Монгол улсын заан Ч.Санжаа­дамбын 2013 оны IX сараас 2014 оны IX сарын 12-н хүртэлх хугацаанд зодоглон барилдсан барилдааны үр дүнг судалгааны ажиглалтын арга  дээр тулгуурлан статистик мэдээ ашиглан боловсрууллаа.

Өнөө цаг үед Монгол бөхийн дэвжээнд энэ зэрэгцэн өрсөлдөж буй 40-50 бөх байна. Эдгээр бөхчүүдийн дунд тэргүүлэх байр суурийг Ч.Санжаадамба эзэлнэ. Энэ тал дээр бөх сонирхогчид, бөхчүүд маргахгүй биз ээ. Залуу зааны гол өрсөлдөгч улсын цолтой бөхчүүдтэй өнгөрсөн 2013 оны IX сараас хойш өнөөг хүртэл хэрхэн барилдсан тухай танилцуулж байна.

Энэхүү үзүүлэлтээр Ч.Санжаадамба зааны аймгийн цолтой болон түүнээс доош цолтой бөхчүүдтэй хийсэн барилдааны  тухай, оруулаагүй болно. Харин аймгийн цолтонгуудад өвдөг шороодсон барилдааны барьц, мэхний хувилбарыг багтаав.

Өөрөөр хэлбэл улсын заан цолтой өнөө цаг үеийн бөхийн өнгийг тодорхойлж яваа залуу хүчитнийг аймгийн болон түүнээс доош цолтой бөхчүүдтэй харьцуулан бичих нь төдийлэн ач холбогдол багатай гэж үзлээ. Үзүүлэлтэндээ Монгол бөхийн өргөөнд болсон барилдаан, Үндэсний их баяр наадмын барилдааны үр дүнг авч тооцсон болно.

Гол өрсөлдөгч улсын цолтой бөхчүүдтэй хийсэн барилдааны үзүүлэлт:

- У.ав-С.Мөнхбаттай 2013 оны есдүгээр сарын 4-нд  Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 851 жилийн ойн барилдааны долоогийн даваанд түрүү байрын төлөө барилдаж элэг бүсний барьцнаас баруун талдаа өлгөж хавирах мэхний хувилбараар илүүрхэн давжээ. Ийнхүү энэ барилдаанд 2012, 2013 онуудад дараалан түрүүлээд байна.

- У.ав-Г.Эрхэмбаярыг  2013 оны арванхоёрдугаар сарын 8-нд МоАХ байгуулагдсаны 24 жилийн ойн уламжлалт барилдааны наймын даваанд түрүү булаалдах барилдаанд баруун талдаа дотуур хавирах мэхний хувилбараар барилдаан эхлээд найман минут өнгөрч байх үед өвдөг шороодуулан түрүүлсэн.

- У.ар-Н.Батсуурьтай  2014 оны долдугаар сарын 12-нд Ардын хувьсгалын 93-н жилийн ойн үндэсний их баяр наадмын наймын даваанд тунаж барилдахад Н.Батсуурь зүүн талдаа шахаж татах (дотуур хашиж хавирах) мэхээр давсан. Энэхүү барилдаан 24 минут 23 секунд үргэлжилсэн байна.

- У.ар-П.Бүрэн­төгсийг 2013 оны арванхоёрдугаар сарын найманд МоАХ байгуулагдсаны 24 жилийн ойн уламжлалт барилдааны долоогийн даваанд тунан барилдаж баруун талдаа мордоход нь дагуулж бусгаж мушгиад давжээ.

- У.г-Д.Рагчааг 2013 оны арванхоёрдугаар сарын 22-нд Богдхан уулын хишиг барилдааны 8-ын даваанд түрүү байрын төлөө хүч үзэхэд Д.Рагчаа гардийг түрээд хөөхөд нь хүчийг нь дагуулж сунгаж татаад өвдөг шороодуулав. Харин 2014 оны нэгдүгээр сарын 12-нд Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн барилдааны наймын даваанд түрүү байрын төлөөх барилдаанд Д.Рагчаагийн талаар хаялцах барьц сонгоход Д.Рагчаа баруун талдаа дотуур хашиж хавирах (шахаж татах) мэхээр давсан. Ийнхүү барилдааны харьцаа 1:1 боллоо.

