Бурхан төрсөн нутагтаа үнэгүй буюу Монголоо гологсдод

Бид цээжээ дэлдэн орилж, эх орон минь, эзэн Чингис минь хэмээн ханхалзах нь бараг улиг болчихлоо л доо. Нэг үгээр анхаарах ёстой зүйлс хэрээс хэтэрхээр энэ мэт эмэгнэл үүсдэг нь жам юм.
Манай нэг компаний шугамаар Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны хэсэг малчид Монголд айлчиллаа.
Тэд нартай хамт байсан хэд хоногт би "манайхан ер нь яаж шүтэж, хүндлээд байнаа" хэмээн ихэд бодоход хүрсэн юм.
Баянзүрх хайрхан, Тэрэлжийн овоо, Аръяабалын хийд, Чингис хааны хөшөөнд хэрхэн сүсэглэн мөргөж, чин сэтгэлээсээ залбирч байгаа зургийг нь та бүхэнд сонирхуулж байна.
Бидний аялалын маршрут зүүн зүгт байсан тул "Хатан туул"-ыг манаж байдаг хэмээн Баянзүрх хайрханд мөргөсөн болно.
Гол нь мөргөж сүсэглэхдээ биш. Тэдний чин сэтгэл л хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн юм.
Өвөр Монголчуудын дунд "Ар Монголдоо хурга болж төрөөд, иргэ болж идүүлэхсэн", "Энэ насандаа очиж чадахгүй нь, ирэх насандаа ар Монголынхоо талд адуу болж төрөхсөн" гэх мэт үгс байдаг. Тэд тэмцэж ирэн Монголдоо мөргөж, залбирч байгаа нь энэ.
Магадгүй ирэх насанд минь эх болсон эрх чөлөөт Монгол улсд минь төрүүлж хайрла хэмээн залбирсан ч байж мэднэ. Ерөөл нь бат орших болтугай.
Гэтэл бид хайрхан уулс, хатан Туулаа хогоор булчихана, хаа тааралдсан газраа учрыг нь мэдэхгүй хадаг уячихана, Эзэн Чингис хаандаа сулхан нэг мэхийнэ, Их түүхийнхээ номыг сөхөж нэг ч харалгүй худлаа цээжээ балбацгаана бусуу?
Том жижигтээ гол нь биш тусгаар улсын бүрэн эрхт иргэн байхдаа ТОМ оршдог гэдгийг л тэдэнтэй хамт байхдаа ойлгов.
Монгол улсынхаа хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулахын төлөө өдөр бүр хичээн ажиллаж оногдсон энэ их эрх чөлөөт хувь заяандаа баярлан бахдаж явая.
Бурхан төрсөн нутагтаа үнэгүй... гэдэгчлэн хамгийн бага хүндэтгэж, хамгийн их хэлбэрдэж байгаа нь эх Монголдоо байгаа бид бололтой.