Валютын ханшийг бууруулж өгөөч, зуны гуталтай даараад байна
2014/12/02
Монгол Улсын Засгийн газар огцроод удаагүй байна. Харин огцрох болсон шалтгаан нь манай улсын эдийн засаг хүнд байдалд буюу хямралд орсонтой холбоотой. Эрх баригчид“Эдийн засаг хүндрээгүй, иргэдийн амьдрал дажгүй байгаа...” гэсээр ард түмнийг туйлдуулж гүйцсэн.
Тэд бодит байдлыг мэдэж байгаа хэр нь сандал ширээ, эрх мэдэлтэйгээ зууралдсаар сонгуулиас хойшхи хоёр оныг үдэн байж сая нэг“зайгаа тавив”. Одоо ч зарим нь“Эдийн засаг хүндрээгүй байхад ард түмэн худлаа хэллээ” хэмээн албан тушаалынхаа араас харамсч яваа сурагтай. Тэгвэл бодит байдалд юу болов. Үнэнийг хэлэхэд олон өрх үдэш худалдаж авсан талхныхаа хагасыг үр хүүхдээсээ нуун байж өглөөний ундандаа хэрэглэх боллоо. Идэр есийн жавар удахгүй тачигнах гэж байтал олон иргэн зуузай нь ханзархай зуныхаа гутлыг сольж ч чадаагүй явна. Санхүүгийн хүндрэлээс болж байгууллагуудаас олон зуун ажилтан цомхотголд өртөж, үлдсэн хэд нь цалингаасаа танууллаа. Юанийн ханш арилжааны банкуудад310 төгрөгт хүрснээр урд хөршийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөхөөсөө нэг нугалсан илүү үнэтэй ирэх боллоо. Өнгөрсөн долоо хоногт л 1890 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар Монголбанкны өчигдрийн зарласан ханшаар 1895.17 төгрөгт хүрсэн бол валют арилжааны зах, арилжааны банкуудад 1900-1905 төгрөгийн хооронд зарагдаж байна. Энэ онд инфляцийн төвшинг найман хувьд барина гэсэн ч оны дундуур 14, 15 хувьд хүрсэн. Харин өнөөдрийн байдлаар 12.7 хувьтай байгаа ч оны эцэс гэхэд эргээд өсөх хандлагатайг эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн Монголбанкны хуримтлагдсан алдагдал өнгөрсөн жил 400 гаруй тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн сарын байдлаар 700 орчим тэрбумын алдагдалтай байгааг Н.Золжаргал Ерөнхийлөгч хэлсэн. Энэ мэт олон асуудал ард түмнийг“хог” дэрлүүлж, хоосон хонууллаа. Тиймээс шинэ Засгийн газраа даруйхан байгуулж, эдийн засгийн уналтад хязгаар тавихгүй бол ард түмэн чинь хөлдөж үхэхэд ойрхон байна. Валютын ханш энэ хэрээрээ өсвөл оны эцэс гэхэд нэг ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг. Тэр үед хэдэн хүн осгож эрүүл мэнд, амь насаараа хохирсон байх бол...
М.Наранболд
Зочин · 2014/12/03
mongol gutalaa awj omsooj ** *** min