- У.г-Б.Гончиг­дамбатай сүүлийн жил гаруй хугацаанд дөрвөн удаа таарсан. 2013 оны есдүгээр сарын 22-нд Монгол үндэсний бөх дэлхийн дээд амжилтын геннист бүртгүүлсний хоёр жилийн ой, намрын улирлын нээлтийн барилдаанд түрүү байрын төлөө уран мэх, хүч чадлаа сорин барилдахад баруун талаараа сугны хонхорцог, элэг бүсний барьцнаас гуд татаж цээжин дороо хийгээд урагш нь хөнтөрч татаад өвдөглүүлсэн байна.

2013 оны арваннэгдүгээр сарын 4-нд  Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 851 жилийн ойн барилдааны тавын даваанд тунан барилдаж баруун талдаа өлгөж хавирах мэхээрээ давжээ. 2013 оны арванхоёрдугаар сарын 8-нд МоАХ байгуулагдсаны 24 жилийн ойн уламжлалт барилдааны 6-гийн даваанд мөн л тунан барилдаад бярдаж мушгиад хаяжээ.

Үүнээс хойш 2014 оны долдугаар сарын 12-нд Ардын хувьсгалын 93-н жилийн ойн үндэсний их баяр тунаж баруун талаараа шуудагдсан барьцнаас Б.Гончигдамба зүүн талдаа дутуу мордоход нь Ч.Санжаадамба биеэ суллан тогтож эргээд ойролцоо газардсан боловч “зааныг сүүлдэж газардсан” хэмээн хөлийн цэцийн шийдвэрээр Ч.Санжаадамбыг давуулсан байна.

Тэд наадмын 7-гийн даваанд  27 минут 10 секунд барилдсан. Ийнхүү 2013.09 сараас  хойш 2014.10.12-н  хүртэлх хугацаанд бүгдэд нь Ч.Санжаадамба давсан байна. Хоёр “Дамба”-ын өрсөлдөөн цаашид ч олон жил үргэлжлэх байх.

- У.з-Б.Батмөнхийг 2013 оны арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны 89 жилийн ойн уламжлалт барилдааны үзүүр түрүү булаалдан хүч үзэхэд баруун талдаа нааж хавирах дархан мэхээрээ давж түрүүлсэн байна.

- У.х-Ө.Бат-Оршихтой 2013 оны арваннэгдүгээр сарын 4-нд  Их эзэн Чингис хааны мэлмий гийсний 851 жилийн ойн барилдааны 6-гийн даваанд тунан барилдахад заан баруун золгосон барьцнаас хүчтэй гуд татаад төвөггүй өвдөг шороодуулсан. Энэ нь барилдааны ур чадвар илт илүү байгааг харуулсан барилдаан болсон.

- У.х-Ц.Содном­дорж­той сүүлийн жил гаруй хугацаанд хоёр удаа таарсан.  2013 оны аравдугаар сарын 27-нд ДЦС-4 ТӨК-ийн 30 жилийн ой, Монгол улсын начин цолны хүндэтгэлийн барилдааны 7-гийн даваанд тунан барилдахад харцага Ц.Содномдорж зааны зүүн хөлийг нь авч тун уран хувилбараар дэрлэх мэх хийж давсан байна.

Харин 2013 оны арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны  89 жилийн ойн уламжлалт барилдааны 7-ын даваанд тунан барилдахад баруун талаараа золгож харцагдаж түрээд баруун талдаа даацтай татаж хавирах мэхээр илүүрхэн хаясан байна. Ийнхүү залуу хү­чит­нүүдийн харьцаа энэ ули­ралд 1:1 харьцаатай болов.

