Хөр цаснаар айлын нялх балчир хүүхдүүд зэрлэг адгуусны хөлд гишгэгдэн гэмтэж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдаж байхад үүнээс сэргийлэх хуулийн зохицуулалт хийгээгүй атлаа хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй, хэзээ хэрэгжиж амьдралд нийцэх нь мэдэгдэхгүй хуулийг үйлдвэрлэж байгаа эрхмүүд нэгийг бодмоор юм.

Тавдугаар ангиас л гадаад хэл үзнэ гэсэн хууль баталж байснаас тавдугаар анги хүртэл нь хурдны морь унуулж, уралдуулж болохгүй гэсэн хууль батлах нь хүүхдийн эрх, хүний эрхийг хамгаалж, хүн ёсны бодит журам заалт болж харагдах юм. Уйгаржин бичгээр албан бичиг төлөвлөнө гээд л байдаг монгол бичигтэй хэдэн хүнээр төрийн албан хаагчдаа солих юм уу, эсвэл өвөрлөгчдөөс мэргэжилтэн залж авчрах юм уу шийдэх асуудал олон л байгаа. Гэхдээ үүнийг өнөөдөр онцолъё гэсэнгүй. Харин мөнгө хөрөнгөө багтааж ядсан, омог аархал нь дийлдэхээ байсан хэдэн хүмүүсийг баясгаж, бах тавыг нь хангахын тулд Монголын балчир үрс хахир өвлийн хатууд салхинд сийчүүлж, жаварт хайруулж уралдах нь хүнлэг явдал мөн эсэх талаар хөндөж байна.

АНУ-ын зохиолч Сюзанн Коллинзын адал явдалт цуврал романуудын эхнийх болох “Өлсгөлөн тулаан” номыг уншсан, киног нь үзсэн хүмүүс олон байх. Тэр кинонд эрх мэдэл, хөрөнгө мөнгө нь багтаж ядсан Капитолынхон хэсэгчлэн хуваасан 12 бүсийн хүүхдүүдээс тус бүр хоёрыг сонгон авч, амьд гарахын төлөөх тулаанд гаргадаг. Зөвхөн ганц хүн ялагч болох учраас амьдралын хатуу хөтүүг үзээгүй хүүхдүүд амьд гарахын эрхэнд нэгийгээ алж, өлсч үхэхгүйн тулд өт хорхойноос эхлээд бүгдийг иддэг. Харин үүнийг нь дэлгэцийн цаанаас зөөлөн буйдан дээрээс баячууд нь үзэж бах таваа хангаж байдаг тухай уг номд өгүүлдэг. Өөрсдийгөө баясгахын тулд тэмцээнийг галтай, мутантуудын дайралттай болгож, бас хоромхон зуур эдгээдэг ид шидийн гэмээр тосыг хаа нэг өгч үзвэрээ сонирхолтой болгоцгоож байгаа хэрэг л дээ. Манайд үүнээс ялгаагүй өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө хүүхдүүдийг адгуусны хөлд хаяж өгдөг балмад уралдаан үргэлжилсээр байна. Хэл мэдэхгүй адгуусны хөлд үр хүүхдээ өргөж байгаа өргөл гэж хэлэхэд ч хатуудахгүй ээ. 2009 онд 158 хүүхэд морин уралдааны үеэр унаж гэмтсэний 84,5 хувь нь эрэгтэй, үлдэх хувь нь охид байсан байгаа юм. 2010 онд 222, 2011 онд 254, 2012 онд бүр 326 хүүхэд гэмтэж тоо улам бүр өссөөр байжээ. Харин 2013 онд овоо буурсан ч 2014 онд хэд болж нэмэгдсэн бас хорогдсон мэдээлэл гараагүй байна. Ямартай ч 20 гаруй хүүхэд энэ балмад зугаа цэнгэлийн улмаас хорвоогоос эрт буцсан тухай гунигт тоо бидэнд бий. Бас 10 