“Хан Ресурс”-т төлөх зээл өдөр бүр 6,485 ам.доллараар нэмэгдэж байна
2015/04/26
“Хан Ресурс” компанийн захирал Жим Доак амиа алдсан тухай мэдээлэл бол өнгөрсөн долоо хоногийн хамгийн онцлох хэрэг явдлаар нэрлэгдэж байна. Талийгаачийг нас барсан байдалтайгаар энэ сарын 23-ны өглөө “Blue skу” зочид буудлын өрөөнөөс олсон.
Тодруулбал, Тэрбээр 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 08.40 цагийн үед гаднаа ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлтээр гадны ямар нэг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Улмаар шүүх эмнэлгийн нарийн задлан шилжилгээнд дахин оруулаад байгаа. Нарийн шинжилгээний дүн 14 хоногийн дараа гарна.
Хэрэг явдал гарсан даруйд учир мэдэх хүмүүс Жим Доакын үхэлд Канадын тал манай улсыг буруутгах магадлалтай. Энэ нь цаашлаад хоёр орны харилцаа болон манай улсын олон улсын тавцан дахь нэр төрд сөрөг нөлөө үзүүлж болохуйц хэмээн тайлбайрлаж байсан юм. Үнэхээр ч тэгж болзошгүй аюултай нөхцөл байдал үүсч гадны хэвлэлүүдээр Жим Доакийг гадны нөлөөтэй нас барсан байх магадлалтай гэх мэдээллүүд анх цацагдаж байсан.
Гэвч энэ мэдээллийг намжаах мэдээллийг амралтын өдрүүдэд талийгаачийн ар гэрийнхэн өгчээ. Тэд гадны хэвлэлүүдэд ярилцлага өгч өвчний улмаас нас барсан гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Өвчтэй байсан нь үнэн гэх зүйлийг ярьжээ.
Талийгаач “Blue skу” зочид буудлын 16 давхрын ... тоотод байрлаж байсан. Улмаар нас барсаных нь дараа уг тоотыг битүүмжилж шалгалтын ажиллагааг явуулсан. Тэгвэл өнөөдрөөс битүүмжлэлийг болиулж байгаа аж. Учир нь буудлын өрөөний бичлэгүүд хийгээд холбогдох баримтуудыг шалгаад байгаа гэнэ. Тиймээс өрөөг битүүмжилж, хамгаалалт гаргасан байдлыг зогсоож байгааг эх сурвалж мэдээллээ.
Талийгаач Монгол Улсад 2015 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр ирсэн. Ямар хэргээр ирсэн нь эсэхийг хуулийн байгууллага шалгаж байна.
Юутай ч буудлын камерийн бичлэгт хэн нэгэн гадны хүнтэй уулзсан, өрөөнд нь гадны хүн орсон зүйл байхгүй байгааг албаныхан онцолсон. Буудалд үзлэг шинжилгээ хийхдээ талийгаачийн өмгөөлөгч хийгээд холбогдох албаныхныг байлцуулсан аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 21, 22-нд Хан Ресурс компанийн захирал Жим Доак тэргүүтэй тус компанийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж анхны нөхөн төлбөрийн дүнгээ дахин нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр нас барахынхаа өмнө манай улсын гүйцэтгэх засаглалын гишүүдтэй уулзсан гэх мэдээлэл байгаа юм. Ингэхдээ компанийнхаа нөхөн төлбөрөө гаргуулан авч хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн үнэ цэнээ өсгөх чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэнийг эх сурвалж сийрүүлжээ.
Канадын Хан Ресурс компанийн хувьд 2009 оноос хойш Дорнод аймагт ураны олборлолт явуулахаар ажиллаж байсан юм. Харин 2011 оны эхээр Монголын Засгийн газар Хан Ресурс компанийн ураны ордын лицензийг цуцалсны дараа тус компани олон улсын Арбитрийн шүүхэд хандаж Монголын Засгийн газраас 326 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг. Харин Арбитрын шүүх энэ оны эхээр шийдвэрээ гаргаж, Монголын Засгийн газар Хан Ресурс компанид 100 орчим сая ам.доллар төлөх ёстой гэж үзээд байгаа юм.
Ийнхүү дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар нийт нөхөн төлбөрийн дүн 104 сая ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, хүү нь 2.546 хувь буюу өдөр бүр 6,485 ам.долларын зээл нэмэгдэж байгаа аж.