- У.х-Б.Пүрэв­сайхан­тай сүүлийн жил гаруй хугацаанд дөрвөн удаа таарсан. 2013 оны аравдугаар сарын 12-нд Монгол улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Эрдэнэт хотод зохиогдоход долоогийн даваанд түрүү байрын төлөө хүч үзэхэд Ч.Санжаадамба баруун талдаа хавирах мэхээрээ давсан.

Түүний дараахан Архангай аймгийн Хайрхан сумын 90-н жилийн ойн нэрэмжит барилдааны 8-ын даваанд түрүү булаалдахад Ч.Санжаадамба баруун золгосон барьцнаас Б.Пүрэвсайханы толгойг нь уураглаж дараад урагш нь бярдаж гуд татаад хаясан байна. Мөн оны арванхоёрдугаар сард МоАХ байгуулагдсаны 24 жилийн ойн уламжлалт барилдааны 4-ийн даваанд оноолтоор таарахад баруун талдаа араар нь хашиж мордох мэхээр илт илүүрхэн Ч.Санжаадамба давжээ.

Харин арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны түүхт 102 жилийн ой, Монгол улсын ерөнхийлөгчийн шилжин явах цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдааны 4-ийн даваанд оноолтоор таарахад баруун талаараа золгож дан шуудагдсан барьцнаас Ч.Санжаадамба бяралхаад түрээд хөөхөд нь Б.Пүрэвсайхан баруун талдаа хүчийг нь дагуулж бусгаж зайлах мэхээр давсан билээ. Ийнхүү залуу заан, харцага хоёрын барилдааны харьцаа 3:1 болсон.

Улсын цолгүй бөхчүүдэд өвдөг шороодсон үзүүлэлт:

- А.а-О.Хангайд 2014 оны 1 сарын 30-нд Модон морин жилийн цагаан сарын барилдааны 7-гийн даваанд тунан барилдаад Ч.Санжаадамба баруун талдаа хий хавирахад нь О.Хангай зөрүүлж мушгиад давсан.

Энэхүү барилдаанаас хойш 2014 оны гуравдугаар сарын 24-нд Монгол улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны 7-гийн даваанд тунан барилдаад Ч.Санжаадамба баруун талаараа золгосон барьцнаас татаж хавираад давсан боловч  хөлийн цэцийн шийдвэрээр “Дэвжээний захад тодорхой саад тулсан үед барилдаан боллоо” гэж үзээд дахин барилдуулах бо­ло­ход Ч.Санжаадамба ба­рил­далгүй тахимаа өгчээ.

- А.н-П.Даваадоржид 2014 оны гуравдугаар сарын 16-нд Монгол улсын зэвсэгт хүчний 93 жилийн ойн уламжлалт барилдааны хоёрын даваанд барилдахад Ч.Санжаадамба заан түрж хөөж яваад гишгэгдэл алдахад нь аймгийн начин П.Даваадорж тосгуулж хавираад өвдөг шороодуулжээ.

Дүгнэлт

Тэрээр 1985 оны арванхоёрдугаар сарын 30-нд Архангай аймгийн Хашаат суманд мэндэлсэн. Өдгөө 29 настай. 2002 онд сумын заан, 2006 онд аймгийн начин, 2008 онд цэргийн арслан, 2011 онд улсын заан цол хүртсэн. Үндэсний их баяр наадамд 2013 онд тав давж шөвгөрсөн бол 2014 онд долоо давж заан цолоо баталсан.

Ч.Санжаадамба 2013 оны есдүгээр сараас хойш улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцсон 17 барилдаанд зодоглов. Нийтдээ барилдааны чадавхийг тооцож үзвэл 134 (100%) барилдаан хийх ёстойгоос 112 (83.6%) барилдаан хийж 102 даваа авч 10 удаа (У.ар-Н.Батсуурьт нэг, у.г-Д.Рагчаад нэг, у.х-Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, у.н-Ду.Батбаяр, Б.Амарзаяа, Ц.Одбаяр нарт тус бүр нэг, А.а-О.Хангайд хоёр, а.н-П.Даваадоржид нэг) өвдөг шороодсон байна. Барилдааны цэвэр амжилтыг тооцохдоо нийт давааны тоог барилдааны чадавхийн дээд тоотой нь харьцуулж гаргахад 76.1 хувийн амжилттай байна. Дээрх хугацаанд нийтдээ энэ хугацаанд долоогийн түрүү, нэг үзүүр, дөрвөн удаа их шөвөгт шалгарав.