мянган морьтныг цуглуулж, Гиннесийн номд бүртгүүлнэ гэсэн тэнэгрэлийн үеэр зургаан хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас барсан байдаг. Өнгөрсөн 22-ны өдөр Сүхбаатарт болсон “Жавхлант Шарга” морин спорт, уяачдын холбооны аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны морин уралдаан гэгчийн үеэр 24 хүүхэд мориноосоо унаж, одоо хоёр хүүхэд нь тархины доргилт, цээжний битүү бэртэлтэй эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Сүхбаатарынхан хурдан морины гүйлгээ, наймаагаараа бусад аймгийнхнаас илүүтэй олз омог олдог, гар дээрээ бэлэн мөнгөтэй байдгаараа онцлогтой гээд л байдаг. Ингэж ангир бяцхан үрсийнхээ амиар наадах шахам мөнгө олдог бол ёстой яамай л гэмээр санж. Уралдааны урд өдөр нь цас орж шуураад, зам нь мөстөж хатуурчихаад байхад ямар бөх зүрхтэй хүмүүс хүүхдээ морины хондлой дээр гаргаж чаддаг байна даа.

Үнэндээ монгол уламжлалт уралдаан наадам ч гэлээ бид үр хүүхдийнхээ амийг дээсний наана, цаана гишгэхийн хэрээтэй аз түшүүлж найддаггүй баймаар байна. Шийдвэр гаргах насанд хүрээгүй, өөрт хэр эрсдэлтэйг ч мэдэхгүй жаалуудыг унаач хүүхэд, моринд эрэмгий гэж хөөргөж, баярлуулж байгаад эрлэг рүү мордуулдгаа эцэслэх болжээ. Үүнийг өөрийнхөө зугаа цэнгэлийг хазаарлаж чадахгүй байгаа баячууд, бас үр хүүхдээ мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байгаа аав, ээжүүдэд ойлгуулж, хуулиар зохицуулах бодит шаардлага байна. Хүний хүүхдийг бодолгүй морио унуулж байгаа түмэнд нэртэй, манлай уяачид амьдрал дээр өөрсдийнхөө хүүхдүүдийг дөрвөн хөлтэй адгуусандаа ч ойртуулдаггүй. Харин нөгөө талд өөрийнхөө хүүхдийг малд хайртай, моринд мундаг гээд дагуулаад хөлсний ажил хайгаад явж байгаа аав, ээжүүд бүр ч аймаар. Бие жижиг, бүр зориудаар хоолыг нь хасч туниа багатай болгодог ч байж магадгүй тэр хүмүүс жилээр нь урьдчилгаа мөнгө аваад, хүүхдээ унаач хүүхдээр өгнө гээд явцгааж байдаг. Тэдний хувьд таван сая төгрөг авчихаад, хүүхдээ жилээр нь айлд суулгачихна. Бас дуртай үедээ хурдан морио унуулах, жилийн турш морины ажлыг хүүхэд нь хийх эрхийг хариуд нь өгнө дөө. Морины ажил гэж хүүхэд байтугай үүхэд ч халширмаар ажил. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж хэлэхэд ч багадна. Харин хүүхдүүдээ зарж олсон мөнгөөрөө, хоёр идэхгүй, хоосон хонолгүйгээр бас өөрсдөө ажил хийлгүй амьдрах аргаа олсон эцэг, эх зөндөө. Тэгэхээр энэ бүхнийг хуульчлах, зүйл заалтыг тодорхой болгохоос аргагүй болоод байгаа юм. Тэдний сурч боловсрох эрх чухам хаана очоод алга болсныг, хаана хэрэгжих ёстойг нь хэлж сануулах баримт