Сэм Уолшийн аяны ганзагыг Ерөнхий сайд задлах уу

“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Монгол Улсад хоёр дахь удаагаа ирээд буцлаа. Түүний айлчлалын үр дүн юу байв гэдэгт хүн бүр чих тавьж байна. Албаныхан Оюутолгойн сая дахь тонн баяжмалын баярт оролцохоор ирсэнийг онцолж буй.

“Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Монголын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа “Монголд ирсэн маань энэ төсөлд миний зүгээс хэр их сонирхолтой байгааг илэрхийлэх нэг хэмжүүр. “Рио Тинто” группийн зүгээс Оюутолгой төсөлд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж буй хэрэг. Үргэлжилж буй хувь нийлүүлэгчийн хэлэлцээрт шууд бус ч гэсэн дэмжлэг, итгэл найдвар үзүүлэх зорилго байгаа гэж ойлгож болно” хэмээн ярьжээ. “Рио”-ийн босс Оюутолгой төслийг чадах чинээгээрээ урагшлуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн ч 20 гаруй сар үргэлжилж байгаа хувь нийлүүлэгчийн хэлэлцээрийн талаар ам нээсэнгүй. Тэрбээр “Талууд удахгүй тохиролцоно гэж найдаж байна. Нэлээд ярвигтай асуудал учраас цаг хугацаа шаардаж таарна. Бид дэлхийн аль ч улс оронд тавьдаг саналыг Монгол Улсын Засгийн газарт өгсөн” гэх бөөрөнхий хариулт өглөө. Хэдийгээр хэвлэлд тойм төдий зүйлс ярьсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан бус уулзалт хийхдээ Оюутолгойн шийдэл хүлээсэн асуудлаар нээлттэй санал солилцсон гэх мэдээлэл цахим ертөнцөөр тарлаа. Үүнтэй зэрэгцээд Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэг энэ сарын 5-ны өдөр буюу ирэх ням гаригт иргэдэд хандаж мэдээлэл хийнэ гэсэн нь таамгыг улам баталгаажуулав. 

Өмнө нь Ерөнхий сайд Монгол Улсын хөгжлийн замыг тодорхойлохын тулд хоёр асуулт бүхий санал асуулга явуулсан. Санал хураалтад оролцсон иргэдийн 56.1 хувь нь “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжсэн. Тэгвэл Засгийн газрын хамгийн том асуултын тэмдгийн учрыг тайлах “Рио”-ийн босс Монголд ирээд буцаж байхад Ерөнхий сайд “нүдэн балай, чихэн дүлий мэт” суугаагүй нь лавтай. Сэм Уолш ч Богдын өвлийн ордон музей үзэж, баярын богинохон үг хэлэх гэж хаа холоос Монголыг зорьж ирээгүй л болов уу. Шийдлийн гэх тодотголтой шинэ Засгийн газар байгуулагдсан нь Монголыг зорих шалтгааны нэг байсныг үгүйсгэх аргагүй. Учир нь Н.Алтанхуягийн Засгийн газар унахад “Рио Тинто” группийн захирал алга ташиж баярлаагүй ч “Оюутолгой” төсөл цааш хөдлөх нь гэсэн агуулгатай ярилцлагыг олон улсын хэвлэл мэдээлэлд өгч байсан удаатай. Юутай ч шинэ засаг төр барьсан, Оюутолгойг урагшлуулах ард иргэдийн санал асуулга ил болсон, эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан ийм эгзэгтэй цагт “Рио Тинто”- ийн захирал Сэм Уолш манайд ирэв. Холын хүнээс үг дуулах гэсэн сониуч монголчууд Ерөнхий сайдын ээлжит мэдэгдлийг хүлээх л үлдлээ. 
 


Ц.ОЮУНТУНГАЛАГ