Ч.Санжаадамба нь Монгол бөхийн өргөөнд болон олон улсын түвшинд Монгол үндэсний бөх, Өвөр Монгол бөх, Хасар бөхийн барилдаан зэрэгт давамгай өндөр амжилт үзүүлж буй боловч Үндэсний их баяр наадамд сүүлийн жилүүдэд бөх судлаачид,  сонирхогчид, бөхчүүдийн таамагласан амжилтад хүрэхгүй байна гэж үздэг. Гэвч 2000 оноос хойш төрсөн аварга, арслангууд төрийн наадамд анх удаа түрүүлэхдээ 24-34 настай байв.

А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар анх түрүүлэхдээ 29 настай, Д.Сумъяабазар, Д.Ганхуяг нар 32, Б.Ганбат 34, Г.Эрхэмбаяр 35 настайдаа анх түрүүлсэн бол хамгийн залуудаа П.Бүрэнтөгс 24 насандаа, Х.Мөнхбаатар 25,  С.Мөнхбат, Н.Батсуурь нар 27 насандаа анх түрүүлсэн байна. Дээрх үзүүлэлттэй түүнийг харьцуулахад Ч.Санжаадамба цаашид ойрын 5-7 жилийн хугацаанд төрийн наадамд өндөр амжилт үзүүлэн барилдах магадлалтай.

Түүнийг улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид гуай “Хаалттай бөх” гэж тодорхойлсон. Энэ нь сэтгэлзүйн ачаалал даах чадвар төлөвшөөгүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл их сэтгэлзүйн хэт ачааллыг ард түмэн тухайн хүн дээр үүрүүлж байна гэсэн үг.

Энэ нь жирийн барилдаан, наадмын барилдааны үр дүнгийн ялгаатай байдлаар илэрсэн. Цаг хугацаа түүний сэтгэлзүйн төлөвшлийг цаашдаа хангалттай ачаалал даах хэмжээнд хүргэх болно. Түүнд ойрын 5-7 жилийн хугацаанд төрийн наадамд  2-3 удаа түрүүлэх боломж бий.

Байгаль, газарзүйн хүчин зүйл түүнд эерэгээр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл уур амьсгалын хувьд Монгол бөхчүүд, тамирчид олноор төрсөн бүс нутагт тэрээр мэндэлсэн. Усан хангамж, түүний найрлага (эрдэсжилт, хатуулаг)  нь хүний биед эерэг нөлөө үзүүлж буй бүс нутагт өссөн. Малын гаралтай бүтээгдэхүүн ялангуяа айрагны тархалт, чанар өндөртэй бүсэд, далайн түвшнээс дээш 1300-1500м өндөрлөг газарт түүний төрж, өссөн нутаг оршдог.

Тэрээр хөл авах, гуд татах болон баруун талаараа золгосон барьцнаас баруун талдаа нааж хавирах, өлгөж хавирах, хутгах, давхар тохох, ачих, мордох зэрэг мэхийг голчлон хийдэг бол шуудагны лав  барьцнаас түлхэх, мордох, (түрж хөөх, сэжиж түрэх), мурих, хутгах зэрэг мэхийг хийж байна.

Гол төлөв өрсөлдөгч бөхөө бяраар илүүрхэж барилддаг, бусад өрсөлдөгч нарынхаа барилдааны хэлбэр, бие хаа, барилдааны арга барил зэрэгт тохируулан барилддаг, монгол бөхийн барилдааны баруун талтай бололтой.

Мэхний хувилбарыг бичихдээ “Монгол бөхийн нэвтэрхий толь”  УБ. 2013,  хуудас-123-139 талаас иш татлаа.

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Газарзүйн тэнхимийн докторант Э.Алтанболд