бичиг бидэнд хэрэгтэй байна. Гадны улс орнуудад үр хүүхдээ ашиг хонжоо олох хэрэгсэл болгосон, хүнд хүчир ажил хийлгэсэн, өлсгөж, зодож, хүч хэрэглэж дарамт учруулсан бол эцэг эхэд нь хариуцлага ногдуулдаг. Бүр үл хайхарсан гэдэг зүйлчлэл ч бий. Тэнд манай улсын нутагт дэвсгэрт мэндэлсэн хүн бүр манай иргэн, манай хүн гэж ханддаг. Харин энд бол тухайн гэрт мэндэлсэн бол тэр гэрийнхний өмч гэж ойлгоод байх юм. Эцэг, эх нь хүүхдээ зодож нүдэж, хэдэн цагаар нь уйлуулж байхад гэр бүлийн дотоод хэрэг гээд оролцохгүй байна. Харин гадны орнуудад тэс өөр. Хөршүүд нь мэдээлж, нийгмийн ажилтан үүнийг хянаж шалгаж үзнэ. Хүүхдүүд тоглоом хийж 911 рүү залгасан байхад ээж, ааваас нь тусгаарлаж байгаад дарамтад байдаг эсэхийг нь лавлаж, биеийг нь хөх няц болсон үгүйг биечлэн шалгаж байх жишээтэй. Харин манайд гэмт хэргийн золиос болсон нь батлагдаад байхад буцаагаад гэрийнхэнд нь өгөхөөс аргагүй. Яагаад гэвэл тэр хүүхдийг амьдруулах байр, халамжлах төсөв хөрөнгө байхгүй. Нийгмийн ажилтан гурав хоног гэртээ дагуулж очно биз тэгээд зохицуулалт байхгүй юм чинь өгөхөөс аргагүй. Хөршүүд мэдээлэл өгөөгүй гээд бусад орнуудтай адил буруутгах арга байхгүй. Яагаад гэвэл тэдэнд ийм үүргийг хуульчлаагүй юм чинь яах ч билээ. Хэрэв утсаар мэдээлэл өгчихсөн бол дараад нь хүний хэрэгт оролцсон гээд зодуулаад үлдэх ч энүүхэнд. Гадны улс орнуудад иргэн бүрийн эрх, үүргийг хуульчлаад өгчихдөг учраас тэр хуулиа биелүүлж байгаа нь тэр. Одоо бидэнд унаач хүүхдүүдийн амь насыг аз, эзийн дэнсэнд найддаг биш хуулиар захирдаг бичиг баримт хэрэгтэй байна. Ядаж 16 нас хүртэл морь унуулдаггүй байх хуулийг баталмаар байна. Хүүхдийг малд явуулж, мал болгомооргүй байна. Дотуур байранд суулгаж, ээж аавын хараа хяналтын гадна өсгөдөг явдлыг ч зогсоох ёстой. Морин уралдааны үеэр амь насаа алдсан хүүхдүүдийн бага нь дөрөв, том нь 18 настай байсан гэнэ лээ. Гар хөлийн булчин шөрмөс нь бүрэн хөгжөөгүй дөрвөн настай хүүхдийг морин дээр суулгаж, бүр уралдуулж байна гэдэг дэндүү бөх зүрх ээ. Морин уралдаан 18 настай байтугай насанд хүрсэн хүмүүст ч эрсдэлтэй учраас нас зааж үүнийг хориглохоос аргагүй. Хамгийн гол нь хууль баталдаг байгууллагад байгаа олон хүн энэ зугаа цэнгэлээр өөрсдийгөө баясгадаг улсууд байгаа учраас, бүр зарим нь энэ байгууллагынхаа толгой нь болчихоод яваа учраас балчир жаахан үрсийн маань амийг хамгаалах баримт бичиг бий болохгүй байна. Юун кирилл бичиг, юун уйгаржин. Цаана нь чинь хүүхэд уйлж, хүүхэд унаж, хүүхэд үхэж байна. Хэрэгтэй хэрэггүй хууль баталж байснаас хүүхдүүдийнхээ амийг авраач ээ.