувиар өсчээ. Тайлант хугацаанд нийт орлогын 89.6 хувийг мөнгөн орлого бүрдүүлснээс цалин хөлсний хэмжээ 14.1 хувиар нэмэгдэж, дундаж нь 517 мянган төгрөгөөс давсан бөгөөд хувийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн өрхийн нийт орлогын 6.2 хувийг, бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн 4.2 хувийг нь бүрдүүлсэн байна.

 

   Зарлагын нийт өсөлт орлогынхоос өндөр байсан ч зарим төрөлд зарлага буурсан сайн мэдээ байна. Тухайлбал тайлант хугацаанд өрхийн мах, махан бүтээгдэхүүнд зарцуулж байгаа мөнгөний хэмжээ өнгөрсөн 2013 оныхоос 4.8 хувиар буурч, 79.8 мянган төгрөг болсон бол тээврийн үйлчилгээнд зарцуулах зардал 2.5 хувиар багасчээ. Улсын хэмжээнд нэг хүний бодит мөнгөн орлого 2014 оны дөрөвдүгээр сараас шинэчлэн мөрдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих түвшнээс 69.8-84.2 хувиар өндөр байна. Улаанбаатар хотын нэг хүнд ногдох бодит мөнгөн орлогын дундаж 311 мянга 370 төгрөг байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөрт тооцогдож байна.

 

   Харин баруун бүсийн нэг хүнд 215 мянган төгрөгийн бодит мөнгөн орлого ногдож байгаа нь амьжиргааны түвшнээс 47.1 хувиар өндөр байгаа ч улсын хэмжээнд хамгийн багад тооцогдож байгаа аж. Улсын дунджаар нийт хэрэглээний 40.2 хувийг чинээлэг иргэд бүрдүүлж байгаа бол нэн ядуу гэгдэх нийт хүн амын 20 хувьд нийт хэрэглээний ердөө 8.2 хувь ногдож байгаа юм. Энэ ялгаа зүүн болон төвийн бүсүүдэд хамгийн өндөр байгаа хэмээн мэргэжилтнүүд мэдээлж байна.

 

    Сүүлийн хэд хоног хүнсний гол нэрийн барааны үнэ хүртэл буураад байгаа билээ. Энэ нь иргэдийн санхүү, эдийн засгийн байдалд ихээхэн ач холбогдол үзүүлэх хандлагатай байгаа юм. Махны үнийн хувьд хонины ястай нэг килограмм мах дунджаар 5850 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7510 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 120 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв.

 

    Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 90 төгрөгөөр, хонины цул мах 1.2 хувиар буюу 85 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна. Гэх мэт үнийн ханш өнөөдрийн эдийн засгийг тодорхойлж байгаа юм. Цаашдаа ийн үнэ тогтворжиж, өсөлт зогсох тэр үед иргэдийн амжиргаа болоод улсын эдийн засаг сэргэх сайн талтай байгаа билээ. Ирэх онд үнийн өсөлт, эдийн засгийн хямралаас айх хэрэггүй болох биз ээ. Хамгийн гол нь үнийн өсөлтөд хяналт, эдийн засагт хямралаас гарах гарц зөв гарц хэрэгтэй.